Парламентын 49 ба 51
2018/03/14
Намрын чуулган завсарласан эдгээр өдрүүдэд “Эрдэнэт”-ийн асуудал улс төрийн хүрээнд анхаарлын төвд байна. Монголын эдийн засгийн томоохон хөшүүргэ болсон энэ үйлдвэрийн хувь заяа хэрхэхээс олон зүйл шалтгаална. Тэгвэл УИХ-ын 76 гишүүн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 ба 51 хувийн асуудалд ямар байр суурь илэрхийлж байгааг хүргэж байна.
49 ба 51 хувийн талаар
С.Эрдэнэ: 49, 51 ХУВИЙГ ХАМТАД НЬ ШАЛГАЯ
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувийг хамтад нь шалгах ажлын хэсэг байгуулъя гэж УИХ-ын чуулган дээр удаа дараа горимын санал гаргаж байсан. Миний үгийг сонссон бол өнөөдөр их хэмжээний хүү, алданги төлөхгүй, асуудлыг шийдэж болохоор байлаа. Тухайн үед чимээгүй, дуу гарахгүй суусан хүмүүс өнөөдөр их чанга дуугаар энэ асуудлыг ярьж байгааг бага зэрэг гайхаж байна. Тэр хүмүүс ч өөрсдөө сайн дураараа шалгуулах хэрэгтэй.
Х.Нямбаатар: 49, 51 ХУВИЙГ БҮХЭЛД НЬ БАРЬЦААЛСАН
-Уг нь 51, 49 хувь гэлтгүй бүхэлд нь барьцаалсан юм шүү дээ. 49 хувийн асуудлыг ярихад л тэдний талынхан “51 хувь чинь барьцаанд байгаа” гээд байсан. Тэр нь яван явсаар сүүлдээ албан ёсоор 51 хувийг барьцаалсан мэт болоод явчихлаа. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалан зээлсэн мөнгө шууд “Жаст” компанийн данс руу орсон уу. Арбитрийн шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрт унасан. Яаралтай арга хэмжээ авахгүй бол “Эрдэнэт” үйлдвэр маш том эрсдэлд ороод байна.
Л.Оюун-Эрдэнэ: 49, 51 ХУВИЙН АСУУДАЛД БҮЛЭГЛЭЛИЙН ЭРХ АШИГ БИЙ
-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал ил цагаандаа гарсан луйвар гэдэг нь тогтоогдлоо. 2013 оноос эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Харин 2015 оноос АТГ-т уг хэрэг шилжсэн. Авлигын хэрэг дээр АН, МАН гэсэн ялгаа байх ёсгүй. Үндсэндээ өнгөрсөн 25 жилийн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь дээр хүртэл нам дамжсан бүлэглэлүүдийн эрх ашиг яригдаж эхэллээ. Шаардлагатай гэж үзвэл “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудлаар нээлттэй сонсгол хийх асуудлаар Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргад санал тавина.
Л.Энхболд: 49 ХУВЬД АЛДАА ГАРГАСАН. 51 ХУВИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын нэг залуу худалдаж авсантай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэгт би орж ажилласан. Олон хууль тогтоомж зөрчсөн учраас Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авахаар болсон.Үүнийг хэрэгжүүлэхдээ Засгийн газар алдаа гаргасан. Эрдэнэтийн 51 хувь дээр хэн буруутай байх нь чухал биш. МАН, АН, гуравдагч этгээд буруутай байх нь ч хамаагүй. Монголын төрийн өмчийг хохироож байгаа бол хариуцлага тооцох шаардлагатай.
Ж.Энхбаяр: 49 ХУВИЙГ ТӨР АВАХ БУРУУ. 51 ХУВИЙГ ИЛ ТОД БОЛГО
-49 хувийг төр авлаа гээд сайн үр дагавар гарахгүй. “Эрдэнэт”-ийн асуудалд нэр бүхий улстөрчид энэ бол аж ахуй нэгжийн асуудал, Монголын төр оролцоогүй гэдэг зүйлийг ярьж байна. Үүний эсрэг байна. “Эрдэнэт” үйлдвэр бол Монголын ард түмний өмч, улс орныг нуруундаа үүрч явсан стратегийн томоохон орд. Үүнтэй холбоотой зээлийн асуудлыг Монголын ард түмэн мэдэх эрхтэй. Хэрэв ямар нэг албан тушаалтан оролцсон, холбогдсон, шийдвэр гаргасан хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой.
Ж.Батзандан: 49, 51 ХУВИЙГ ШАЛГАХ ЁСТОЙ
-”Хан ресурс”-ын асуудлаас болж Монгол Улс 70 сая ам.доллар төлөх өрөнд унасан. Сугар, “Жаст”-ын Батхүү нар С.Баярын ойрын хүмүүс. Эрүүгийн хуульд хүртэл доод албан тушаалтныхаа үүргийг мэдэхгүй бол хэрхэх талаар зохицуулалт нь байгаа шүү дээ. “Эрдэнэт”-ийн 49,51 хувьтай холбоотой асуудалд Эрүүгийн хэрэг үүсгүүлж шалгах ёстой. “Стандарт” банктай байгуулсан гэрээ С.Баярын үед л хийгдсэн. Гэтэл би мэдэхгүй, би оролцоогүй гэж хэлээд байгаа юм.
Ж.Мөнхбат: 49, 51 ХУВЬ ТӨРИЙН ӨМЧ
-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь монгол төрийн өмч. Ж.Эрдэнэбатын Засгийн газар хоёр удаа 49 хувийг нь төрд авах шийдвэр гаргаж байсан. Энэ дагуу тус үйлдвэрийн 49 хувийг төрд авах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь би. Тухайн үед би Засгийн газрын хэрэг эрхлэхийн сайд байсан. Хоёр Засгийн газар дараалаад “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын төрд, ард түмэндээ авч хувьцаа, хувь эзэмшүүлэх асуудал гурав дахь удаагаа яригдаж байна гэж ойлгож болно.
Ч.Хүрэлбаатар: 49 ХУВИЙГ ТӨРИЙН МЭДЭЛД АВСАН. 51 ХУВЬД МЭДЭЭЛЭЛ АЛГА
-“Монголын зэс” компанийн эзэмшиж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн эзэмшиж байсан 49 хувийг Монголын төрд авах шийдвэр гаргасан. Үүнийг УИХ-ын 23-р тогтоолын дагуу харилцан суутгал хийж, шийдвэрлэх саналын Засгийн газар дэмжсэн. 51 хувьтай холбоотой нарийн мэдээлэл алга.
З.Нарантуяа: 49 ХУВИЙГ ТӨР АВАХ БУРУУ. 51 ХУВИЙГ ШАЛГАХ ЁСТОЙ
-УИХ-ын тогтоолыг батлахын эсрэг байсан. 49 хувийг худалдан авсан ажиллагаа хууль бус байсан гэдгийг нь үгүйсгэсэн хэрэг биш. Хууль бус гэж үзсэн ажлын хэсгийн дүгнэлт өөрөө хангалттай нотолгоо муутай байсныг, мөн Тогтоолын заалтууд өөрөө гарсныхаа дараа хэрэгжүүлэх боломжгүй, эрх зүйн үр дагавар, ач холбогдол муутай байсан учраас. 49 хувийг хууль бусаар тодорхой этгээдүүд эзэмшсэн байна гэж үзэж шалгасан, харин одоо 51 хувийн хувьцаа маань байна уу үгүй юу гэдгийг зайлшгүй үзэх шаардлага бий болчихоод байгаа.
Я.Содбаатар: 49 ХУВИЙГ ТӨР АВАХ НЬ ЗӨВ. 51 ХУВИЙГ БАРЬЦААЛСАН АСУУДАЛ БАЙХГҮЙ
-Засгийн газар бол 49 хувийг УИХ-аас гаргасан тогтоолын хүрээнд зөв шийдсэн гэж харж байна. 49 хувь бол зөвхөн “Эрдэнэт”-ийнх биш. Үүний цаана “Монголросцевмет”-ийн, Асгатын мөнгөний орд, Монгол Улсын стратегийн ордын түвшинд яригддаг 17 лиценз яваа шүү дээ. Стандарт” банкинд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаанд тавьсан асуудал байхгүй. Тэр бол “Стандарт” банк, “Жаст групп”-ийн хоорондын асуудал. “Жаст групп” “Эрдэнэт” үйлдвэрийн нэрийг ашигласан уу, үгүй юу. “Эрдэнэт” тодорхой хөрөнгө дээр баталгаа гаргасан уу гэдэг бол шүүхийн асуудал. “Эрдэнэт” баталгаа гаргаж өгсөн бол үүргээ хүлээж өгөх ёстой.
Б.Пүрэвдорж: 49, 51 ХУВЬ ХАМТ ЯРИГДАХ ЁСТОЙ
-““Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ярихаар төрийн өмчийн 51 хувийн асуудалд давхар яригддаг. Жастын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Стандарт” банкны барьцаанд тавьж, зээлийн төлөлтийг царцаасан. Одоо Засгийн газар 75-100 сая ам.доллар төлөх нөхцөлд байна. Ер нь Монголын төрд 51 хувь байгаа юу. Төрийн ийм байдлаар Засгийн газарт асуудал үүсгэж байна.
О.Баасанхүү: “ЭРДЭНЭТ”-ИЙН 51 ХУВЬ ТӨРД БАЙХГҮЙ
-Эрдэнэтийн 51 хувь төрд байхгүй гэж ойлгож болно. “Хадгаламж” банк “Монгол шуудан” банкыг авахад дүрмийн сангийн хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлага гарсан. Ингээд Олон улсын арбитрын шүүхэд асуудал очсон. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой баримт, фактууд Ц.Нямдорж гуайгаас илүү надад хангалттай их байна. Би 2013 оноос хойш судлаад явж байна. Одоо үүнд цэг тавих цаг нь ирсэн. Б.Болор, Ч.Сайханбилэг нарын нөхдөд хариуцлага тооцох ёстой.
Д.Дамба-Очир: 51 ХУВИЙГ “СТАНДАРТ” БАНКНЫ БАРЬЦААНД ТАВИАГҮЙ
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Засгийн газар худалдаж авсан нь зөв. 51 хувийн асуудлаар тухайн үеийн удирдлагууд нь УИХ-аар оруулсан бол өнөөдөр хувийн хэвшлийнхнийгээ ийм байдалд оруулахгүй байсан болов уу. 51 хувийг “Стандарт “банкинд тавьсан зүйл байхгүй. Жастын Батхүү гэдэг хүн зээл авсан. Тэр хүн төлдгөөрөө төлөх юм байна лээ. Тодорхой хэсгийг нь төлсөн юм байна лээ. Тиймээс одоо 49 хувийн асуудлыг нэг мөр шийдэхийн тулд тогтоолыг төслийг дэмжиж байна.
Д.Оюунхорол: “ЭРДЭНЭТ”-ИЙН 51 ХУВЬ ТӨРИЙН ӨМЧИЙН МЭДЭЛД БАЙХ ЁСТОЙ
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гаргасан хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгосон. “Эрдэнэт”-ийн 51 хувийг хоёр хуваагаад, 49 хувийг эзэмшдэг тал нь 51 хувийг эзэмшдэг талынхаа тодорхой хувийг эзэмшээд аливаа асуудлыг шийдвэрлэдэг эрхтэй болчихсон байсан. Үүнийг таслан зогсоосон. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь төрийн өмчийн мэдэлд байх ёстой. Энэ бол ард түмний өмч.
Д.Сумъяабазар: 51 ХУВИЙГ БАРЬЦААЛСАН ЗЭЭЛД ЗАСГИЙН ГАЗАР ТӨЛӨӨЛЖ ОРОЛЦОХ НЬ ОЙЛГОМЖТОЙ
-51 хувийг барьцаалсан энэ зээлийг яаралтай шийдэх ёстой. Тэгж байж “Эрдэнэт” үйлдвэрийн хэвийн ажиллагаа, цаашлаад Монгол Улсын болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэр хүндийн асуудал яригдана. Энэ дээр мэдээж итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцаж байгаа улсууд ажиллаж байгаа. Ер нь 51 сая долларын зээлийн асуудал байгаа. Энэ нь хүү, торгуультайгаа нийлээд 102 сая доллар болоод байна. Бараг сардаа 870-900 мянган долларын хүү, торгуулийн асуудал яваад байгаа юм билээ. Гэхдээ энд юу юугүй 100 сая ам.доллар төлөх нь хаашаа юм. Асуудлаа ярилцах, буцаад 51 сая ам.доллараасаа дээш, доош ярилцах асуудал байгаа гэж бодож байна. “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргаад өгчихсөн юм чинь хариуцагч нь Төрийн өмчит улсын үйлдвэрийн газар. Тэгэхээр Засгийн газар төлөөлж оролцох нь ойлгомжтой. 49 хувийн асуудалд төрд авахаар татварын орлого нь нэмэгдээд байдаг энэ зөрүүг бид харах ёстой. Эцсийн эцэст орлого санхүүтэй холбоотой асуудал л яригдана шүү дээ.
Д.Хаянхярваа: “ЭРДЭНЭТ”-ИЙН 51 ХУВИЙГ БАРЬЦААЛСАН АСУУДАЛД ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ
-“Эрдэнэт” болоод томоохон төрийн өмчит улсын үйлдвэрийн газруудыг нээлттэй компани болгох тухай асуудал яригдаж байгаа. Нээлттэй компани гэдэг бол шударга, ил тод, тодорхой хэсэг нь IPO гаргаж хөрөнгийн биржээр худалдаа хийнэ гэсэн үг. Гэхдээ залилан хийсэн хүмүүс нь тодорхой учир Засгийн газарт бус тэр хүмүүст шийдвэр нь очих болов уу. 49 хувийн тухайд Засгийн газар “Эрдэнэт”-ийг төрийн мэдэлд авах нь зүйтэй. Хэрэв энэ асуудлыг хууль зөрчсөн гэж үзвэл дараагийн шатанд хууль хяналтын байгууллагад хандаад явах эрх нь нээлттэй байгаа.
Д.Тэрбишдагва: “ЭРДЭНЭТ”-ИЙН 51 ХУВИЙН ӨРИЙГ ТАТВАР ТӨЛӨГЧИД ҮҮРНЭ
– Эрдэнэтийн 49 хувийн асуудал зөв, буруу нь эцэслэн шийдэгдээгүй байхад энэ асуудал сөхөгдлөө. Эрдэнэтийн 51 хувийн асуудал, Стандарт банкинд төлөх ёстой өрийг Монгол Улсын Засгийн газарт хохиролгүйгээр Арбитрын шүүхэд ялалт байгуулах хэрэгтэй байна. Хэрэв Олон улсын Арбитрын шүүхэд ялагдвал “Тэмээн дээр ямааны гарлага” гэдэг шиг юм болох гээд байна. Санжийн Баяр “Хан ресурсыг бид хурааж авна” гэж хэлчихээд 100 саяын алдагдал хүлээж байсан гашуун сургамж бий. Тэр өрөнд орчих юм бол Засгийн газрын нөхөд тэр өрийг төлөхгүй ард түмэн л төлнө. Татвар төлөгчид үүрнэ.
Т.Аюурсайхан: “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН НОГДОЛ АШГААС ХЭДЭН ТӨГРӨГ ЗЭЭЛД ТӨЛӨГДӨЖ БАЙГААГ МЭДЭХ ЁСТОЙ БАЙНА
-Өнөөдөр УИХ-ын гишүүд хүртэл тодорхой мэдээлэл, ойлголтгүй явж байна. Энэ зээл Эрдэнэтийн 51 хувийг барьцаалсан зээл яг бодит байдал дээр хэр хэмжээтэй, хэн баталгаа олгосон, ямар дансаар орж гарсан, ямар зориулалтаар ашиглагдсан, Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн эсэх, олон улсын шүүх дээр ямар шийдвэрүүд гарсан, яаж хэрэгжиж байгаа, Эрдэнэт үйлдвэрийн ногдол ашгаас хэдэн төгрөг зээлд төлөгдөж байгааг мэдэх ёстой.
Зөвхөн 49 хувийн талаар
Г.Занданшатар: 51 ХУВИЙН ТАЛААР ЯРИХГҮЙ
-““Эрдэнэт”-ийн асуудлыг ард түмэн анхааралтай ажиглаж, яаж шийдэхийг хүлээж байгаа. Энэ УИХ-аар хэлэлцүүлээгүй хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцож ярих хэрэгтэй. Энэ бол өмнөх Засгийн газрын үед шийдсэн асуудал. Үүнд МАН-ын нэг ч гишүүн оролцоогүй. Харин Эрдэнэтийн 51 хувийн талаар ярихгүй.
О.Содбилэг: “ЭРДЭНЭТ”-ИЙГ ХУВИЙН ХЭВШИЛ АВАХ НЬ ЗӨВ. 51 ХУВИЙН АСУУДАЛ ХУДАЛ БАЙХ
-Хувийн хэвшил “Эрдэнэт”-ийг авах нь буруу биш. Хууль зөрчигчид нь тухайн үеийн эрх баригчид юм. Тухайлбал төрийн гурван өндөрлөг. Яагаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаагүй юм бэ. Эрдэнэт бол жижигхэн аж ахуйн нэгж биш. 51 хувийг алдах асуудал бол худал байх.
Д.Эрдэнэбат: 49 ХУВИЙГ ТӨР БУЛААСАН. 51 ХУВЬД ХАРИУЦАГЧ НЬ БАЙГАА
-“Эрдэнэт”-ийн 49 хувийг төр авсан нь улс төрөөр ял тогтоож, бусдын өмчийг төр дээрэмдэж байна. Үнэхээр харамсаж байна. Үүн дээр хүний өмчид хандах үзэл бодлын зөрүү харагдаж байна. Төр 51 хувиа алдаж, улсын гол хөдөлгөгч хүч болсон үйлдвэрээ битүүмжлүүлж байна. Стандарт банкнаас авсан 100 сая ам.долларыг ард түмний халааснаас төлөхгүй. Эзэн хариуцагч нь байгаа.
Ө.Энхтүвшин: ЗАСГИЙН ГАЗАР ДАНГААРАА ШИЙДЭЖ БОЛОХГҮЙ
-“Эрдэнэт” шиг ийм том асуудлыг Засгийн газар УИХ-тай зөвшилцөж байж шийдэх ёстой. 49 хувийг өгчихсөн Засгийн газар энэ асуудлыг УИХ-аар оруулахгүйгээр шийдэж болно гэсэн хуулийн заалт байна уу. Худалдаа хөгжлийн банк хэд хэдэн үйлдлээр, өөр өөр нэртэй компаниудад зээл өгсөн байгаа. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү.
Б.Дэлгэрсайхан: 49 ХУВИЙГ ТӨР АВАХ БУРУУ
-Анхнаасаа би 49 хувийг төрд авахын эсрэг байсан. Шүүхийн шийдвэрийг зөв гарсан гэж харж байна. Хувийн өмчийг төр булаах замаар авсан нь буруу. Бид цаашдаа ямар замаар явах уу гэдэг нь асуудал. Хувийн өмчөө төр дээрэмдээд явах уу. Шүүхийн шийдвэр гарсан хойно бүртгэл хийгдэх ёстой.
Н.Номтойбаяр: 49 ХУВИЙГ ТӨР ЭЗЭМШИНЭ ГЭДГИЙГ ДЭМЖИХГҮЙ
-Төр бизнесийн салбарт хэдий чинээ хутгалдана тэр хэмжээгээр завхрал авлига, шударга бус байдал газар авна. Хувийн хэвшилд биш дандаа төрийн өмчит компаниудад хууль бус үйлдэл гэмт хэрэг их байна. 49 хувийг төр эзэмшинэ гэдгийг дэмжихгүй. 49 хувийг авсан хуулийн процедурт алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Засч залруулаад явах хэрэгтэй. Эдийн засгийн хямралтай үед Эрдэнэт үйлдвэрээ ажиллуулах хэрэгтэй.
Б.Наранхүү: 49 ХУВИЙГ УЛСТӨРЖҮҮЛЖ БАЙГААД АВЧ БАЙНА
-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 400 сая гэж хэн үнэлээд байгаа юм. Эдийн засгийн ямар нэг тооцоо байна уу. Магадгүй 300 сая төгрөгийн ашигтай ажиллачихаад Худалдаа хөгжлийн банк тэмдэглээд сууж байгаа юм уу. Улстөржүүлж байгаад авчих юм уу.
Л.Энх-Амгалан: “ЭРДЭНЭТ” 100 ХУВЬ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ БОЛСОН
-“Эрдэнэт” үйлдвэр 100 хувь төрийн өмчит компани болсон. Үүнийг би дэмжиж ажилласан. Иргэдэд томоохон компаниудын хувьцааг эзэмшүүлэх нь зүйтэй. “Эрдэнэт”-ийн хувьцааг эзэмшүүлж, ашгийг тэгш хуваарилах ажил цаашид үргэлжилнэ.
Б.Бат-Эрдэнэ:49 ХУВИЙГ ТӨРИЙН МЭДЭЛД АВСАН НЬ ЗҮГЭЭР Л ҮЛГЭР
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан эздийн барьцаа улам чангарч, замхрах байдал үүслээ. Олон нийтэд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын талд авчирлаа. Энэ бол маш зөв зүйтэй, сайн явдал гэж яриад байсан. Монголынхоо баялгийг үндэстэн дамнасан корпорациудад өгдөг болсон байна. 49 хувийг төрийн мэдэлд авсан гэдэг нь зүгээр л үлгэр болоод байна.
Б.Баттөмөр:100 ХУВИЙГ ТӨРИЙН МЭДЭЛД АВАХ НЬ ЗҮЙТЭЙ
-“Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувийг төрийн мэдэлд авах нь зүйтэй. “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаанаас иргэн бүрт хувь эзэмшүүлнэ. Үүнийг миний зүгээс 100 хувь дэмжиж байна. Энэ Засгийн газрын үйл ажиллагааг тодотгосон сайн шийдвэр боллоо гэж харж байна.
Ш.Раднаасэд: 49 ХУВИЙГ ТӨРД АВСАН. 51 ХУВИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ АЛГА
-Шалгалтын ажлын хэсгийн удирдамж, мэдээллийн дагуу “Монголын зэс” компанийн эзэмшиж буй 49 хувийг суутган тооцох хэлбэрээр төрд авах шийдвэр гаргасан. “Эрдэнэт” ч биш бусад төрийн өмчит компаниудын мэдээллийг ил болгох нь Төрийн өмчийн хорооны бодлого байх ёстой гэж үзэж байгаа. 51 хувийн асуудал Арбитрийн шүүх дээр яригдаж байгаа юм билээ. “49” хувьтай хийсэн уулзалтаар 100 сая орчим ам.долларын шийдвэр хийгдсэн гэж байсан. Үүнээс илүү мэдээлэл надад алга байна.
С.Чинзориг: 49 ХУВЬ ХУВИЙН ХЭВШИЛД ОЧИХОД БУРУУДАХГҮЙ
-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь Монголын талд тэр дундаа хувийн хэвшилд очих хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Хууль зөрчсөн хүмүүсийг холбогдох байгууллагад нь шилжүүлэх хэрэгтэй. 49 хувийг авсан хүмүүстэй Засгийн газар хэлэлцээ хийх ёстой. 49 хувийг сонирхсон үндэсний компаниудад эзэмшүүлэх талаас нь ярихад буруудахгүй. Албан тушаалтнуудын буруу шийдвэрээс болж Арбитрын шүүх дээр ч юм уу, төр ачаа үүрэх ёсгүй.
Н.Амарзаяа: ТӨРИЙН МЭДЭЛД АВСАН НЬ ЗӨВ
-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авсанд санал нэг байна. “Төрийн мэдэлд “Эрдэнэт”-ийн 49 хувийг эргүүлж өгнө” хэмээн сонгогчдодоо амласан. Нэг талаараа биеллээ оллоо гэж харж байна.
М.Энхболд: 49 ХУВИЙГ ТӨРД АВАХ ЁСТОЙ ГЭСЭН БАЙР СУУРЬТАЙ БАЙГАА
-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах үйл ажиллагааны явцад Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн байна. Тиймээс 49 хувийг төрд авах ёстой гэсэн байр суурьтай байгаа. 49 хувийг худалдан авсан талтай хэлэлцэж, төрд авах хувилбар байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бусдын өмчийг “нийгэмчлэх” маягаар асуудалд хандаж огт болохгүй.
Ж.Бат-Эрдэнэ: ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА
-Эрдэнэтийн асуудалд тухайн үеийн Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн. Үндсэн хуулийнхаа дагуу УИХ-аас шийдвэр гаргуулах ёстой байсан. Засгийн газрын 333 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг дэмжиж байна. 49 хувийн асуудлыг төр шийдэх ёстой.
Б.Чойжилсүрэн: 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ТӨР ШИЙДНЭ
-Засгийн газрын 2016 оны хуралдаанаар төрийн 51 хувийн өмчлөлийг алдагдуулсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн эх үүсвэрийг шалгуулахаар болсон. Ер нь Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой бүх асуудал Засгийн газар, УИХ-ын шийдвэрийн дагуу явагдаж байгаа.
С.Бямбацогт: ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАХ ЁСТОЙ
– Эрдэнэтийн 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзсан шийдвэр гаргуулсан эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаа нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн. Мөн Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн эсэх байдлыг хуулийн байгууллага шалгах ёстой.
Л.Мөнхбаатар: 49 ХУВИЙН АЖЛЫН ХЭСЭГТ ОРЖ АЖИЛЛАСАН
-ОХУ-ын Засгийн газар болон “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг “Монголиан Коппер Корпорейшн” ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгах Ажлыг хэсэгт орж ажилласан. Зөрчил дутагдал их байсан. 49 хувийг төрийн мэдэлд шилжүүлэх санал гаргасан.
Ц.Даваасүрэн: СТРАТЕГИЙН ОРДЫГ ТӨРИЙН ЭЗЭМШИЛД БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ
-Эрдэнэт үйлдвэр бол үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой. Үндсэн хуулийн дагуу төрийн өмчийг төлөөлж УИХ хариуцахаар заасан. Энэ байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн өмчтэй холбоотой бүх асуудлыг шийдвэрлэх эрхтэй. Хувийн өмч хэнд ч шилжиж болно. Стратегийн ордыг төрийн эзэмшилд байлгаж, хөрш орнуудаасаа эдийн засгийн хараат бус байдлаа хангах ёстой
Н.Учрал: 49 ХУВИЙГ ДОТООДДОО ШИЙДЭХ ЁСТОЙ
-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан асуудлыг Монгол Улс дотооддоо шийдэх ёстой. Энэ бол олон улсын шүүхээр хэлэлцэх маргаан биш. Төв банк нь арилжааны банк шиг ажилласан бол мөн шалга. Энэ маш сайн тогтоол болсон. Тогтоолын хэрэгжилтийг хянах асуудлыг хууль хяналтын байгууллага хийх хэрэгтэй.
А.Сүхбат: 49 ХУВИЙГ АВСАН НЬ ЗУУНЫ ЛУЙВАР ЮМ
-Энэ бол зууны луйвар юм. Өөр улсад бол ялын дээд хэмжээ авах байсан. Монгол Улс өнөөдөр Азийн бар биш азийн гуйлгачин болчихоод байна. Энэ бол хуулиа дээдлээгүйгээс болсон. УИХ-ын гишүүн байна гэдэг миний хувьд том хүндлэл, сайхан ажил.
С.Жавхлан: ЯМАР ЭХ ҮҮСВЭРЭЭР ХУВЬЧИЛЖ АВСНАА ЯРИХ ХЭРЭГТЭЙ
-Түмэн олонд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой учир нь үл мэдэгдэх төөрөгдөл их үүслээ. Үүнд хариулт өгөх үүднээс нээлттэй хэлэлцүүлэг хийх хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалтай холбоотой хамгийн их нэр нь холбогдоод байгаа Экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид урилга хүргүүлнэ. Энэ байшинд хэн нь үнэн яриад байгаа нь мэдэгдэхгүй байна.
Ц.Нямдорж: ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ УЛСЫН МЭДЭЛД ҮЛДЭЭСЭН НЬ ЗӨВ
-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн талаарх асуудал учир битүүлэг хэвээр байна. Хамгийн гол нь 49 хувийг худалдаж авсан эх үүсвэр, худалдаалсны дараа Монголд явагдсан хуйвалдаан дээд зэргээр анхаарал татаж байгаа. Эрдэнэтийн 49 хувийг авах луйврыг Ц.Элбэгдорж зохион байгуулсан. Надад Засгийн газарт ч байхгүй баримтууд бий шүү.
Л.Болд: “ЭРДЭНЭТ” ХУВЬД ОЧИХ ЯМАР Ч БОЛОМЖ БАЙХГҮЙ
-“Эрдэнэт”-ийн асуудлаар сонгуулийн шоу хийж, МАН парламентад 65 суудал авсан. “Эрдэнэт” үйлдвэрийг Ардчилсан нам идчихлээ гэж МАН зарласан учраас ард түмэн бухимдсан нь ч үнэн. Монгол Улсад хууль бус өмчлөл өчнөөн л явагддаг байсан. Гэхдээ “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал бол өөр. Стратегийн орд ард түмний мэдэлд байх ёстой. Яг энэ утгаараа “Эрдэнэт” хувьд очих ямар ч боломж байхгүй.
Д.Цогтбаатар: ЗАСГИЙН ГАЗАР ‘ЭРДЭНЭТ’-ИЙН 49 ХУВИЙН АСУУДЛААР АРБИТРТ ХАНДАХ СОНГОЛТ БАЙСАН. ГЭХДЭЭ…
-“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудалд давуу эрхээ эдлэх эрх нь Монголын төрд олгогдсон эрх. Оросын талд огт хамаагүй. Тиймээс өөрсдөдөө олгосон эрхээ эдэлж Монголын төр дотооддоо асуудлаа шийдэх ёстой. Бидэнд олон улсын арбитр хандаж асуудлыг шийдэх сонголт байгаа. Гэхдээ тэр сонголтоо сонгоогүй, дотооддоо шийдэх арга замыг эрэлхийлсэн.
Д.Ганболд: “МОНГОЛИАН КОППЕР КОРПОРЕЙШН” КОМПАНИД ЗӨРЧИЛ ДУТАГДАЛ ИХ БАЙСАН
-ОХУ-ын Засгийн газар болон “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг “Монголиан Коппер Корпорейшн” ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгах Ажлыг хэсэгт орж ажилласан. Зөрчил дутагдал их байсан. 49 хувийг төрийн мэдэлд шилжүүлэх санал гаргасан.
А.Ундраа: 49 ХУВИЙГ ЦААШИД ЯМАР МЕНЕЖМЕНТЭЭР АВЧ ЯВАХАА ЗӨВ ТОДОРХОЙЛОХ ХЭРЭГТЭЙ
-Хувийн өмчийг нийгэмчиллээ гэх нь маш буруу тайлбар гэж бодож байна. Хувийн өмч, луйвар хоёрыг ялгаж салгах ёстой. Харин одоо 49 хувийг цаашид ямар менежментээр авч явах, яаж олон нийтэд хүртээмжтэй, хариуцлагатай авч явах вэ гэдгээ зөв тодорхойлох хэрэгтэй байна.
Алиных нь ч талаар ам нээгээгүй гишүүд
Эрдэнэтийн 49, 51 хувийн асуудалд УИХ-ын гишүүдийн зарим нь нэлээд болгоомжтой хандаж байна. Энэ асуудалд байр сууриа илэрхийлэхээс татгалзаж байгаа гэсэн үг. Тэд алтан дунджийг баримталж, “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяа хаашаа эргэх нь хамаагүй мэтээр хандаж бүлх залгисан мэт дуугүй байна. Энэ гишүүдийн тоонд Д.Мурат, Г.Солтан, Х.Баделхан гээд Баян-Өлгий аймгийн төлөөлөл болох гишүүдийг нэрлэж болно. Мөн түүний араас Д.Гантулга, Г.Тэмүүлэн, Н.Цэрэнбат зэрэг залуу улстөрчид багтжээ. Н.Оюундарь, Б.Саранчимэг, Ц.Цогцолмаа, Ц.Гарамжав, А.Ундраа, М.Оюунчимэг, М.Билэгт гэсэн эмэгтэй гишүүд ч “Эрдэнэт”-ийн асуудалд нэг их дуугардаггүй. Харин туршлагатай гишүүд болох Х.Болорчулуун, Я.Санжмятав, Ч.Улаан, Н.Энхболд, , Д.Лүндээжанцан, Сү.Батболд нар “Эрдэнэт”-ийн асуудалд нэг их оролцдоггүй холуур өнгөрдөг нь ажиглагдлаа. Б.Жавхлан, Б.Батзориг, Ё.Баатарбилэг, Л.Элдэв-Очир, Д.Тогтохсүрэн, Ж.Ганбаатар, О.Батнасан нарын шинээр сонгогдсон гишүүд асуудлыг сайн мэдэхгүй учраас дуугардаггүй байж болох юм.
Т.БАТСАЙХАН, С.УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин