Д.Оюунхорол НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн ажлаа өөрийн хүсэлтээр өгөхөөр болжээ
2014/01/12
Монгол Ардын Намын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит VI чуулган энэ сарын 17-нд болох гэж байна. Өнгөрсөн баасан гаригт хуралдсан тус холбооны Удирдах зөвлөлийн хурлаар чуулганы товыг зарлаж, төлөөлөгчдийн тоо, чуулганаар хэлэлцэх асуудлаа хэлэлцэж тогтжээ.
Чуулганд оролцох төлөөлөгчдийн хувьд дүүрэг тус бүрээс 10, аймгуудаас тус бүр 3-5 төлөөлөл оролцох аж. Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн эмэгтэйчүүд чуулганд квотоор оролцох юм байна. Энэ удаагийн чуулганаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, холбооны дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэж батлах аж. НАМЭХ-ны ерөнхийлөгч,УИХ-ын гишүүн Д.Оюунхорол холбооны Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгөх шийдвэр гаргаж, намынхаа удирдлагад танилцуулжээ. МАН-ын XXVII Их хурлын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд ТББ-ууд манлайлах ёстой гэсэн үүднээс НАМЭХ түүчээлж, чуулганаа хийх ёстой гэж тэрбээр тайлбарласан байна. Мөн Монгол Ардын Нам сөрөг хүчин болсон энэ үед үүрэг, хариуцлагаа жигд хуваарилах асуудал чухлаар тавигдаж байгаа. Тийм ч учраас НАМЭХ цаашид шинэ бүтцээр ажиллаж, холбооны Ерөнхийлөгч нь орон тоогоор ажиллах шаардлагатай байгаа аж. Энэ нь Д.Оюунхорол гишүүний хувьд холбооны Ерөнхийлөгчийн ажлаа өөрийн саналаар хүлээлгэж өгөх нэг шалтгаан болжээ. Өнгөрсөн баасан гаригт хуралдсан НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн хурлаас НАМЭХ-ны Ерөнхийлөгчид хэний нэрийг дэвшүүлэх асуудлаар хэлэлцэж, МАН-ын Бага хурлын гишүүн Ц.Цогзолмаа,Б.Ундармаа нарын нэрийг дэвшүүлж,намын удирдлагад танилцуулжээ. Ц.Цогзолмаа нийслэлийн Засаг даргын орлогч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга,МАН-ын хорооны даргын албыг хашиж байсан. Б.Ундармаагийн хувьд “Бишрэлт” ХХК-ийн ерөнхий захирлаар ажилладаг, БСШУ-ны дэд сайдаар ажиллаж байсан нэгэн билээ.