Шууд ардчилал-иргэдийн оролцоог хангах стандарт хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх хуулийн төслүүдээр хэлэлцүүлэг хийв
2014/01/12
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Шилэн дансны тухай, Нийтийн зар, мэдээний тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд нийтийн санал хураалтаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоон мөрдөх тухай хуулийн төслүүдээр олон нийтээс санал авах хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хөтлөн явуулав.
Өнгөрсөн 2013 оны есдүгээр сард Ерөнхийлөгчийн зарлигаар нийт 14 хууль, үндэсний дөрвөн хөтөлбөрийг олон нийтээр хэлэлцүүлж, иргэдийн оролцоотойгоор боловсруулахаар болсон юм. Уг зарлигийн хүрээнд дээрх гурван хуулийн төслийг иргэдийг оролцуулан боловсруулж, санал авахаар хэлэлцүүлэг хийж буйг Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж цугларагсдад танилцуулав. Нийтдээ 195 иргэн хуулийн төсөл боловсруулахад оролцохоор хүсэлтээ ирүүлжээ. Тэдгээрийг ажлын хэсгүүдэд хуваан ажиллуулж, эхний үр дүн гарч эхэлсэн байна.
Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж хэлэлцүүлгийн эхэнд хуулиудын төслийн талаар товч танилцууллаа. Тэрээр “Өнөөдөр бол Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг баталсан өдөр. Энэ өдөр хуулийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаад ач холбогдол өгч байна. Үндсэн хуульд “Төрийн хэрэгт иргэд шууд оролцоно” гэж заасан байдаг. Бидний хэлэлцэх гэж байгаа гурван хуулийн төслийг УИХ-д өргөн барьж батлуулснаар Үндсэн хуулийн заалт бүрэн агуулгаараа хэрэгжих боломжтой болно.
Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны хуулийн төсөлд Улс, орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт, хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулж байгаа хөрөнгө ард иргэдэд нээлттэй, ил тод байх, энэ чиглэлээр гарч байгаа өмч хөрөнгө, төсөвтэй холбоотой шийдвэрүүдийг ард иргэдэд шууд мэдээлж хүргэж байх тогтолцоог бүрдүүлэх үндсэн агуулгатай юм. Гол зорилго нь татвар төлөгчдийн мөнгө, төсвийн хөрөнгийг үр ашигтай зөв зүйтэй зүйлд зарцуулах, авлига, хээл хахуулиас ангид ил тод тогтолцоог бүрдүүлнэ.
Нийтийн зар, мэдээний тухай хуулийн төслийн хувьд өнгөрсөн 2013 оны нэгдүгээр сарны 1-нээс Орон нутгийн хөгжлийн сан бүрэн агуулгаараа хуулийн хүрээнд хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн онд 250-иад тэрбум төгрөгийг улсын төсвөөс орон нутаг руу, сум, аймаг,нийслэл, дүүргүүдийн Орон нутгийн хөгжлийн санд хуваарилж, зарцуулалтыг иргэд шийдэх эрх үүсгэсэн. ЕТГ-аас хэдэн жилийн өмнө Нийтийн зар мэдээний журам боловсруулж нийтийн хүртээл болгосон ч энэ журмын хэрэгжилт орон нутагт ижил тэгш биш байгаа. Иймээс үүнийг хууль болгож УИХ-д өргөн барихаар болоод байна. Нийтийн зар, мэдээний тухай хуулийн төсөлд иргэдийг төсвийн хөрөнгө зарцуулалтад оролцуулж санал авахдаа эхлээд энэ талаарх мэдээг нийтэд зарлаж байх, ИТХ, ИНХ-аар хэлэлцэх асуудлыг иргэдэд түрүүлж мэдээлж байх тогтолцоог тусгаж өгч байгаа. Иргэд бүрэн мэдээлэлтэй байсан цагт Төрийн хэрэгт иргэд шууд оролцох Үндсэн хуулийн заалт бүрэн утгаараа хэрэгжинэ. Мэдээллийн үндсэн дээр иргэд нийтийн эрх ашигт харшилсан шийдвэрүүдийг буцаах эрхтэй болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийн төсөл боловсруулж Засгийн газарт оруулаад байна. Энэ хуулиар тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцох механизмыг тогтоож өгөх юм. Эдгээр хуулиуд бүгдээрээ нийлээд шууд ардчилал-иргэдийн оролцоог хангах том бодлогын зайлшгүй байх стандарт хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх юм “гэлээ.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд нийтийн санал хураалтаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоон мөрдөх тухай хуулийн төслийн тухайд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд шаардлагатай асуудлыг нийтийн санал хураалтаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоон мөрдөх санал хураалтыг бэлтгэн зохион байгуулж явуулах, үр дүнг олон нийтэд зарлах, хадгалах, нэгэнт гарсан шийдвэрийг дахин хянах, түүнчлэн орон нутгийн захиргааны санаачилгаар иргэдийнхээ дунд санал асуулга зохион байгуулах замаар иргэдийн санаа бодолд тулгуурласан шийдвэр гаргахтай холбогдсон харилцааг зохицуулах агуулга бүхий төсөл юм. Энэ хууль батлагдсанаар иргэд өөрсдийн санаачилгаар, эсвэл захиргааны болон шийдвэр гаргах байгууллагын хүсэлтээр аливаа асуудалд нийтийн байр суурийг илэрхийлэх, шийдвэр гаргах үйл явцад өөрийн биеэр шууд оролцон шийдвэр гаргах, гаргасан шийдвэрээ биелүүлэх буюу өөрөө өөрийгөө удирдах энгийн ардчилсан соёл төлөвшиэө гэж үзжээ.
Шилэн дансны тухай хуулийн төслийг МУИС-ийн Эдийн засгийн Их сургуулийн санхүүгийн тэнхмийн багш А.Энхбат, Нийтийн зар, мэдээний тухай хуулийн төслийг Шууд ардчиллын хүрээлэнгийн захирал, доктор А.Саруул, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд нийтийн санал хураалтаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоон мөрдөх тухай хуулийн төслийг Нийслэлийн ИТХ-ын хэлтсийн дарга н.Батүвшин нар оролцогчдод танилцууллаа. Хэлэлцүүлэгт оролцогсод хуулиудын төслийн талаар санал бодол, байр сууриа илэрхийлцгээв.