УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Б.Содномдаржаа, Т.Чимгээтэй уулзана
2018/03/16
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-нд гэрт нь онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч, монголчуудыг цочирдуулсан билээ. Түүнийг эрх баригч эвслийнхэн Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр Ерөнхийлөгчтэй зөвшилцөх гэж байсан гэдэг.
Тиймээс дээрх хэргийг улс төрийн аллага, талийгаачийг аль нэг том бүлэглэлийн золиос болсон гэсэн хардлага олон нийтэд үлдсэн.
Тэгвэл төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг УЕПГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж, эл хэрэг гарснаас хойш арав гаруй жилийн дараа захиалагчаас бусдыг илрүүлсэн билээ. Ингээд Улсын дээд шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт гэм буруутай хэмээн үзэж, хүнд дэглэмтэй хорих ангид тус бүр 20 жил хорих ял оноосон байдаг.
Харин өнөөдөр УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Цагдан хорих 405-р анги болон Эмэгтэйчүүдийн хорих 407-р ангид ажиллаж, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нартай ар гэрийнхнийх нь хүсэлтийн дагуу уулзах юм байна.Учир нь энэ хэрэгтэй холбоотой эсрэг тэсрэг байр суурийг хууль хяналтын байгууллага болоод ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарын ар гэрийнхэн удаа дараа олон нийтэд мэдээлсэн.
Эргэн сануулахад, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчийг илрүүлэхэд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг 2018 онд эцэслэн шийдэгдэх эсэх дээрээ тулж ирээд байна. Гэхдээ нэг ялтанг хууль хяналтын байгууллагад мэдээлэл өгснөөр сүүлийн үед болж байгаа үйл явдал өрнөсөн юм огт биш.
Хэргийг шалгаж байсан ажлын хэсгийн ажлын арга барил, хэргийг шалгаж, ажиллагаанд ач холбогдол өгсөн байдлаас гол асуудал эхэлсэн байдаг юм. Өнөөдөр хүмүүс энэ хэргийг илэрсэн шалтгаан нь нэг ялтан мэдээлэл өгөнгүүт бүх зүйл ар араасаа ундарсан юм шиг ташаа ойлгоод байгаа. Тийм биш гэдгийг онцолж хэлмээр байна. Зарим мэдээлэлд ач холбогдол өгч шалгасан үеэс асуудлыг ярих нь зүйтэй. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгасан, шалгаж байсан нөхцөл байдал өөрчлөгдсөн. Энэ хэрэгт нэлээд хүч анхаарал тавьж ажилласан үеэс хэрэг шалгах ажиллагаанд өөрчлөлт гарч, хэрэг илрэхэд ахиц гарсан.
Ажлын хэсгийнхэн энэ хэрэгт олон жил, сарын турш цаг зав, сэтгэл зүрхээ зориулж, байдгаараа хичээсэн. Асар олон хүний хүч хөдөлмөр итгэл үнэмшил, зүтгэл орсон. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгаж байгаа ажлын хэсэгт төрөөс анхаарал хандуулж, хэргийг шалгахад шаардлагатай хөрөнгийн асуудлыг бүрэн шийдвэрлэж өгсөн. Хэргийг шалгаж байгаа мөрдөгчид хөдөө томилолтоор явж, шаардлагатай хүнээс тайлбар авах гэхээр зардал мөнгө, унаа тэрэгний асуудал хүнд байсаар ирсэн. Харин хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдсэн болохоор хөдөө орон нутаг төдийгүй гадаадын улс орон руу шинжилгээ явуулсан.
Сэжигтэй хүмүүсээс гадаадад очиж тайлбар мэдүүлэг авсан гээд олон ажиллагаа хийгдсэн. 1998 оноос өгөгдсөн мэдээлэл болгоны араас явж шалгасан. 65 хавтаст хэргийг ямар зүйлээр дүүргэсэн байх вэ. Энэ болгоныг нарийвчилж шалгасан. Сэжиг бүхий нэг хүний мэдээлэл нотлогдсон. Эндээс хэргийн зангилаа тайлагдаж, баримт болгон нь нотлогдсоор хэргийн гүйцэтгэгчдийн үйлдсэн хэрэг илэрсэн’’ гэсэн юм.
Мөн тэрбээр “Энэ хэрэгтэй холбоотойгоор өрнөж байгаа үйл явдлууд, улс төрийн бүлэглэлүүд маш идэвхтэй реакц, хариу үйлдэл үзүүлж байгаа нь хэргийг шалгаж дуусах үр дүн рүү дөхүүлж байж магадгүй. Энэ хэргийг хууль хяналтынхан илрүүлээд шийдвэрлэж байгаа нь зарим хүнд тааламжгүй байх шиг байна. Гэм буруутай нь тогтоогдож, хорих ялаар шийтгүүлсэн гурван хүний ар гэрийнхэн ойр дотны хүнээ өмөөрч, хэлмэгдүүлж байна гэж ярих нь зүй ёсны асуудал.
Гэр бүлийн хэн нэгнийгээ гэмт хэрэг үйлдээд ял сонсоход эсэргүүцдэггүй, сэтгэл тайван үлддэг нэг ч хүн байдаггүй. Үүнийг буруутгах аргагүй юм. Монголын ард түмэн энэ хэргийг илрээсэй гэж олон жил хүлээсэн. Үе үеийн төрд байсан улстөрчид энэ хэргийг илрүүлэх ёстой гэж ярьж ирсэн биз дээ. Гэтэл одоо хэргийг илрүүлчихлээ гээд уурлаад бачимдаад байгаа хүмүүс байна.
Мэдээж хууль хяналтын байгууллага энэ хэрэг дээр ямар нэгэн алдаа завхрал гаргаж, зарим зүйлийг дутуу орхичих вий гэж шахаж шаардаж байгаа нь зүйтэй юм. Харин нөгөө талаараа энэ хэргийг цааш нь явуулмааргүй, үргэлжлүүлэн шалгуулмааргүй байгаа өндөр зохион байгуулалттай маш холоос захиалгатай, их хүчтэй сонирхлын бүлэглэл байгаа нь мэдрэгдэж байна’’ гэжээ.
Тэгвэл ял шийтгүүлсэн хүмүүсийн ар гэрийнхэн зарим нотлох баримттай санал нийлэхгүй байгаа талаар өнгөрсөн сард сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байдаг. Тухайлбал, Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа “Би хилс хэргээр зовж байгаа хүүгийнхээ төлөө явж байгаа эх хүн байна. С.Зоригийн хэргийг илрүүллээ гэсэн нэрийн дор худал хуурмаг шүүх хурал болж өнгөрсөн. Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат сүүлд хэвлэлд ярилцлага өгсөн байна билээ. С.Зоригийн хэргийн захиалагч нь одоо хүртэл илрээгүй байхад гурван хүнийг ялласан. Ийм хуулийн заалт байдаг юм уу.
Тагнуул, хуулийнхан миний хүүд элдэв арга хэрэглэж, тариа хийж, ухаан санааг нь солиоруулж, худлаа зүйл яриулснаа нотлох баримт болгосон. Хуулийнхан Ц.Амгаланбаатар гэдэг хүний үгээр л шүүх хурал хийсэн. Хэргийн материалыг ил болгочихлоо гэсэн. Ил болгосон материал нь хаана байгаа юм бэ. С.Зоригийн хэргийн материалыг ил болгосон юм байхгүй. Харин ч өөрсдийнхөө хуйвалдааныг нууцын зэрэглэлд оруулсан. Гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж байгаад харамсаж байна.
Миний хүүг тамлаж, зовоосноос болж шоронд нас барвал нэр бүхий хүмүүст хариуцлага тооцуулна, тэднээс хүүгийнхээ амийг нэхнэ” гэсэн байна. Харин Т.Чимэгээгийн ах Т.Хүрэлбат “Энэ хэрэгт ял шийтгүүлсэн гурван хүнийг айл шатааж, нэг гэр бүлийн хүмүүсийн амь насыг нь хохироосон гэдэг. Гэтэл тухайн үед Орхон аймгийн Онцгой байдлын газраас нотломж гаргасан байдаг. Үүнд, “Гал түймэр гарсан шалтгааныг хэргийн газрын үзлэг, гэрчүүдийн тодорхойлолтоор гал цахилгаан ашиглалтын буруугаас гарсан” гэж дүгнэсэн. Үүнээс гадна хуулийн байгууллагынхан 20 жилийн өмнө байрны гадаа байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан.
Гэтэл энэ хэргийн амьд гэрч болох Б.Булган байсаар байтал тэр хүнийг гэрч биш хэмээн тайлбарласан. Түүнчлэн аман зурагтай холбоотой хэд хэдэн эргэлзээ бий. Ц.Амгаланбаатар өөрийнх нь аминд хүрэх вий гэж айсандаа С.Зориг агсны хэргийг илчилсэн гэдэг. Гэвч түүний шоронгоос бичсэн мессежнүүд айсан хүнээс гарах үг, үйлдэл биш. Телевизээр цацагдсан нэвтрүүлэгт дурдсанаар (С.Зориг агсны хэргийн талаар бэлтгэсэн нэвтрүүлэг МҮОНТ-ээр цацагдсан) захиалагчийг удахгүй олно. Ингэхдээ зуучлагч Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын ойролцоо бий гэсэн.
Тэгэхээр энэ гурван хүний гэр бүлээс хэргийн зуучлагчийг хайх юм яриад байна. Мөн тэр нэвтрүүлэгт 1998 онд Ц.Амгаланбаатар үе үе их мөнгөтэй болсон, мөнгөө захиалагчтай уулзаж авсан гэх утгатай зүйл ярьсан. Гэтэл энэ хүн тухайн үед мөнгөний төлөө гэмт хэрэг хийж, мөн гэрээ зарж байсан. Хэрвээ энэ яриа нь үнэн бол Ц.Амгаланбаатар захиалагчийг мэддэг юм байна. Яагаад захиалагчийн талаар яриулахгүй байна. Хуулийн байгууллагын албан тушаалтны гаргасан эл хэрэгтэй холбоотой баримтууд хоорондоо зөрүүтэй. Зөвхөн Ц.Амгаланбаатарын үгээр явж байна. Иймд жирийн иргэд эргэлзэж байна” гэж хэлсэн.
Үүнээс гадна С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа гэр бүлийнхэндээ хандан захидал бичсэн нь энэ сард олон нийтэд ил болсон. Уг захидалд "Хоёр аавдаа хэлэхэд би Монголын шүүх хуулийн байгууллагад итгэх итгэл 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр хүртэл хэвээр байсан. Би тэр өдөр шууд гарна гэсэн маш их итгэлтэй байсан. Тэгтэл хүнийг ондоо зүйл ангиар ахин хохироолоо.
Энэ ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, дөрвөн байцаагчийн буруу ажиллагааг дэмжиж, тэр ажиллагааг ноцтой дэмжиж туслалцаа үзүүлсэн хоёр прокурорын үгэнд манай Монголын шүүхийн бүрэлдэхүүн итгэж, гэмгүй хүнийг ахиад л хохироох талдаа оруулсан.” “2018 оны нэгдүгээр сарын 25 -ны өдөр. Би өрөөндөө ороод байж байтал Амгаланбаатар надад таны хүүхдүүдийн дууг би гурав хоног сонслоо. Дүү нь маш олон хүнийг гомдоож уйлуулж, маш муухай хорон санаа гаргасан.
Засдаггүй алдаа гэж байхгүй. Миний зүрх сэтгэл яг одооноос цав цагаан болсон шүү. Би одоо өргөж авсан аав ээжтэйгээ уулзана. Би хүсэлтээ өгсөн гэж надад хэлсэн. Тэгээд л би тэр өдөр Амгаланбаатарт, за сайн байна гэж хэлсэн. Надад тэр үед сайхан санагдаж, хүн ингээд сайн сайхан замдаа орох нь зөв гэж бодсон. Гэтэл 2018 оны нэгдүгээр сарын 26-наас бид хоёрыг ондоо ондоо газар хийгээд ахиж би Амгаланбаатартай уулзаагүй. Ямар ч байсан энэ хүний санаа сэтгэл зөв замдаа орлоо гэж бодож байна”.
“Би 2017 оны наймдугаар сард шүүх хурлаар үнэн зөв шийдэхгүй болохоор нь өлсгөлөн зарлана гээд нэг хоносон. Тэгтэл энэ ангийн дэд дарга нь надад харин сайн сайхан үг хэлж, өлсгөлөн зарлахыг болиулсан” зэрэг олон зүйл бичжээ.
Б.Билгүүн
Эх сурвалж: "Өглөөний сонин"
шаабар · 2018/03/16
Сайхан жүжиг тавих юм. Одоо жүжгийн найруулга улам суларч бүр эмх замбараагүй холион бантан болчихлоо. Өөр ноцтой хэрэг дэгдээж сарниулах замд л орох шиг боллоо. Тэр нь Эрдэнэтийг тойрсон асуудал байж таарна. Магад ч үгүй хэн нэгэн холбогдогч золгүй байдлаар талийх биз ээ. гэж бодох болсон шүү. Монгол Улс ч эрчимтэй уруудаж байна доо.
зочин · 2018/03/16
Монголын хуулийнхан гэж авилгад идэгдсэн лагайнууд.Энэ уулзалтад Раднаасэд,Нямдорж нь орж болохгүй юм байхдаа