Малчин түмэн дуучинтай болжээ
2014/01/13
Дуучид сүүлийн үед өөрсдийн гэсэн өнгө төрхөөрөө эрс ялгарч, өөрсдийн гэсэн үзэгч сонсогчдыг бүрдүүлэх болсон. Хайрын дууч, Ардын дууч, Морины дууч гэх мэтээр дуучдын нэрний урд тэднийг тодорхойлох нэр нь давхар явдаг болсон. Тэгвэл саяхнаас малчин түмэн өөрсдийн гэсэн дуучинтай болжээ. Монгол хүний малын бэлчээрт дуулж, хүн бүрийн сэтгэлд хоногшиж аманд аялагдсан мал, хөдөө аж ахуйн холбогдолтой дуунуудыг судалж орчин үеийн шинэ хөгжмийн найруулга өнгө аясаар дахин дуулж амьдруулан “Таван эрдэнэ” цомгийг гаргасан дуучин бол Дуурийн театрын дуучин Ч.Алтантүлхүүр аж. Өнгөрөгч сар шинийн баяраар мачлны хотонд тус уран бүтээлүүдээ дуулж телевизүүдээр ард олонд хүргэсэн түүнийг малчин түмний дууч Ч.Алтантүлхүүр хэмээн авгайлах болсноор малчид өөрсдийн дуучинтай болсон юм байх. Ямартаа ч хонь ямаа, морь тэмээ гэж туйлшрахгүйгээр таван эрдэнэ болсон мал сүргийн тухай бүхий л дууг дуулсан “Таван эрдэнэ” гэх өвөрмөц хос цомог дөнгөж хэвлэлтээс ирээд байгаа бөгөөд энэ сарын 26-нд “Мишээл экспо” төвд цагаан сарын үзэсгэлэн яармагийн үеэр тус цомгийн баяр болж МУГЖ С.Ганзориг болон бусад уран бүтээлчид оролцон бяцхан хэмжээний үнэ төлбөргүй тоглолтыг үзэгч түмэнд хүргэхээр зэхэж байгаа гэнэ. Малчин түмний дуучин Ч.Алтантүлхүүрт амжилт хүсье.