Ерөнхий захиргааныхан ажлаа тайлагнав
2018/03/19
Өнгөрсөн пүрэв гарагт “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захиргааны газар, хэлтсүүд 2017 оны ажлаа тайлагнан үр дүнгээ хэлэлцлээ. Газар, хэлтсийн дарга нар ээлжээр илтгэлээ тавих үед хамт олон нь бүрэн бүрэлдэхүүнээрээ танхимд орж ирж хань болж байгаа нь содон харагдав. Энэ өдөр 20-иод хэлтэс тайлангаа тавьснаас түүвэрлэн хүргэе. Үдээс өмнө “Оюу” танхимд өрнөсөн тайлангийн хурлыг Хууль, эрх зүйн газар эхлүүллээ.
Хууль, эрх зүйн газар 17 тэрбум төгрөгийн авлага барагдуулжээ
Хууль, эрх зүйн газар гадаад, дотоод үйл ажиллагаа, өр авлага барагдуулах, харуул хамгаалалт хариуцсан хэсгийн зохион байгуулалттай ажиллаж байна. Шүүх хуралдаанаас компанид ашигтай шийдвэр гаргуулахын төлөө шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажилладаг тус хамт олон 2017 онд эцэслэн шийдвэрлэгдсэн 32 иргэний хэргээс 5,9 тэрбум төгрөгийн ашигтай шийдвэр гаргуулсан амжилттай ажиллажээ. Мөн өр авлага бууруулах ажлыг эрчимжүүлсний үр дүнд 968 сая төгрөгийг бодитоор барагдуулсан байна. Түүнээс гадна гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, харуул хамгаалалтыг чангатган сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжсээр байгааг Д.Цэрэнбадам дарга дурдлаа. Энэ онд шалган нэвтрүүлэх постыг тоног төхөөрөмжөөр хангах ажил үргэлжилнэ. Хууль эрх зүйн газрын хуульчид жилийн эцсийн байдлаар арбиторын 3, иргэний 59, эрүүгийн 19, захиргааны 1 гээд нийт 80 гаруй хэрэгт “Эрдэнэт” үйлдвэрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалжээ. Өнөөдрийн байдлаар 27 хэрэг маргаан шүүхийн шатанд хянагдаж байна. Түүнээс гадна “Эрдэнэт” үйлдвэрт бараа материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээгээр урьдчилгаа авсан 103 компани, 13 иргэн аж ахуйн нэгжид холбогдох 33,1 сая ам.доллар, 12 тэрбум төгрөгийн авлага үүссэн. Үүнээс өнгөрсөн онд 17 тэрбум төгрөг барагдуулсан нь 2016 оны мөн үеэс даруй 50 гаруй хувиар өссөн амжилттай ажиллажээ. Харин хуульчид энэ онд “Эрдэнэт” үйлдвэрийг хууль эрх зүйн эрсдлээс урьдчилан сэргийлэх, шүүхэд буй хэрэг маргаануудыг эцэслэн шийдвэрлүүлэх, Худалдан авалтын ажиллагааг нээлттэй ил тод болгох журмыг боловсронгуй болгох, харуул хамгаалалтыг сайжруулах, компанийг хууль эрх зүйн эрсдэлд оруулж буй нөхцөлүүдийг судлах, дүрэм журмыг цэгцлэх ажлыг төлөвлөн байгааг эндээс мэдэв.
“Эрдэнэт” үйлдвэрт 150 иргэн сонгон шалгаруулалтаар ажилд оров
Компанийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд технологийн шат дамжлага бүр дээр шаардлагатай хүний нөөцийг хангаж, албан хэрэг хөтлөлтийг удирдах, зохион байгуулах, хяналт тавих, арга зүйн удирдлагаар ханган, гадаад харилцаатай холбоотой асуудлыг нэгтгэх, хянах, зохицуулах, архивын баримт бичгийг төвлөрүүлэн хадгалах, ангилах, төрөлжүүлэх, бүх төрлийн орчуулгын ажлыг гүйцэтгэх чиг үүрэгтэй Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн тайланд олон хүн анхаарал хандуулав. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрт 6045 хүн ажиллаж байна. Үүний 234 нь гадаад мэргэжилтнүүд. Энэ тоо жилээс жилд буурсаар байгаа аж. Өнгөрсөн онд сул ажлын байранд 486 иргэнийг ажилд авсны 30 гаруй хувь нь сонгон шалгаруулалтаар орсон ажилчид байна. Харин 20 орчим хувийг Хамтын гэрээний заалтын дагуу эцэг, эхийнхээ оронд өв залгамжлан ажилд орсон залуус эзэлдэг. Бусад нь ажил олгогчийн зөвшөөрлөөр, хүний нөөцийн бодлогоор ажилд оржээ. Харин тайлант хугацаанд 447 ажилтан халагдсан байна. Үүний 192 нь өндөр насны тэтгэвэрт, бусад нь өөрийн хүсэлтээр, хөдөлмөрийн сахилгын шийтгэлээр, гэрээний хугацаа дууссан, ажил мэргэжилдээ эрүүл мэндээр тэнцээгүй зэрэг шалтгаанаар гарчээ. Түүнээс гадна өнгөрсөн онд банкны зээлээр байр худалдан авсан 400 орчим ажилтанд 3,1 тэрбум төгрөгийн орон сууцны үнийн хөнгөлөлт үзүүлсэн зэрэг нийгмийн хариуцлагын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тоо баримт тайлангийн ихэнх хэсгийг эзэлж байлаа.
Бүтээмжийн үйл ажиллагаанд 200 сая төгрөг зарцуулж, тэрбум төгрөгийн ашиг авчрах нөхцөл бүрдүүлжээ
Хөгжлийн хэлтсийнхэн өнгөрсөн онд ололт амжилт арвин ажиллажээ. Тухайлбал зардал хэмнэж, өртөг бууруулах эдийн засгийн үр ашиг бүхий төслүүдэд 91,6 сая төгрөгийн санхүүжилт олгож, үйлдвэрлэлд нэвтэрсний үр дүнд 2017 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зардлыг 1,4 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. Мөн бүтээмжийн үйл ажиллагаанд 200 орчим сая төгрөг зарцуулж, 1,1 тэрбум төгрөгийн ашиг авчрах нөхцөлийг бүрдүүлсэн нь бахархам. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2017-2031 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн эдийн засгийн тооцоог хийж гүйцэтгэн, баримт бичгийг боловсруулан ТУЗ-д хэлэлцүүлэхэд бэлэн болгожээ. Тус хамт олон өнгөрсөн онд ажлаа сайжруулах чиглэлээр нэлээд ажил санаачлан хэрэгжүүлснээ мөн тайлагнав. Жишээ нь Засвар механикийн заводын Цутгуурын цехэд хүйтнээр хатуурах холимгийн технологиор хэв хийх хагас автомат шугам нэвтрүүлэх төслийн техник эдийн засгийн тооцооны төслийг сайжруулахад хийгдэх шаардлагатай ажлуудын санал боловсруулж өгчээ. Хөгжлийн хэлтсийнхэн илтгэлдээ тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхой гаргаж тавьсан нь бүтээлч байв. Тухайлбал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер зарладаг болсонтой холбоотойгоор төлөвлөсөн ажлуудыг бүрэн хийхэд хүндрэл учирдаг байна. Учир нь “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ дараа жилийн бизнес төлөвлөгөөг хуульд заасан хугацаанаас хожуу баталдаг тул хугацаа алдаж төлөвлөгөөний биелэлтэд сөргөөр нөлөөлдөг ажээ.
Төлөвлөлтийн цогц аргачлалтай, зэсийн үнэтэй уялдсан эдийн засгийн загвартай...
... мөн хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэх програмтай хэлтэс бол Эдийн засгийнхан. Тус хамт олон өнгөрсөн жилд компанийн эдийн засгийн нэгдсэн бодлогыг тодорхойлох, бизнес төлөвлөгөө боловсруулах, хяналт тавих, хөдөлмөр зохион байгуулалт, нормчлолыг сайжруулах, цалин хөлс урамшууллын механизмыг сайжруулах, мониторинг хийх, ажилтнуудыг сургах чадавхжуулах зорилт дэвшүүлэн ажиллажээ. Мөн компанийн эдийн засгийн нэгдсэн бодлогыг тодорхойлох зорилгоор төлөвлөлтийн үйл ажиллагааг цогц болгон сайжруулах, эдийн засгийн төлөвлөлт, зардал, норм нормативын гүйцэтгэлийг хянах, шинжилгээ хийх, өртгийн ангиллыг олон улсын түвшинд нийцүүлэх, зах зээлийн нөхцөл байдалтай уялдсан болзошгүй эрсдэлд тохирсон санхүү эдийн засгийн арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх дэд зорилт дэвшүүлэн ажилласан нь үр дүнгээ үзүүлжээ. Ингэснээр тэд иж бүрэн төлөвлөлтийн цогц аргачлалтай, зэсийн үнэтэй уялдсан эдийн засгийн загвартай, хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэх програмтай болжээ. Мөн өртгөө гурван түвшинд тооцдог болсноор ижил төстэй уул уурхайн компаниудтай эдийн засгийн үзүүлэлтээ харьцуулах боломж бүрдсэн байна. Түүнээс гадна бизнес төлөвлөгөө хийхэд хүндрэл учирдаг хэмээн тулгамдаж буй асуудлаа ч танилцууллаа. Тухайлбал, материалын зардлын хэлбэлзэлд үнээс шалтгаалсан хэлбэлзэл ихээхэн хувийг эзэлдэг байна. 2017 оны нормчлогдсон материалын зардлын хэмнэлтийн 54 хувь нь зөвхөн үнийн хэлбэлзлээс шалтгаалжээ. Тиймээс бараа материал худалдан авах төлөвлөгөөний үнийг зах зээлийн бодит ханштай уялдуулах шаарлагатай байгааг Зах зээлийн судалгааны хэлтсийнхэнд анхааруулсан.
Цалин бага хариуцлага өндөр хамт олон
Компанийн ерөнхий захиргааны хэлтсүүдээс жилийн 365 хоногт 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай хамт олон бол Үйлдвэрлэлийн хэлтсийнхэн. Үйлдвэрлэлийн цех нэгжүүдийн үйл ажиллагааг боловсронгуй болгож, ажлын уялдаа холбоог шуурхай зохицуулах, үйлдвэрлэлийг иж бүрэн автоматжуулах, хүдэр олборлолт, баяжуулалтын технологийг боловсронгуй болгох замаар хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэн техник эдийн засгийн үр ашигтай ажиллах нь Үйлдвэрлэлийн хэлтсийн үндсэн зорилго. Үндсэн цехүүдийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлт тайлант хугацаанд давж биелсэн нь энэ хэлтсийн бодит төлөвлөлттэй шууд холбоотой. Эдний тайлан тун тодорхой байв. Харин тулгамдаж буй асуудлыг тодруулан онцолъё. Үйлдвэрлэлийн хэлтэст ажиллаж буй инженер техникийн ажилтнуудын цалин цех нэгжүүдийн инженер техникийн ажилтнуудаас бага байсаар байна. Мөн диспетчерүүдийн цалин хөлс үндсэн цехүүдэд ажилладаг диспетчерүүдээс бага. Гэтэл хариуцаж буй ажлын цар хүрээ, хариуцлага өндөр байдаг. Үүнээс болж дадлага туршлагатай сайн мэргэжилтнүүдээ алдах эрсдэл байгааг анхааруулсан юм.
Техник, технологийн шинэчлэлийн ажилд мэргэжилтнүүдийг татан оролцуулна
Үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай үйл ажиллагааг хангах, өндөр бүтээмжтэй, ашиглалтын зардал багатай дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, өөрийн өртгийг бууруулах үндсэн зорилго чиглэлтэй ажилладаг Техникийн хэлтсийнхэн өнгөрсөн онд тун амжилттай ажиллажээ. Техникийн бодлогыг уул, геологийн нөхцөл болон нөөцтэй нягт уялдуулан хэрэгжүүлж, уул уурхай, баяжуулалтын үйлдвэрлэлийн түвшинд нийцэхүйц иж бүрэн механикжуулалт, автоматжуулалт, мэдээллийн технологийн орчин үеийн хэрэгслийг ашиглан техник, технологийг байнга боловсронгуй болгох, илүү үр ашигтай шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар компанийн урт хугацааны өрсөлдөх чадавхийг ханган ажилласан байна. 2018 онд “Эрдэнэт” үйлдвэрт нэвтрүүлэх техник, технологийн шинэчлэлээр хийгдэх ажлын хэсэгт хэлтсийн мэргэжилтнүүдийг оролцуулахаа мэдэгдэв. Жишээ нь уурхайн доторх цахилгаан хангамжийн агаарын шугамын өргөтгөл, Эмульсний тэсрэх бодисын үйлдвэр шинээр барих, Молибдений хөвүүлэн баяжуулалтыг шинэчлэх, Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт Молибдены баяжмалын өтгөрүүлэгчийг солих, Засвар механикийн заводын Цутгуурын цехийн хэвний хэсэгт хүйтнээр хатуурдаг хольцоор хэв хийх хагас автомат шугамыг үйлдвэрлэлд нэвтрүүлж угсралт суурилуулалтын ажилд хамтран ажиллана гэв.