Монгол улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх танаа
2018/03/20
Ил захидал.
БОАЖЯ-ны тухай. 2018.03.18 -ны өдөр Улаанбаатар хот
Ерөнхий сайд Та ажлаа авсны дараахан олон түмэнд хандаж хэлсэн үгэндээ
: "Аж ахуйн нэгж, татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлж чаддаггүй юм гэхэд дарамт үзүүлэхээ төрийн байгууллагууд зогсоох хэрэгтэй. Надаас болон манай Засгийн газраас хуулиас давсан шаардлага битгий тавиарай. Хууль тогтоогчдоос айж амьдрахгүй, харин хуулиас айж ажиллана" гэж мэдэгдсэн алдарт үг мартагдаагүй байна.
Та болон танай Засгийн газрын гишүүд ард түмний хүсэл, эрэлт хэрэгцээнд нийцсэн, нүдээ олсон олон сайхан шийдвэр гарган хэрэгжүүлж байгаад хөдөлмөрчид үнэхээр сэтгэл хангалуун байгааг танд дуулгахад таатай байна. Танай Засгийн газрын гүшүүн Хүрэлбаатар, Чинзориг, Саранчимэг, Цогтбаатар зэрэг олон гишүүд банкны салбарын үйл ажиллагааг эрүүлжүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, цэвэрлэх байгууламж барих, нефть боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг түүхэн шийдвэрүүд гарган хэрэгжүүлж байгаа нь ард олны талархалыг зүй ёсоор татаж байна.
Сайны хажуугаар саар гэгчээр зарим яам авилга, хээл хахуул, хүнд сурталд нэвт, шувт идэгдсэн, татвар төлөгчид, иргэдийг дарамталж чирэгдүүлсэн хэвээр байна.
Ийм яамны тоонд БОАЖЯ яах аргагүй тэргүүн эгнээнд хошуучилж явна. Яамны сайд Н. Цэрэнбат тодорхой, тоймтой ажил хийсэнгүй. Аль хэдийнээ бэлэн болсон Аялал жуулчлалын хууль, Казино болон Морин спорт бооцоот уралдааны хууль зэрэг аялал жуулчлалын хуулийг Их хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж батлуулахын оронд бие засах газар барих, гадаад орнуудад үр дүнгүй аялсан шиг өдөр хоног өнгөрөөж сууна. Сүүлийн 30 жилд спорт агнуурын аялал жуулчлал олон улсын жишигт хүрч, нэр хүнд нь өссөөр байгаа билээ. Энэ салбарыг үлгэр жишээ хөгжүүлж байгаа 20 гаруй аж ахуйн нэгж , 70 гаруй байгаль хамгаалах нөхөрлөл, 30 гаруй ангийн отог зэрэг аялал жуулчлал, байгаль хамгаалах ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байгаа байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, гадаад, дотоодын мөнгөтэй хүмүүст агнуурын бүс нутаг, отогийн үйлчилгээ, ангийн лицензийг дуудлагаар зарна хэмээн хэвлэлийн бага хурал хийж байх юм. Спорт агнуурын аялал жуулчлал бол байгаль хамгаалах ажлыг аялал жуулчлалтай зөв зохистой уялдуулах аргаар олсон орлогоороо байгалиа хамгаалдаг эко туризмын шилдэг загвар бөгөөд зөвхөн мэргэжлийн байгууллага хийдэг ажил болохоос Н.Цэрэнбат сайд шиг мөнгөтэй нь хийдэг ажил биш юм.
Цаг агаар дулаарч цас хайлж ханзарснаар Хэнтий, Хангай, Хөвсгөлийн уулсаар цасан доороос гарсан самар түүхээр энд тэндгүй задгай гал түлж, ан амьтан, ой мод сүйтгэж эхэллээ.
БОАЖЯ-ны 1000 гаруй байгаль хамгаалагч, Тусгай хамгаалалттай газрын захиргаа хаана, юу хийж байна. Зүй нь Н.Цэрэнбат сайд зохион байгуулалтын арга хэмжээ авч эрсдэл ихтэй газруудад байнгын шалгалтын пост урт хугацаагаар ажиллуулж үр дүнг тооцох ёстой баймаар. Богд уулын дархан цаазат газар гэхэд л олон арван мод огтлоод кублэн хураажээ. Цэрэнбат сайд А/370 тоот тушаал гаргаж зарим ан амьтныг тусгай зөввшөөрлөөр агнуулах тухай тушаал гаргаж уг тушаалдаа ангийн нөөцгүй юмуу ан шинээр ирж нутагшиж байгаа газруудад олон тооны аргаль угалз агнуулхаар тушаал гаргасан төдийгүй агнуурын бүс нутаггүй Говь-Алтай аймгийн Тонхил, Баян-Өлгий аймгийн Алтай сумуудад тус бүр 2 толгой угалз агнуулахаар уг тушаалд дурьджээ. Энэ нь томоохон авилгын шинжтэй байгаа юм. Тэгээд ч зогсохгүй хууль тогтоомжийн дагуу ажиллаж байгаа олон аж ахуйн нэгжийг ямарч шалтгаангүйгээр хуваариас хасчээ.
БОАЖЯ-аас ямар ч судалгаа боловсруулах шаардлагагүй, хууль зөрчөөгүй 5-6 өгүүлбөр бүхий албан тоот авахад 1-3 сар олон дахин очоод , гуйгаад ч бүтэхээ байлаа. Хажуугаар нь олон янзын хуулиас давсан шаардлага тавих, хясан боох, зовоох, мэргэжлийн бус асуудал тулгах зэргээр татвар төлөгчид, иргэдийг тарчлаан зовоож байна. Ийм түшээдийн тоог ХБОБНУГ-н дарга Нямдаваа, түүний мэргэжилтэн Жамъянхүү нар тэргүүлж байна.
Ер нь энэ яам унтаж байна. Сэрээд шийдвэр гаргавал хууль бус, авилга ханхалсан, иргэдийг чирэгдүүлэхээс үл хэтрэх боллоо.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаас хүсэх нь:
БОАЖЯ-ны сайд Намсрайн Цэрэнбат гэгчтэй хариуцлага тооцож, энэ яамны хүнд суртал, авилгын бат бэх хана хэрэм, сүлжээг нурааж устган аж ахуйн нэгж, иргэдийг зовлонгоос хэлтрүүлж өгөх арга хэмжээ авахыг хүсье.
Өвчин эмгэг, үхэл хагацал бол зовлон биш байгалийн жам ёс учир бид хэнд гомдох билээ.
Харин нийгэмтэйгээ, салбарын яамны улирдлагатайгаа зөрчилдэж, дарамтлуулж ажиллаж, амьдрах нь зовлонгийн дээд зовлон, хөгжлийн саад, төрд итгэх ардын итгэлийг унтраах хорт ус гэдгийг Таныг ойлгоно гэдэгт итгэж байна.
Таныг хүндэтгэсэн:
Аялал жуулчлалын компаниуд, иргэдийн төлөөлөл