Д.Мөрөнг салбарын сайд нь С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр муу ажилласан, уг хэргээр улс төрийн шоу хийсэн гэж дүгнэдэг
2018/03/22
Монголчуудын дийлэнхи нь Д.Мөрөн гэх эрхэмийг Цагдаагийн Ерөнхий Газрын дарга байхаас нь мэднэ. Тэрээр С.Зоригийг хөнөөсөн хэргийг асуудалгүй илрүүлнэ, "Ардчилсан Холбоо" эвсэл Засгийн эрхэнд байгаа цагт илрэхгүй, түүнээс илрэх шатандаа орсон гэх зэргээр мэдэгдэж байсан тэрээр тун удалгүй УИХ-ын гишүүн болж, улмаар уг хэргийн талаар огт дуугаралгүй албан тушаал "хөөцөлдөж" одсон билээ.
Мөн Гадаадын Иргэн, харьяатын Газрын даргаар ажиллаж буй түүний салбарын буюу Хууль зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж хурандаа Д.Мөрөнг улс төрч С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр муу ажилласан, уг хэргээр улс төрийн шоу хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм.
Тодруулбал Ц.Нямдорж 2014 оны 11-р сард “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо: "2000 оны УИХ-ын сонгуулиар танай нам ялж 72 суудал аваад, та Хууль Зүйн сайд болсон, Тэр үед С.Зориг агсны хэргийг илрүүлж болоогүй юм уу? гэсэн сэтгүүлчийн асуултанд
-Наад хэргийг чинь илрүүлэх бүх бололцоог нь тэр 10 сарын 02-ны өдөр балласан. Ул мөрийг нь. Би хуулийнханд хэлдэг байхгүй юу. Хэргийн газарт бурхан багшийг ч битгий оруулж бай. Тэр Ерөнхийлөгч байна уу, Ерөнхий сайд байна уу, сайд байна уу, найз байна уу хамаа байхгүй. Бүх юмаа хаагаад өөрсдөө хийж бай. Гэтэл 70 хүн ороод гарсан гээд боддоо. Тэгэхээр юу үлддэг юм. Бүх ул мөр арилдаг юм байгаа биз дээ.
2000 онд би сайд болчихоод бодитой баримт гаргаж өгсөн хүнд 500 сая төгрөг өгнө гэсэн ЗГ-ын тогтоол гаргуулаад, мэдээлэл хайгаад чадаагүй шд. Наад хэрэг чинь бол тэгээд л замхарсан." гэсэн юм.
2017 оны 11 сард мөн л "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцохдоо: "2000 онд та Хууль зүйн сайд болоод, Н.Энхбаяр ерөнхий сайд байсан. Танай нам С.Зоригийн хэргийг заавал илрүүлнэ гэж амласандаа хүрэхийн тулд ямар нэгэн юм хийсэн үү? гэх асуултанд
-Илрүүлнэ гэж хэлсэн хүн чинь Мөрөн. Би биш. Нам хэрэг илрүүлдэггүй юмаа. ...Хариуцлага энэ дээр л яригдана." хэмээсэн билээ.
Ийнхүү хариуцлагатай алба хашиж байхдаа мэргэжлийн алдаа гаргасныг нь хүлээн зөвшөөрч, үүнийгээ ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шуудхан зарласан Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдоржид Д.Мөрөнтэй цаашид хамтран ажиллах сонирхол байдаг эсэх нь тодорхойгүй юм. Ер нь ч энэ Засгийн Газрын агентлаг тойрсон хараахан томилгоо эхлээгүй байгаа тухай ч улс төрийн хүрээнд яригддаг. Иймээс ч Ц.Нямдорж сайд С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр муу ажилласан, уг хэргээр улс төрийн шоу гэж дүгнэдэг Д.Мөрөнг өөрчлөх, эс өөрчлөхийг таахад эрт юм.
Д.Мөрөн нь 2007-2012 онд Гадаадын Иргэн, Харьяатын Асуудал Эрхэлсэн Газрын Даргаар мөн ажиллаж байсан билээ.
П.Мандах
sonin.mn
шаабар · 2018/03/22
Мөрөн ч их юм мэдэж байгаа даа. Хэргийн гол эзэн биш л дээ. Харин улм өр баллах, хэргийг төөрөгдүүлж, иргэдийн толгойг эргүүлсэн, мэдэж байгаа баримт нотолгоог нуун дарагдуулсан, дур мэдэн задлан хийж гол нотлох баримтыг устгасан гээд ярих зүйл ч олон бий дээ. Хэзээ ил гаргах нь тодорхойгүй. Ямар ч гэсэн ихийг мэдэж байгаа гэдэг нь гарцаагүй үнэн.