“Эрдэнэтийн хүүхдүүд-Эрдэнэтийн ирээдүй” уламжлалт өдөрлөг болов
2018/03/22
Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургууль Эрдэнэтийн хүүхдүүд-Эрдэнэтийн ирээдүй уламжлалт өдөрлөгийг энэ жил “Инженерийн боловсролын хэрэгцээ” мэргэжил сурталчлах сэдвийн дор зохион байгууллаа. Өдөрлөгт Орхон аймгийн Ерөнхий боловсролын төгсөх 50 гаруй сурагч оролцов.
Энэ үеэр тус сургуулийн захирал, доктор профессор С.Давааням, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий баяжуулагч, Шинжлэх ухааны доктор, дэд профессор, Төрийн соёрхолт Ж.Баатархүү, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч дарга, доктор, Ази тивийн тэсэлгээний инженерийн холбооны гишүүн, Монголын тэсэлгээний инженерийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Нямдорж, Орхон аймгийн Шинжлэх ухаан технологийн паркийн захирал доктор Энхбаяр нар инженерийн мэргэжлийг сонгон суралцахаар сонирхож буй сурагчдад зөвлөгөө өглөө.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн төгсөлт ойртож байгаа энэ үед сургуулийнхаа давуу талыг олон нийтэд сурталчлан таниулж, элсэгчдийн чанар болон тоог нэмэгдүүлэх талаар удирдлагууд болон багш ажилчид санал солилцжээ. Тус хамт олон сургалтын хөтөлбөр болон арга зүйг шинэчлэн боловсролын чанарыг эрхэмлэж, шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах шинэ менежмент нэвтрүүлэн ажиллах зорилтоо танилцуулав. Өдөрлөгт оролцогч хүүхдүүд эрдэмтэн багш нараас сонирхсон асуулт асууж, элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх болон инженерийн мэргэжлийн онцлог зэрэг олон сэдвүүдээр чөлөөт ярилцлага өрнүүлсэн нь уулзалтын үр дүн, ач холбогдлыг улам дээшлүүлсэн байна.