Ерөнхий сайд Увс аймагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ
2018/03/23
Ерөнхий сайд Увс аймагт ажиллах үеэрээ дараах асуудлуудыг шийдвэрлэлээ.
1. 2019 оны төсөвт 50 ортой хүүхдийн эмнэлэг,
2. Азийн хөгжлийн банкны шугамаар ариутгал халдваргүйжүүлэлтийн лаборатор,
3. Цогцолбор сургуулиудын гал тогооны тоног төхөөрөмж,
4. Улаангом сумын 6-р цэцэрлэгийн 230 сая төгрөгийн их засвар,
5. Театр, соёлын төвийн тоног төхөөрөмж,
6. БСУГ-ын багшийн хөгжлийн төвийн засварын ажил гэх мэтчилэн маш чухал асуудлуудыг шийдвэрлэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн болон бусад холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг өнөөдөр Увс аймагт ажиллаж байна.
Тэрээр төрийн албан хаагчидтай уулзахдаа төрийн байгууллагын бүх шатанд сахилга, хариуцлага тогтоох, энэ талаар Засгийн газраас гаргасан Албан даалгаврыг ягштал мөрдөж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг үүрэг болгов.
Мөн иргэдээ сонсож, тэдэнд үйлчилж, санал, хүсэлт, гомдлыг нь цаг алдалгүй барагдуулж, хариуг нь заавал өгч байхыг анхаарууллаа. Төрийн албан хаагчийн ажлыг хагас, бүтэн жилээр дүгнэж, сайн ажилласныг урамшуулах, хангалтгүй дүн үзүүлсэн бол хариуцлага тооцох, төрийн албаныхныг муухай харагдуулж байгаа авлигаас ангид байж, ард түмний итгэл найдварыг алдахгүйн төлөө хичээж ажиллахыг захив.
“Асуудал шийддэг, шударга, ёс зүйтэй, төр, иргэдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажилладаг даргыг бүх талаар дэмжиж, хамтран ажиллана. Дарга хүн За, эсвэл үгүй гэж хариулж чаддаг байх хэрэгтэй” гэв. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажлаа цаг алдалгүй эхэлж, хугацаанд нь, чанартай дуусгахыг сануулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.