Эрүүл мэндийн сайд Н.Удвал ЭМЯ-ны болон НЭМГ-ын харьяа байгууллагын дарга нартай уулзав
2013/06/29
Өнөөдрийн уулзалтаар эмнэлгийн дарга нарын зүгээс тусламж, үйлчилгээ хэвийн явагдаж байгааг хэлээд тулгамдаж буй асуудлуудаа Сайдад танилцуулсан байна. Тухайлбал, Налайх дүүргийн эмнэлгийн барилга, ГССҮТ-ийн барилга, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн барилгууд тус тус асуудалтай байгааг дарга нар учирлаж байлаа. Харин эмнэлгийн барилгын асуудлыг шийдвэрлэхээр УИХ-ын БСШУНББХ -ноос ажлын хэсэг гаран ажиллаж байгааг Сайд хэлэв.
ЭХЭМҮТ-ийн дээврийн засварын ажил хийгдэхгүй удаашралтай байгаа, мөн тус төвд үргүйдлийн лабораторийн тоног төхөөрөмж НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр орж ирсэн. Уг төхөөрөмжийг суурилуулах шаардлагын дагуу засварын ажил төлөвлөгдөж байгаа хэдий ч төлбөр өндөр байдаг юм байна. Үүнийг шийдвэрлэх тал дээр анхаарч өгөхийг ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр хүсэв.
Арьсны өвчин судлалын үндэсний төвийн дарга А.Цогцэцэг хэлэхдээ, Ариутгал, угаалгын тасгийн өргөтгөлийн барилга гурав дахь жилдээ орж байна. Хуучин компани төсөвт ажлаа дуусгана гээд орхисон гэв. Мөн тус төвд компьютер дутагдалтай байгааг харгалзан үзэж 5 компьютрийг шийдэж өгөхийг Сайд холбогдох мэргэжилтэнд даалгасан байна.
Улсын гуравдугаар төв эмнэлэгт ангиографын аппаратыг суурилуулахад шаардагддаг газ менежментийг хийхээр ММСС-гаас 680 сая төгрөгийг санхүүжүүлсэн байгаа ч төлбөрийн зөрүүтэй байдлаас болж уг ажил эхлээгүй байгааг тус эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир дуулгав.
ГССҮТ эмч сувилагч нь сайн боловч орчин нь маш муу байна. Төвийн ард орон сууц баригдаж эхэлснээс хойш хүнд өвчтөнүүдийг тэвэрч оруулдаг болсон. Амралтын өдөр ажиллаж байж хагалгаагаа хийсэн зэрэг асуудлуудыг ГССҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Жамбалжав хэлэв.
Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ, аж ахуйн асуудал их байгаа хэдий ч Лавлагаа төвүүдийн дарга нар бол бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд зангидаж байдаг хүмүүс учраас эдгээр асуудлуудаа хурдан шийдвэрлүүлж, улсын хэмжээнд харж ажиллах хэрэгтэйг хэллээ.
Мөн удахгүй болох улсын баяр наадмыг угтаж бэлэн байдлыг ханган ажиллах төлөвлөгөө, тушаалууд гаргах. Баярын үеэр нарших, хоолны хордлого, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. Хоол хүнсээр дамжин халдварлаж болзошгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай гэв. Наадмын өдрүүдэд хариуцлага өндөртэй байж, туршлагатай эмч нараа ажиллуулах, алсын дуудлагын хуваарь гаргахыг Эрүүл мэндийн сайд ЭМЯ-ны болон НЭМГ-ын харьяа байгууллагын дарга нарт үүрэг болгосон байна.