Элэг бүтэн гэр бүл, аз жаргалтай амьдралыг залуучууд хүсч байна
2014/01/14
Монголын Залуучуудын Холбооны үйл ажиллагаа идэвхжиж олон ажлуудыг хийж байгаагийн нэг нь салбар хороо байгуулах ажил байсан юм. Өнгөрсөн хугацаанд соёл урлаг, спорт, хүмүүнлэг, эрүүл мэнд, шинжлэх ухаан, хууль эрх зүй, хүнс шим тэжээл, байгаль орчин, залуу малчид, залуу сэтгүүлчдийн нэгдэл гэх мэт олон хороодыг байгуулсан бөгөөд хороо байгуулснаар тухайн чиглэлээр залууст зөв ойлголт төрүүлж, сайн дурын үйл ажиллагаанд идэвхитэй хамрагдах, хүсэл сонирхол нэгтэй залуус нэгдэж хийж бүтээх, урам зориг өгөх, салбар бүрийн мэдлэгтэй болоход ач тустай юм байна. Тэгвэл тун удахгүй гэр бүлийн хороо байгуулахаар МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат жиргэлээ.
Гэр бүлийн хорооны даргаар Б.Оюун-Эрдэнэ Улаанбаатар их сургуулийн “Гэр бүл” судлалын тэнхимийн эрхлэгч,доктор/Ph.D/ ажиллах бөгөөд “Гэр бүлийн зөвлөгөө өгөх төвийн стандарт”-ыг анх удаа боловсруулсан хүн юм байна. Сүүлийн үед залуучууд гэр бүлийн амьдрал эхлүүлж, хүүхэдтэй болсны дараа салах асуудал ихээр гарч байгаа нь гэр бүлд өгөх зөвлөгөө дутмаг, ойлголт муу, хаана хандахаа мэдэхгүй байдгаас үүдэлтэй байна гэж эрдэмтэн судлаачид үзэж байгаа юм. Тиймээс залуу гэр бүлд зөвлөгөө өгөх, гэр бүлийн амьдралыг тогтвортой болгох, хил дамнасан гэр бүлийн асуудал гээд тэдний мэддэггүй ойлгоддоггүй зүйлийн талаар зөвлөж, хамтарч ажиллах “гэр бүл”-ийн хороо байгуулагдаж байгаад залуучууд талархалтай хандаж байгаа юм.