УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдов
2018/03/26
Бөх сонирхогчид төдийгүй бөхчүүдийн анхаарлыг татсан Монголын үндэсний бөхийн холбооны VIII “Их Эе” дуусаж, шинэ тэргүүнээ сонголоо. Энэ удаагийн хуралд 200 төлөөлөгч оролцохоор мандат авсан ч тэдний 153 нь оролцжээ. Уг хурлын гол асуудал нь шинэ тэргүүнийг сонгох явдал байв.
Тус холбооны тэргүүн P.Нямдорж албаа сайн дураараа өгч буйгаа мэдэгдэж, нэрээ дэвшүүлээгүй.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, заануудыг төлөөлж Ц.Магалжав зааныг тэргүүнд өрсөлдүүлэхээр төлөөлөгчид санал нэгджээ. Гэвч сонгууль болоход Б.Бат-Эрдэнэ гишүүнээс бусад нь нэрээ татсан юм. Ингээд санал хураалт болоход 143 төлөөлөгчөөс 140 нь Б.Бат-Эрдэнэ гишүүнд саналаа өгснөөр тэр ирэх дөрвөн жилд Монголын үндэсний бөхийн холбоог удирдах болж байна. “Их Эе”-ийн хэлэлцэх асуудалд МҮБХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах байсан.
Үүний дагуу дүрмэнд тэргүүн орон тооны бус байхаар баталжээ. Иймээс УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ МҮБХ-г удирдан явуулах бүрэн боломжтой болсон гэнэ. Мөн Цэцдийн зөвлөлд 91 гишүүний нэрийг дэвшүүлснээс 76-г сонгосон юм. Үүнээс нууц санал хураалтаар 44 гишүүнийг сонголоо.
Хэдийгээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг МҮБХ-ны ээлжит “Их Эе”-ээр шинэ тэргүүнээр сонгосон ч тэрбээр эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай. Учир нь. УИХ-ын гишүүн А.Сүхбат, дарга аварга Х.Баянмөнх нарын тэргүүтэй хэсэг бөх, бөхийн зүтгэлтнүүд энэхүү “Их Эе”-ийг хүчингүй гэж мэдэгдсэн. Дээрх хурал болохоос өмнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан шийдвэр танилцуулах гэсэн боловч хүлээж аваагүй. Улмаар өнөөдөр дахин Бөхийн өргөөнд очиж хүлээлгэн өгөхөөр тохиролцоод буцсан билээ.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
Манкир · 2018/03/26
Монгол бөх гэж ичээч
uher · 2018/03/26
boh ch gej dee orovdmoor amtad