Оюутолгойн гэрээ Монголд ашиггүй болсныг учир мэдэх нөхөд бүгд хүлээн зөвшөөрөөд байна. Тиймдээ ч засч залруулах тухай хөндөхтэй зэрэгцэн С.Баярцогтыг балбаж эхэлдэг. Уг нь гэрээг ганц хүн үзэглээгүй. Тодруулбал, тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт гэрээ байгуулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсныг яагаад сөхөхгүй байна вэ?

Нөхөн сонгуулиар парламентын босго алхсан тэрбээр тэр даруй дэвшиж, Монголын тулгуур салбарын сайдаар томилогдсон. Тэр бүү хэл, түүхэнд мөнхлөгдөх Оюутолгойн гэрээг үзэглэх ажлын хэсгийн ахлагчаар ажилласан нь мань хүн шүү дээ. Тиймдээ ч Оюутолгойн гэрээний хариуцлагыг Д.Зоригтоос нэхэмжилж, албан тушаалаас нь огцруулах бичгийг өргөн барьж байсан нь саяхан. Ямартаа нэг сайдыг хоёр ч удаа огцруулахаар өргөн барьсан түүхийг тэр эхлүүлж байлаа. Гэтэл өдгөө тэрбээр сураг алдарч, намынхан нь Японд суралцахаар явсан гэх ганц үгээр ам таглаж хэдэн жилийг үдэв.

Эргэн саная, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өдгөөгөөс найман жилийн өмнө буюу 2009 оны аравдугаар сарын 7-нд гарын үсэг зурж тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр тэргүүтэй улстөрчид “Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр Оюутолгойн гэрээ батлагдлаа” хэмээн найрлах нь холгүй байв. Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч Эрдэс баялаг Эрчим хүчний сайд Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар гарын үсэг зурсан бол хөрөнгө оруулагчдыг төлөөлж, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн зэс, очир эрдэнийн бүлгийн Ерөнхий захирал Брет Клейтон, “Айвенхоу майнз Монголия Инк” ХХК-ийн Ерөнхий захирал Кийт Маршал, “Айвенхоу Майнз Лимитед” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар гарын үсэг зурсан байдаг.

Тухайн үед луйврын гэрээ болох нь гэдгийг эрдэмтэн докторууд удаа дараа сануулж байсан боловч нохой хуцсан чинээнд ч анхаарч хэлэлцээгүй. Эцэст нь “Эрдэнэт” шиг долоон үйлдвэртэй тэнцэхүйц 45 сая тонн зэсийн нөөцтэй Оюутолгойг харийнханд бэлэглэчихсэнийг УИХ-ын гишүүд, Засгийн газар хүлээн зөвшөөрч, хэрүүлийн, харууслын харангыг өнөө хүртэл дэлдсээр ирлээ. Засаж залруулах арга замыг ч дээр дооргүй хайж эхэлсэн. Хайх бүртээ С.Баярцогтыг сэмэртэл нүдсээр байна. Харин ажлын хэсгийн буюу С.Баярцогтын үйлдлийг ахалж, хянаж, удирдаж байсан эрхэм Д.Зоригтыг бултаараа мартаж, орхигдуулаад байна. Орхигдуулах, сануулахгүй байх ажиллагааг ч хэн нэг нь зохиосоор ирлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан Д.Бадраа агсны төрсөн ах гэдгээр нь тухайн үед олон нийт түүнийг зүслэдэг байв. 1971 онд Улаанбаатар хотод сэхээтний гэр бүлд төрсөн, орос сургалттай гуравдугаар сургуулийг төгссөн. Дунд сургуулиа төгсөөд 1988-1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг улс төр судлаач, хятад судлаач мэргэжлээр дүүргэн, 1996-1998 онд Австралийн их сургуульд олон улсын харилцааны магистр, 2002-2003 онд Японы Киюшюгийн их сургуульд хууль зүйн ухааны магистрт тус тус суралцсан боловсролтой нэгэн.

Улмаар 2004 онд өдгөөгийн МАН буюу МАХН-д элссэн түүнийг УИХ-ын сонгуулийн үеэр Сүхбаатар дүүрэгт тухайн үеийн намын дарга С.Баяр, УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын сонгуулийн зөвлөхөөр ажиллаж байснаар нь улс төрийн хүрээнийхэн гадарлах л төдий. Гэхдээ улс төрд улаан гэрэл, цагаан шугам үл хайхран урагшилсан амжилт нь өнөөгийн УИХ-ын дарга М.Энхболдын гавьяа гэдэг. Тиймдээ ч нэрнийх нь ард М.Энхболдын хүн гэх дагавар залгагддчихдаг юм билээ. Юутай ч тэрбээр Н.Энхбаярын намдаа гомдох эхний шалтгаан нь болж, нөхөн сонгуулиар өндөр сэнтий давж, монголчуудын хэдэн үеэрээ хооллох савыг зэврүүлж, хоолыг нь хэдхэн гэр бүл идэхэд хүргэж дөнгөсөн нөхөр. Улстөрийн хувьд хэн ч байсан хүүхэд гэнэтхэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар томилогдон, улмаар улсын чухал гэрээг үзэглэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллан, цаашлаад өнөө хэр нууцлагдан алга болох илбийн мэт эл үйлийн учгийг Д.Зоригт л тайлах ёстой бус уу. Түүнийг олж ир, тэр мэднэ гэж яагаад, хэн ч, өнөөдрийг хүртэл орилохгүй, ухахгүй байгаа нь сонин. Уг нь улстөрд, ялангуяа Төрийн ордонд, М.Энхболдын тун ойр шадарлан буй юм билээ. Юун суралцахаар одсон энэ тэр. Сү.Батболдтой ойр ойрхон уулзаж, дотно нөхөрлөсөн мань эр “Е март”-ын ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан ч М.Энхболд УИХ-ын дарга болохтой зэрэгцэх шахан Төрийн ордонд тухалсан нь бас л тааж, мэдэхийн аргагүй улстөрийн бодлого, нүүдэл болоод байна.

Хэдий хүртэл Оюутолгойн гэрээний элдэв зүйл яригдах бүрт С.Баярцогт адлагдаж, мань хүн чимээ аниргүйхэн амьдарч, тэр бүү хэл судалгаа хийж яваа нэрээр бултасхийн байх вэ. Хөөрхөн царайт гэгддэг хөөрхий С.Баярцогт байсгээд л бариулан, саваадуулан уйлж суухад манай Д.Зоригт гуай судалгааны ажлаас гадна хувийн бизнес болох зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани байгуулж, хажуугаар нь хүнс, аялал жуулчлалын салбарт гар хөлөө лавхан дүрж, бандайтал баяжин, дэгжин яваа баярт мэдээтэй суух нь арай л шударга бус явдал биш үү. Хариуцлага ярьж, шалгуулж, шалуулах байтугай Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын суудалд нэр нь ойр ойрхон сонсогдож, Д.Загджавын үг, үйлдэл бишдэх бүрт тэр тодрон гарч ирж буй Монгол түмнийг доромжилсон, увайгүй улстөрчдийн даварсан, дэндсэн үйлдэл биш гэж үү.

Одоогоор түүний нэр дээр илэрсэн оффшор хараахан алга, магадгүй гаргаж ирж гөвж нааддаг багийнхны ойрын төлөвлөгөөнд байхгүй байгаа ч байж мэдэх. Тухайн үед АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгээрээ бол юун Емартын ТУЗ-ийн дарга болох манатай, хамгийн ядуу гишүүдийн тоонд багтаж байсан эр. Д.Зоригтын жилийн орлого ердөө 14 сая 60.4 мянган төгрөг байв. Үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэггүй, өөрийн гэсэн амины орон сууц, эзэмшил газаргүй байсан өрөвдөлт нэгэн. Ганц үнэт зүйл нь хурдан удмын 100 гаруй сая төгрөгийн адуутай. Харин гэр бүлийнх нь гишүүд өөрөөс нь 15 дахин их буюу жилдээ 210 сая 180 мянган төгрөгийн орлоготой, 15 сая төгрөгийн үнэтэй “Прадо” жийп хөлөглөдөг, хадгаламжиндаа 222 сая төгрөгтэй. Ийм орлого, хадгаламжтай гэр бүл нь түүнд гар сарвайж дэмждэггүй байсан бололтой, хөөрхий минь “Хас” банкнаас 4 сая 203 мянган төгрөгийн зээл авсан гэсэн мэдүүлэгтэй байв.

 

Үргэлжлэлийг Нийгмийн шуудан сониноос