2013 оны долдугаар сард “Хадгаламж банк” ХХК-ийг татан буулгаж актив, пассив хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлэх замаар харилцагч, хадгаламж эзэмшигч нарын мөнгөн хөрөнгийг эрсдэлээс хамгаалсан байдаг. Уг үйл явдлын дараа Алтжин Г.Алтангийн хүү Эдвард Сүрэн Хадгаламж банкны гаргасан баталгааг үндэслэж, “Жаст групп” ХХК-д 32,8 сая ам.долларыг зээлдүүлсэн гэж Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүхээс “Жаст групп” ХХК-ийг Э.Сүрэнгээс зээлдсэн мөнгөө төлөх, төлөхгүй бол баталгаа гаргасан Төрийн банкаар төлүүлэх шийдвэр гаргасан.

Шүүх тухайн хэрэгт Хадгаламж банкны Эрх хүлээн авагчийг татан оролцуулаагүйн улмаас актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж Төрийн банкнаас Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Уг шийдвэр болон Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн архивт хадгалагдаж байсан хэд хэдэн ноцтой баримтыг үндэслэж Э.Сүрэнгийн гаргасан баримтууд хуурамч гэж үзэж Төрийн банкны зүгээс Шинээр илэрсэн байдлыг тогтоолгохоор шүүхэд хандсан байдаг.

 

Энэ хэргийн талаар АТГ-ын МШХ-ийн дарга Э.Идэрцог: “Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой асуудалд “Алтжин” компанийн захирал Г.Алтан, тэдгээрийн хооронд мөнгө төгрөг шилжсэн, тодорхой ашигт малтмалын лиценз худалдаж авч, хоорондоо шилжүүлсэн гэх мэт харилцаа үүссэн байдаг. Энэ асуудлаар Г.Алтангаас өмнө нь мэдүүлэг авсан байдаг. Одоо бас дуудаж авна. Г.Алтангийн хүүхэд Эдвардын Сүрэн гэж хүн төрийн банкнаас мөнгө төгрөг нэхэмжилсэн асуудлаар иргэний журмаар шүүхийн шийдвэр гарсан байдаг. Энэ шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан уу, үгүй юу гэдэг асуудлыг эрх бүхий байгууллагууд шалгах ёстой. Бидний зүгээс тэр өр зээл нь үнэхээр бодитой байсан уу, тэр өр зээлийг хоорондоо өгч авалцах албан тушаалтнуудын оролцоо ямар байсан бэ гэдгийг анхаарч шалгаж байгаа. Шаардлагатай, үндэслэл бүхий асуудал тогтоогдвол үргэлжлүүлэн шалгах болно.”

 

Тэгвэл энэ хэргийн шүүх хурал дөнгөж сая Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд бослон байна. Шүүхээс хэргийг хэлэлцээд энэ сарын 17  хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа. Учир нь Жаст ХХК-ийг  Жаст ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хуулийн этгээдийн лавлагааг авах шаардлагатай болсон. Тиймээс, итгэмжлэгдсэн төлөөлөгч Жаст компанийг төлөөлөх эрхтэй эсэхийг тогтоохоор шүүх хуралдааныг хойшлуулсан байна.