Ч.Сайханбилэг, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг С.Баярцогттой адилхан намаасаа хөөнө биз дээ? АН-ынхаан
2018/04/04
Сангийн Сайд, ЗГХЭГ-ийн дарга асан С.Баярцогтын Швейцарь дахь оффшор данстай холбоотой асуудал олон улсын нэр хүнд бүхий хэвлэл "Reuters"-ээр гарч, түүнийг Авилгалтай Тэмцэх Газар ОюуТолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор шалгаж эхлэх үед Ардчилсан Нам түүнийг намын гишүүнчлэлээсээ хассан.
Тодруулбал 2018 оны 3 сарын 20-ы өдөр АН-ын дарга С.Эрдэнийн А118 дугаартай тушаал гарч, Ардчилсан Намын үндсэн дүрмийн 5.17.1, 5.17.5.2, 5.21 1 дэхь заалт, Улс төрийн зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 20-ы өдрийн 4,5, Үндсэн дүрмийн хорооны 2018 оны 3 дугаар сарын 20-ны 2 дугаар
тогтоолыг тус тус үндэслэн Ардчилсан Намын гишүүн Сангажавын Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хассугай гэсэн шийдвэр гаргасан билээ. Өнгөрсөн Ням гарагийн орой түүнийг "ЭрдэнэсМонгол" компаний захирал асан Б.Бямбасайхан, Татварын Ерөнхий Газрын дарга асан Б.Ариунсан нарын хамт албадан баривчилж, улмаар яллагдагчаар татан, 30 хоног саатуулахаар болоод байна. Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг гадаададаас ирмэгц саатуулах аж.
Эдгээр улс төрчдийг Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгаж буй юм. С.Баярцогтыг АН-аас хөөх тухай шийдвэрийг танилцуулах үеэрээ АН-ын нарийн бичгийн дарга нь: "Энэ мэтээр хууль бус үйл ажиллагаанд холбогдсон гишүүддээ хариуцлага тооцож ажиллана" хэмээн мэдэгдсэн билээ. Үнэхээр энэ зарчим нь үнэн бол Ерөнхий сайд, ЗГХЭГ-ийн дарга, УИХ-ын гишүүн асан, АН-ын гишүүн Ч.Сайханбилэг, Тагнуулын Ерөнхий Газрын дарга, Татварын Ерөнхий Газрын дарга асан, АН-ын гишүүн Б.Ариунсан, "ЭрдэнэсМонгол" компаний захирал Б.Бямбасайхан нарыг ч АН-ын гишүүнчлэлээс хасах учиртай.
Ч.Сайханбилэг, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг С.Баярцогттой адилхан намаасаа хөөнө биз дээ? АН-ынхаан.
Э.Мягмар
sonin.mn
ЭРДЭНЭ · 2018/04/04
НАДТАЙ ЯАЖ ХАРЬЦАХААС ХАМААРНА ДАА. ЯРИЛЦАЖ БОЛОХ Л ЮМ. ХА ХА ХА.
ЗОЧИН · 2018/04/04
АН - ЧАДДАГААРАА САЙХАНБИЛЭГ , АРИУНСАН , БЯМБАСАЙХАН НАРЫНХАА НЭРИЙГ СОЛИХ ЮМ БИЗЭЭ . БААС ХАТАВЧ ӨМХИЙГӨӨ ТАВИХГҮЙ .