Ч.Сайханбилэг та, ам.долларын ханш өсвөл Монголыг бүхэлд нь зарах уу
2014/01/15
Н.Алтанхуягийн Засгийн газарт эгэл хүн алга. Бүгд баатар. Гэхдээ эх орныхоо төлөө тусыг өргөж, ёсыг бодсон нь нэгээхэн ч үгүй. Эсрэг дүрийн баатрууд. Уг нь монголчууд өнгөрсөн хоёр өдрийн турш Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийг уучлал гуйх болов уу гэж хүлээсэн. Гэтэл тэр тэгсэнгүй. Харин ч “Өнгөрсөн баларсан зүйл сөхөж яриад” хэмээн хэдэн үг зөөж хэлэн өөрийгөө энхийн цагаан тагтаа мэтээр харагдуулахыг хүсэв. Яриаг нь сийрүүлэх нь ээ “Энэ чинь есдүгээр сард яригдсан санал. Өнгөрсөн асуудлыг сөхөж ирж улстөржих хэрэггүй” гэнэ билээ.
Уучлаарай, Ч.Сайханбилэг гишүүн ээ. Ч.Сайханбилэг сайд аа. Та хэрэв УИХ-ын сонгуульд нэр дэвших байгаад МАН-ын намаас ийм асуудал үүсгэсэн бол хувь улстөрчийнхөө хувьд үг дуугүй өнгөрөх байсан уу.
Хамгийн түрүүнд хэвлэлийн бага хурал хийлгэж “Би чинь эх оронч хүн шүү дээ” гэчихсэн бичгийн цаас самардаад зогсч байх л байсан. Үнэн шүү. Энэ бол та бүхний хийж ирсэн улс төр. Тиймээс ч энэ удаад МАН-ыг улс төрийн ашиг сонирхлоор ч болов таны үйлдсэн бичгийг дэлгэж тавьсанд нь талархая. Учир нь өнөөдрийг хүртэл монголчууд ам.долларын ханшийг тогтворжуулахын тулд тусгай хамгаалалтын газар нутгийг чөлөөлж, хүссэн зорьсонд нь онгичиж, сэндийлэх эрх өгч мэдэх Засгийн газартай гэдгээ мэдээгүй байсан юм. Энэ бол таны хэлсэн үгнээс төрсөн дүгнэлт. Та өөрөө л “2013 оны намрын чуулганы өмнө долларын ханшийн өсөлтөөс шалтгаалан ээлжит бус чуулганыг зарласан. Засгийн газар тодорхой арга хэмжээ авах, асуудлыг судалж, УИХ-д оруулж ирэх үүрэг УИХ-аас өгсөн. Үүний дагуу Засгийн газраас бололцоотой бүгдийг судалж, шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байсан. Энэ хүрээнд зарим орд газруудыг ашиглаж болох үгүйг судалж, гурван аймаг руу 2013 оны есдүгээр сарын 13-ны өдөр санал авахаар албан бичиг хүргүүлсэн” гэж хэлсэн.
Эндээс харахад дараагийн ээлжинд ам.долларын ханш өсвөл Н.Алтанхуягийн Засгийн газар Хөвсгөл далайн эргээс фосфорит олборлох эцсийн шийдвэрийг гаргах нь. Бүр болж өгөхгүй бол ойн нөөцийг бүхэлд нь тайрч, урд хөрш рүү импортлохыг санаархана. Ингээд ч тусыг эс олбол стратегийн орд газрын жагсаалтад орсон бүх ордыг гадныханд sale зарлах маягаар гуйж өгөх үү. Тэр цагт шалтгааныг нь “Ам.долларын ханш өсөөд болохгүй байсан юмаа. Өөрөөр тогтворжуулах арга олдоогүй юм. Та нар л ямар нэгэн аргаар шийдвэрлүүлэхийг хүсээ биз дээ” гэж тайлбарлах нь.
Ард олны хувьд Говь-Алтай аймгийн тусгай хамгаалалттай газар нутагт оршдог алтны “Талын мэлтэс” болон зэсийн “Хатан суудал” ордыг чөлөөлөх санаачилга хэмээн хардаж байгаа. Тэгвэл бидний хувьд дараа нь Ч.Сайханбилэг хийгээд түүний баг юугаар дэнжин тавих санаачилга гаргах бол гэдгээс айж байна. Учир нь та өчигдөр санаачилсан гэмээ өнөөдөр өмөөрч чадаж байгаа шигээ маргааш Монголыг хэрхэн золихыг нь таашгүй юм. Та бид ийм л улстөрчдийг өнгөрсөн 20 жилийн турш боловсруулсан байна, монголчууд аа.
Анх бидний аав, ээж “Өө, нөгөө “Сувгаа битгий солиорой” гэдэг залуу нэр дэвшиж байгаа юм байна шүү дээ” гэж байгаад л УИХ-д нэр дэвшихэд нь саналаа өгсөн. Тэр цагаас хойш таны сонгогчдыг татах соронз нь компьютер л байсан. Иргэдэд өнөөдрийнх шиг сардаа ихдээ 50 мянган төгрөг төлөөд хоёр жилийн хугацаанд компьютер авах боломж байгаагүй учраас дахиад л таньд саналаа өгсөн. “Хүүхэд бүрт компьютер” гэсэн уриа нь хүүхдийнх нь инээмсэглэл шиг санагдсан ч байж болох. Хууртдгаараа хууртсан.
Харин энэ удаад монголчууд дахин хууртах нь юу л бол. Учир нь газар нутаг гэдэг хүүхэд бүрт амласан хятад компьютерээс тань огт өөр зүйл шүү, Ч.Сайханбилэг сайд аа. Зарим нэг нь газар нутгийн төлөө гэсэн уриагаараа хэт өвчилж, ордон руу буу агсан орсон байж болно. Харин энэ үгийг эрхэм зорилгоо болгосон эрүүл саруул сэтгэлгээтнүүд Монголоор дүүрэн байгаа. Тэр хүмүүс таныг дараагийн удаад дахин “Ам.долларын ханшийг бууруулахын тулд тусгай хамгаалалттай газар нутгийн чөлөөлж, алт олборлох хэрэгтэй байна” гэсэн бичиг хийгээд, түүнийгээ өмгөөлөөд суувал тань уучлах эсэхийг мэдэхгүй юм. УИХ-ын гишүүн С.Баярцогт гурван сая төгрөгтэй дансаа мартаж монголчуудыг доромжилсон. Та түүний араас уулыг нурааж, усыг ширгээх зорилготой саналаа “Өчигдрийн асуудал. Битгий сүржигнэ” гэж цайруулахаар пээдэлзэж байна. Найзын нөхөрлөл үнэнч байлаа гэхэд олныг доромжлох дүрэм нэг байж болохгүй шүү, Ч.Сайханбилэг гишүүн ээ. Иймд танаас дахиад асууя. Та ам.долларын ханш дахин өсвөл Монголыг бүхэлд нь зарах уу. Хариултыг нь хашгирч, загнаж хэлбэл хариуг нь хатуухан барьж чадна шүү, гишүүнээ.
Г.Отгонжаргал
Зочин · 2014/01/16
Ene ardchilsan namiihan idehee duusgaach ee ta nar odoo bolno oo bolno
Зочин · 2014/01/16
Сонгуулийн буянаар нэг аймгийн ийм асуудал ил гарч ирлээ.Бусад аймгуудад мэдэгдэхгүй юу болж байгааг бид мэдэхгүй шүү дэ.Аймшигтай юм аа