Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан: Би Хятадуудыг өмөөрнө
2018/04/10
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн 2012 онд бичиж байсан “Би хятадуудыг өмөөрнө” нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Улаанбаатарт нэг өдөр 500 гаруй хятад иргэн буув гэнэ. Монголчуудын уурлаж бухимдаж байгааг ээ. Сонин, телевизээр нэг “Монгол эх орон минь хятадуудад эзлэгдлээ”, “Монгол хүн ажиллах ёстой ажлын байранд хятадуудыг олноор нь авчирч байна” гэж ирээд л шогширлоо. Чин ван Ханддоржийн “Жанчхүүгийн даваанаас нааш хятад шаахайны мөр гаргахгүй” гэсэн үгийг иш татан золтой л БНХАУ-ын эсрэг дайн зарлачихсангүй. Цус нь буцлаад бүр үхэх нь ээ. Харин би тэдний эсрэг бодолтой байна. Бүр монголчуудаасаа ам асуумаар санагдав. Эзгүй гэр, эцэггүй хүүхэд үлдсэн энэ оронд чинь тэгээд ажил хийж байгаа нь хэд юм бэ.
Улаанбаатар хотод өдгөө 17 мянган хятад иргэн ажиллаж байгаа гэсэн тоо байна. Тэдний оронд ажиллах 17 мянган монгол тэгвэл хаана явна вэ. Энэ асуултад үнэн бодитоор хариулах хүн байна уу. Уншигч та намайг Хятадын эрлийз байх гэж хардахаасаа өмнө “Зар мэдээ” сониныг аваад үзээрэй. Ар өвөргүй 17 хуудас “Ажилд авна” гэсэн зар байгаа. Харин “Ажил хайж байна” гэсэн зар ердөө тав зургаахан бий. Энэ юу гэсэн үг болохыг мэдэх үү. Монголчууд ажил хийх дургүй гэсэн үг. Монгол хүн ямар ажил сонирхдог вэ гэвэл өндөр цалинтай, болж өгвөл шууд захирал, дарга болох, бас хулгай хийх боломжтой, худлаа ярих эрхтэй, архи уугаад шартсан өдөр ажилдаа ирэхгүй байж болдог, ажил олгогчоо дарамтлах нь хууль ёсных байхаар тийм л ажил хайдаг.
Хэрвээ эдгээр тулгуур зарчмуудын аль нэг нь таарч тохирч байвал ажилд ордог. Тэгээд ажлын шаардлага тавьсан тохиолдолд “тэгвэл больчихъё” хэмээн таахалзана. Уг нь Япон, Америкт ажлаасаа халагдвал амиа хорлохоос өөр аргагүй болдог. Харин Монголд ажлаасаа гарснаараа онгирдог. Өөрөө гуйж ажилд ороогүй өрөөлөөр гуйлгаж ажилд орсон гэж боддог. Хятад хүн цаг, минут бүрээр ажил хийж түүнийхээ хөлсөөр будаа гурилаа авч иднэ гэж тооцдог бол монгол хүн аль болохоор зүгээр сууж байгаад, бас боломж олдвол хулгай хийгээд цалин авчихыг бодно. Тэгээд цалингийнхаа тодорхой хувийг архинд өгнө. Маргааш нь шартаад ажилдаа очихгүй байж ч чадна. Халагдах торгуулахаас огт айхгүй. Хэрвээ ажлаасаа халагдчихвал аав, ээжийндээ очоод хэвтчих юм чинь. Эсвэл эхнэр, нөхрөөрөө тэжээлгэнэ.
Бүр болохгүй бол хүнээс мөнгө гуйна. Аргаа барвал аль нэг юмаа ломбарданд тавина. Тэр хооронд дахиад нэг ажил олж л таараа. Өөрөөр хэлбэл, дахин нэг ажил олгогчийг хулхидах ээлжит авдаа гарна даа. Гэхдээ ингэж хүнээс юм гуйхгүй дээгүүр зантай сэвж сэвчихээд харин Өмнөд Солонгост боол болж экспортлогдох урт дараалалд нойр хоолгүй дугаарлана. Монгол хүний энэ араншинг харин ойлгож болмоор санагдаад байгаа юм. Эрт дээр үеэсээ л монголчууд ингэж амьдарсаар иржээ. Ямар ч ажил хийхгүй архи айраг эргүүлж дуулж хуурдаж явсаар гэнэт гэр нь хоол ундгүй, түлэх түлшгүй болсноо мэднэ. Нум, сумаа үүрээд мориндоо морьдоод л саахалт айлаа дээрэмдэнэ. Энэ арга зам нь хөгжсөөр саахалт айлтайгаа нэгдээд нөгөө саахалтаа дээрэмдэнэ. Тэгсээр хүний нийгмийн хөгжлийг дагаж бүр нэг улс болоод бүгдээрээ дээрэм хийж явжээ.
Нүүдэлчин удмынхан мах шөлөө нөөцөлдөггүй, торго дурдангаа өөрсдөө хийдэггүй, будаа гурил ногоогоо тарьж байсангүй. Шууд урагшаа давхиад л суурин иргэдээс дээрэмдээд аваад ирдэг байсан нь үнэн. Чингис хааны байлдан дагуулалтын үед ч цэрэг зэвсгээ замдаа эзэлсэн орон нутгаас дайчлаад л, хоол ундаа мөн тийн шийдсээр явсан байсан. Найм, есөн зууны тэртээд энэ хэлбэрээр амьдарч болдог байсан бол одоо арай л болохгүй болжээ. Арга буюу боловсон аргаар дээрэмдэх, хулгайлах, хуурах бололцоог бодож олсон байна. Барилгын компаниуд яагаад ажилчдаа Хятадаас авчраад байгааг ойлгож ядах юм алга. Монгол ажилчин барилгын материалаас нь хулгай хийнэ.
Эсвэл архиар солиод уучихна. Харин хятадууд тэгэхгүй. Багахан цалингаа нүх ухаж булах нь холгүй хадгалж байгаад эхнэр хүүхэддээ явуулна. Юун хулгай хийх, архи уух. Даргынхаа өмнөөс тэд хэзээ ч хэрэлдэхгүй. Хуурна гэсэн ойлголт байхгүй. Харин манайхан бол энэ тал дээр үнэхээр эрдэм чадал нь хэтийдсэн улс аа. Хоолны газар ажиллавал хоолноос нь хулгай хийнэ. Шатахуун түгээх газраас шатахууныг нь дусал дуслаар нь шимнэ. Эмнэлэгт бол эм тариа, хөвөн, боолт юу ч байсан хусна. Аль нэг байгууллагын ажлын хувцсыг шошго энэ тэртэй нь Нарантуул зах дээр зарна. Зарж байгаа нь ч, авч байгаа нь ч тоохгүй. Цагдаа нь өөрөө хулгайч байхад хэн ер нь тоох вэ дээ, тийм үү.
Ийм байхад Монголын ажил олгогчид гадаадаас хямд ажиллах хүч авах нь зөв. Найдваргүй монгол хүн аваад хамаг юмаа хулгайлуулж байснаас ажлын байрнаасаа толгойгоо ч цухуйлгадаггүй хятад ажилчин авчирсан нь дээр. Ийм олон учир шалтгааны үүднээс би хятад хүнийг өмөөрнө. Итгэл даах монгол хүн байхгүй учраас итгэл эвддэггүй хятад хүнийг би өмөөрнө. Намайг Хятадын эрлийз гэж хэлсэн ч би өмөөрнө. Миний өвөг дээдэс хятадуудын эсрэг тулалдаж амиа өргөж байсан ч энэ цаг үед би хятад ажилчинг өмөөрнө. Авсан цалингаа алчууранд боогоод хөвөнтэй цамцныхаа халаасанд хадгалж байгаад уулын тосгонд суугаа эхнэртээ илгээх хятад хүнийг би хүндэтгэнэ.
Цалингаа нэмүүлснийхээ маргаашнаас ажлаа хийхээ больдог ямаан омогтой монгол хүнийг би үзэн ядна. Тархинд минь биш цусанд минь оршдог хятадыг үзэн ядах үзлээ би энэ цаг хугацаанд тэвчиж чадна. Яагаад гэвэл би ажил олгогч монгол хүн. Яагаад гэвэл би бизнес хийж амьдралаа өөд нь татах гэж яваа татвар төлөгч. Яагаад гэвэл би ажиллах боловсон хүчнийг уйгагүй хайж яваа бизнес эрхлэгч. Тиймээ, би хятадуудыг өмөөрч байна. Бүр өмөөрсөн шиг өмөөрч байна, яадаг юм.
СЭТГҮҮЛЧ Л.Мөнхбаясгалан
bat · 2018/04/12
Za bas ooriinhoo uzel bodliig l helj bgaa baih.ene uchir dutagdaltai yum ih l baina daa. ertnii neg zuir tsetsen ugiig sanuulaad baina. vs urt uhaan bogino gej .
ЗОЧИН · 2018/04/12
ХЭРЭВ БИ АЖИЛ ОЛГОГЧ БАЙСАН БОЛ МӨН Л ХЯТАД, ЭСВЭЛ ХОЙД СОЛОНГОСЫН АЖИЛЧДЫГ АВНА. ЯАГААД ГЭВЭЛ ТЭД АЖЛАА МАШ САЙН ХИЙНЭ, ХУЛГАЙ ХИЙХГҮЙ, АРХИ УУХГҮЙ. МӨНХБАЯСГАЛАНГ ДЭМЖИЖ БАЙНА.
Зочин · 2018/04/11
болно оо өмөөрч болно. гэхдээ нэг л юмыг сайн ойлго. монголчууд хятад хүнд нь биш, үндэстэнд нь биш, гол но эдгээр хүмүүс цөөн тоотой ард түмний дунд ихэсвэл яаж болдоггүй юм болдгийг анхаарах хэрэгтэй. сэтгүүлч ээ уул нь би чамайг их л дэмждэг юм дотроо
zochin · 2018/04/11
ene huuhen hiitei yum bna tuilbargui hudalch ene niitleliig sayahan bichsen bna yun 2012on odoo l uhaarch gene jinhene mongol yalna geed soliorood l yawsan shuu dee
Зочин · 2018/04/11
Зочин · 2018/04/11
Яг үнэн
Зочин · 2018/04/10
Ardchilal geltgui yag l iim ert deer yeesee baisan um aa bid chin. bidnii gend baidag muu zan toolood baragdahgui gedgee huleez suraya aa
jak · 2018/04/10
buh yum 2 taltai shuu
Баатар · 2018/04/10
Монголчуудыг ийм болгохыг чиний өмөөрөөд байдаг үхэж байсан ардчилал б ий болгосон юм. Мэдэв үү
DORJOO · 2018/04/10
ГАШУУН ҮНЭЭЭЭЭН