Хуулийн этгээдийн нэр авахын тулд 100 айлыг зорих шаардлагагүй боллоо
2018/04/11
Төрийн үйлчилгээг ард иргэдэд ойртуулах, түргэн шуурхай болгох Засгийн газрын бодлого зорилтын хүрээнд ОӨУБЕГ-ын хуулийн этгээдийн оноосон нэр олголтын бүртгэлийг цахимаар буюу интернэтээр олгож эхэллээ. Ингэснээр иргэд гэрээсээ, оффисоосоо, гар утаснаасаа интернэт холбогдон http://les.burtgel.gov.mn/ хаягаар компани аж ахуй нэгжийнхээ нэрийг өөрсдөө шүүж, боломжит хувилбаруудыг илгээн баталгаажуулж авах боломжтой болжээ.
Өөрөөр хэлбэл зөвхөн нэр авахын тулд бүртгэлийн байгууллагаруу явах шаардлагагүй бөгөөд нэрээ цахимаар авсан бол ажлын 10, хуанлийн 14 хоногтоо багтан хуулийн этгээдээ бүртгүүлэхэд л болох аж. Нэг иргэн өдөрт 3 хүртэл оноосон нэр баталгаажуулан авах эрхтэй ба өөрсдөө сонгосон нэрээрээ хайлт хийж, бүртгэлтэй байгаа адил төстэй нэрсийг шууд харах боломжийг олгож, ил тод байдлыг хангасан нь энэхүү шинэ системийн давуу тал болжээ. Уг системд нэвтрэх, ашиглах маш хялбар бөгөөд нэр шүүх заавар зөвлөмж, хууль журам, анхаарах зүйлсийг тодорхой жишээ баримттай нь байрлуулсан байна.
Өдөрт дунджаар 100-200, жилдээ 20-40 мянган иргэн зөвхөн оноосон нэр авахын тулд зуун айл дахь улсын бүртгэлийн газрыг зорьдог бөгөөд нэрийг цахимаар олгосноор иргэдийн цаг зав, төсөв зардлыг хэмнэхээр байгаа юм.
Сонирхуулахад өнгөрөгч хугацаанд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн сангаас нийтдээ 200 мянга гаруй оноосон нэр хэдийнээ олгогдсон байдаг байна. Цаашдаа шинээр байгуулагдах ХХК, зарим төрлийн нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийг цахимаар хийхээр зорьж байгаа аж.