Хуулийн байгууллагынхны баривчилгаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар үргэлжилнэ гэх явган яриа Төрийн ордонд амнаас ам дамжих болов. “Жаст” болоод Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор АТГ-аас хэд хэдэн хүнийг саатуулан шалгаж эхэлсэн.

Шулуухан хэлэхэд сүүлийн үед долоон хоног бүр хэн нэгэн баривчлагдаж, албан тушаалтнууд сэтгэл түгшин сууж чадахаа больсон гэхэд хилсдэхгүй биз.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тухайд ах дүүсээрээ лиценз эзэмшдэг гэх дуулианы эзэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Сангийн сайдыг Увс аймагт байх уул уурхайн ордын лицензийг гадныханд зарсан тухай баримтыг дэлгэсэн юм. Тодруулбал, Сангийн Сайд Ч.Хүрэлбаатарын ах нар болох Чимидийн Гантулга, Чимидийн Гансүх, мөн зөвлөх К.Дэмбэрэл нар Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанагын уурхайг Солонгосын компанид хоёр сая ам.доллараар зарсан гэнэ. Үүнийгээ баримтжуулж, Хотгор Шанага ХХК-ийг төлүүлэхээр Б.Алтанбагана, К.Дэмбэрэл, Ч.Гантулга нарт итгэмжлэл олгосныг дэлгэв. Мөн Хотгор шанага ХХК-ийн хувь нийлүүлэгчээр буюу шинэ эзнээр Сан Энд Три компанийг төлөөлж Ли Жин Ху-д компаниа худалдсан дүрэм, Ч.Гансүх, Ч.Гантулга гэх мэт хувьцаа эзэмшигчид буюу Ч.Хүрэлбаатарын гэр бүл нэгэндээ эрхээ, хувьцаагаа шилжүүлсэн итгэмжлэл, “Хотгор шанага” ХХК ашиглалтын болон тусгай зөвшөөрлийг зарсан баримт. Ч.Хүрэлбаатар дүү Ч.Гансүхийн Б.Алтангэрэлд олгосон энэ итгэмжлэлийн дагуу “Сан Энд Три” ХХК нэг сая ам.доллар Б.Алтангэрэлд шилжүүлсэн баримтуудыг ч ил болгосон.

Ямартаа л түүнийг Сангийн сайдын албан тушаалаа өгөхийг шаардаж байсан удаатай. Тухайлбал, “Ч.Хүрэлбаатар сайдын хоёр ах нь Хотгор шанагын нүүрсний уурхайг 10 сая ам.доллараар зарсан асуудал бий. Тэд хувиа авчихсан. 30 хувь гэдэг бол 7 тэрбум гаруй төгрөг. Эх оронч дүр эсгэж уул ус, газраа худалддаг байдлыг таслан зогсоох ёстой. Хоёр төрсөн ах, туслах нь ийм наймаа хийгээд данс руу мөнгө орсон нь батлагдсан. Энэ мэт өмнө нь хийгдсэн наймаануудыг яах вэ. Ний нуугүй ярьцгаая” хэмээх гишүүн ч байсан.

Тэр ч бүү хэл, Сангийн сайдын лицензийн асуудал Өмнөд Солонгост ч дуулиан тариад амжсан. Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монгол улс дахь “Хотгор шанага” нүүрсний уурхайг авсан цаад эзэн нь гэрээсээ баривчлагдсан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён Баг хэмээн мэдээлсэн нь бий. Энэ талаар DM нэгдлийн цахим хуудаст “Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах дүүс лицензийг нь зарсан “Хотгор шанага” нүүрсний уурхайг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён Бак худалдаж авсан байна” гэж мэдээлсэн юм. Ийнхүү Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийнхөө эзэмшиж байсан Бөхмөрөн сумын Хотгор шанагын нүүрсний ордыг 26 тэрбум вон буюу 52 тэрбум төгрөгөөр Солонгосын төрийн өмчит компани болох “Korea Coal”  компанид зарсан эсэх асуудлыг өдгөө АТГ-т шалгаж байгаа билээ.

Гэхдээ түүний халдашгүй дархан эрхийг түдгэлзүүлж байж, саатуулан шалгах боломж бий болно.

niigmiintoli.mn