Хорт хавдрын эмийг гаалийн татвараас чөлөөлүүлж өгөөч, сайд аа
2018/04/15
Хорт хавдрын бүх төрлийн эмийг импортын гаалийн татвараас чөлөөлж, хорт хавдрын шинэ эм, эмийн бүтээгдэхүүний импортыг хөхүүлэн дэмжих шийдвэрийг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны прэв гарагт даргалсан тусгай хуралдааны үеэр гаргалаа гэж “Синьхуа” агентлаг мэдээлжээ.
Дэлхийд хүн амынхаа тоогоор тэргүүлдэг улс өвчин зовлондоо шаналж байгаа иргэддээ цаашлаад өдрийн хэдэн зуун юаны эрэлд мордоход хүрдэг өвчтөнүүдийн ар гэрийнхнийг эл мэдээ магнайг нь тэнийлгэж байгаа биз ээ.
Монгол Улс ч үүнийг монгол хөрсөн дээр буулгаж яагаад болохгүй гэж. Хавдар судлалын үндэсний төвд бүртгэлтэй, тус эмнэлгийн хяналтад байдаг хорт хавдар туссан иргэдийн тоо улирлаас улиралд өссөөр байдаг юм билээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 180 гаруй мянган хүн хорт хавдартай гэж оношлуулан сэтгэл оюунаараа тарчилж явна.
Дээр нь манай улс хорт хавдрын эм үйлдвэрлэдэггүй, бүгдийг нь гадны улс орнуудаас импортлодог учраас эмийн үнэ тэнгэрт хадсан байдаг. Энэ өвчнөөр шаналж буй өвчтөн өдөрт дунджаар 5-8 төрлийн эмийг хоёроос дээш тунгаар давхарлаж уудаг. Өвчний явцаас хамаарч тунгийн хэмжээ нэмэгддэг. Өндөр үнэтэй гээд уухгүй байлтай биш гээд байгаа бүхнээ эмэндээ зориулах нь бий.
Ар гэрийнхэн нь ч эмийг нь тасалчихгүй юмсан гэж хичээцгээдэг. Олон сар, жилээр шаналах тусам эдийн засгийн хувьд бусдын хараат болдог нь нууц биш. Зарим нь ар гэрийнхнийгээ ингэж зовоож, байхаар гээд эм худалдаж аваас татгалзсаны улмаас өвчнөө хүндрүүлж орхидог. Ахуй амьдрал нь тааруу, авъя гээд ч мөнгөгүй нэгэн ч байж л байгаа.
Уг нь бид хүнлэг энэрэнгүй нийгэмд амьдраад байгаа билээ. Тиймээс жинхэнэ хүнлэг, энэрэнгүй бодлогоо хорт хавдраар шаналж буй иргэддээ үзүүлж, хорд хавдрын бүх төрлийн эмийг гаалийн татвараас чөлөөлөөд өгөх аваас энэ төрд талархах хүн олон байх вий.Импортын гаалийн татвараас чөлөөлж гэмээнэ эмийн сангууд дагаад үнээ буулгаж таарах байх. Үүнийг л ард түмэн хүсээд байгаа юм, дарга нараа.
Хятад улс төрийнхөө эл шийдвэрийг ирэх тавдугаар сарын 1-ээс хэрэгжүүлж, бүх төрлийн хорт хавдрын эмийг импортын гаалийн татвараас чөлөөлөх болсныг Эрүүл мэндийн яамныхандаа дуулгая. Энэ алхмыг санаачилж, ажил хэрэг болгож чадваас Монголын ард түмэн танай багийнханд бүх насаараа талархаж явах нь гарцаагүй.
Эх сурвалж:
http://www.24tsag.mn/a/161203