Монголчуудын нийтээрээ тэмдэглэдэг баяр бол шинэ жил, цагаан сар, наадам. Эдгээр баяруудыг болох дөхөөд ихээр л долларын ханш өсөөд байх жишээтэй. Өмнөх оны сүүлээр буурч байсан ханш шинэ оны дараахан өсч эхэллээ.

"Ам.долларын ханшийг зохиомлоор өсгөсөн хэргийн эздийг олчихсон. Тэдний нэрийг удахгүй зарлана, хүлээж бай" хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл өнөөдрийн байдлаар ам.долларын зарах ханш 1723 төгрөгт хүрлээ. Монголбанкнаас зарласан албан ханш энэ бөгөөд арилжааны банкуудаар ам.долларыг өнөөдрийн байдлаар 1686-1689 төгрөгөөр авч, 1721-1723 төгрөгөөр худалдаж байна.

2013 оны есдүгээр сард 1780 төгрөгт хүрч байсан бол түүнээс хойш ханш бага багаар суларсаар байсан бол одоо эргээд ийнхүү өслөө. Одоогоос яг жилийн өмнө гэхэд ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1400 орчим төгрөг байсан.

Ноён долларын ханш өсөхөд зарим иргэд болоод албан байгууллагууд валютын ханшийг зохиомлоор хөөргөх асуудал гардаг. Тэгвэл ерөнхий сайд Н.Алтанхуяг валютын ханшийг зохиомлоор хөөргөж байгаа албан байгууллага, хувь хүн байвал олж илрүүлэн, нийтэд зарлана хэмээсэн Одоо харин Ерөнхий сайд минь энэ доллар гээчийн ханшийг өсгөөд байгаа хүмүүсийг олон нийтэд ил тод байдлаар зарлаад өгөөч гэж таниас хүсч байна.

Ийн хүсэхийн учир нь долларын ханш тогтворгүй байгаагаас үүдэн нэг л өдөр ахин дээшээ цойлон ард иргэдийг минь халаасыг хоослон, туйлдуулах вий.

Уг нь энэ онд ам.долларын ханшийг Засгийн газар 1384 төгрөгт барина хэмээн мэдэгдсэн билээ. Үүнийгээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг та мэдэж баймаарсан. Гэтэл одоо болтол таг дуугүй суусаар...

Ард иргэд хүнд ачааг нуруунд дээрээ үүрч байна гэдгийг нэг ойлгодоггүй бололтой. Өөрөөр хэлбэл, долларын ханш өсөхөөр Ерөнхий сайд таны яриад байдаг нөгөө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг гэдгийг мэдэх үү та?

Сүүлийн үед  дэлгүүрийн лангуун дээр байгаа хүнсний зүйлийн үнэ, эмний үнэ өдөр болгон нэмэгдэж байгаа.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт авч уусан эмний үнэ өнөөдөр 200-300 төгрөг болж өссөн байх юм. Эмийн санчаас яагаад үнэ нь нэмэгдсэн талаар асуухад цаанаасаа эм нийлүүлдэг байгууллага үнээ нэмсэн гэх хариултыг үйлчлүүлэгчид өгч байх жишээтэй.

Ингээд зогсохгүй байнга авдаг зүйлийн үнэ нэмэгдсэн байхаар нь асуухаар доллар өссөн гэдэг хариултыг ам нээх болгондоо худалдаа эрхлэгчид хэлэх юм. Ингээд л муу хөөрхий иргэд дунд нь ажиллаж хөдөлмөрлөсөн хэдэн төгрөг нь хаана хаанаа хүрэхгүй хүндхэн байдалд орох тохиолдол элбэг.

Одоо цагаан сар болох гэж байгаа долларын ханш дээшээ өссөн үү гэхээс буухгүй. Эд бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулдаг цаг нь ирж байгаа болохоор.

Ахмад настангууд нь тэтгэврийн зээл авч, залуучууд нь цалингийн зээл авч цагаан сарын баяраа тэмдэглэдэг улс манайхаас өөр хаана ч байхгүй гэхэд хилсдэхгүй. Ингээд тэд зээлж авсан хэдээрээ баярын ширээн дээр тавих ууц, тавгийн идээ гээд л өчнөөн зүйл авна. Хамгийн их мөнгө хэрэглэгддэг зүйл нь гарын бэлэг. Үүнийг авах гээд явахад нөгөө худалдаачид долларын үнэ өссөн гээд л бэлгийн барааныхаа үнийг нэмнэ. Энэ бол наад захын жишээ Ерөнхий сайд минь.

Хэлсэн үгэндээ эзэн байж долларын үнээ 1384 төгрөгт барьж чадахгүй юм бол зохиомлоор өсгөж байгаа тэр нөхдүүдээ олон нийтэд зарлая.

Х.Даваа