Цахим ертөнцийн эрин ноёлж, цаг өдрөөр бус секунд долиор хэмжигдэх болсон энэ цагт зарим байгууллагын үйлчилгээ социализмын үеийнх шиг байгаа тухай гомдол тасрахгүй байна.

Тэр тусмаа арижааны банкуудын гүйлгээ хурдан үйлчилгээ шуурхай болсон тухай ам уралдан ярилцах болсон. Харин энэ цагт “Голомт” банкыг XX зуунаараа байна гэх шүүмжлэл ихэд гарах болжээ. Хамгийн наад зах нь гэхэд л энэ банкны АТМ-аар үйлчлүүлэлтгүй гэнэ. Мөнгөний машин нь дандаа хоосон, эсвэл ажиллахгүй байна гэсэн гомдол тасрахаа больсон. Түүнчлэн “Голомт”-ын ажилчдын үйлчилгээ удаан гэх мэт зарга хэвлэлийн хуудаснаа үзэгдэх болов. Ингэхэд “Голомт” гэж ямар банк байсныг эргэн нэг харахад илүүдэх юун. Сэргээн босголт банк анх байгуулагдахдаа 22,6 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй, 1,8 тэрбум төгрөгийн дүрмийн сантай, 800 гаруй ажиллагсадтай 34 салбар, 50 гаруй тооцооны касстай томоохон банк байв. Гэвч нэг жилийн дотор тус банкинд дөрвөн захирал солигдож, активпассивын захирлыг нь гурав, орлогч захирлыг гурван удаа ойр ойрхон халж, сольсон байдаг. Үүгээр ч зогсохгүй жилийн дотор тус банкинд Сангийн яам, Монголбанкны хамтарсан шалгалт найман удаа орсон байдаг. Удалгүй тус банкийг татан буулгах 80 дугаар тогтоол гэгч гарав. Ингэснээр удалгүй төрийн өмчийн “Сэргээн босголт банк” тухайн үеийн Сангийн сайдын 239 тоот тушаалаар хувийн “Голомт” банкинд нэгтгэсэн байдгийг хэвлэлийн архивт дурдсан нь бий. Тодотгож хэлэхэд, энэ үед Ардчилсан нам засгийн эрхийг барьж байв. Тухайн үед төрийн өмчийн томоохон банкийг таван сая төгрөгөөр үнэлж төрийн өмчийг хувийн өмчид шилжүүлсэн хачирхалтай түүхийн учиг өнөө ч тайлагдаагүй байна. Удалгүй энэхүү банкыг дампуурсан шалтгааныг тодруулах ажлын хэсгийг тухайн үеийн МАХН-ын буюу цөөнхийн шаардсанаар байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, өнөөгийн “Голомт” банк нь төрийн өмчит Сэргээн босголтын банкны үндсэн хөрөнгөөр суурилж, хүчээ зузаатгасан гэдгийг эх сурвалж хэлдэг. Тухайн үед засгийн эрх барьж байсан Ардчилсан намынхан ийнхүү төрийн өмчийн банкийг дампууруулж, өөрсдийнхөө сонгуулийн мөнгийг авсан “Голомт” банкийг босгосон түүхтэй. Түүнээс хойш удаа дараагийн сонгуульд Ардчилсан намын сонгуулийн мөнгийг босгож ирсэн түүхтэй. Тийм ч учраас өнөөдөр Ардчилсан нам Засгийн газар барьж байгаа учраас “Голомт”-ынхон ийнхүү “намайг хэн хэлж нохойг хэн саахав” гэсэн шиг хандаж байгаа хэрэг. Нөгөө талаар айсуй Ерөнхийлөгчийн сонгуулийн мөнгийг ч босгох гээд тун завгүй байгаа бололтой. Ийнхүү иргэддээ үйлчилж байх учиртай арилжааны банк маань сонгуулиас сонгуулийн хооронд мөнгө босгож, улстөрөөр дамжуулан мөнгө угаагаад байна уу гэсэн хардлага хаа хаанаа бий.

С.Баяр