Өнгөрсөн бямба гарагт буюу 4-р сарын 14-нд дуучин Наагийгийн "Come fly with me" свинг жазз тоглолт болж өнгөрсөн билээ. Ирж буй зочдыг угталтаас эхлээд л чамин хээнцэр байдал түүнийг тоглолт үнэхээр тансаг уран яруу болох нь гэсэн анхны сэтгэгдэлийг төрүүлж байв. Мэндчилэн угтах хүлээн авалт, хийлийн уянгалаг аялгуу гээд л тоглолтын уур амьсгалыг хаалгаар орсон цагаас л мэдрүүлж байлаа.

Гурав дахь удаагийн бие даасан тоглолтоо хийсэн Наагийгийн энэ удаагийн тоглолтонд Биг Бэнд стрингс чавхдас хөгжим болоод амьд хөгжмийн хамгийн олон уран бүтээлч оролцсноороо онцлог бөгөөд Биг Бэнд стрингс 100 гаруй уран бүтээлч оролцсон тоглолт  манайд өмнө нь болж байгаагүй гэж хэлж болно. 

Тиймдээ ч тус тоглолт нь хүмүүст хөгжмийн мэдрэмжийг маш өндөр түвшинд өгсөн мэт санагдаж байлаа. Амьд хөгжим гээчийг энэ тоглолт бүрэн утгаар нь харуулж тайзны үйл явдал тэр чигээрээ үзэгч болон дуучны шууд харилцаанаас бий болсон гайхалтай үдэш болсон юм.  

Тоглолтонд дуулсан уран бүтээлийн хувьд тэрбээр хүн бүрийн мэддэг дууг гэхээсээ илүү хөгжмийн шинэ мэдрэмж, шинэ бүтээлийг хүргэхэд голлон анхаарчээ. 

Сонгодог тоглолтууд гадаадын уран бүтээлүүд голдуу тоглодогтой адил дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрийн хувилбараар тоглодог энэхүү жазз урлаг дэлхий дээр 100 гаруй жил хөгжин өдийг хүрсэн бөгөөд орчин цагийн хөгжийн урсгалын эхлэл суурь гэж ч үзэхэд болно. 

 

Мөн тоглолтод дуучин Наагийгийн багш МУГЖ Б.Дашдондог, С.Наран, Ц.Хулан, Ж.Ариунжаргал нар оролцон ая дууны мэндчилгээ хүргэснээс гадна улсын Филармонийн Баянмонгол биг бэнд, симфони найрал хөгжмийн утсан хөгжимчид оролцсон жазз хөгжмийн нүсэр тоглолт боллоо. Түүнчлэн Герман улсаас жазз хөгжмийн нэртэй хоёр хөгжимчин ирж оролцсон юм.