Нутаг бүрт л өөр өөрийн гэсэн онцлогтой явган яриа шоглосон үг хэллэг байдаг. Үүний нэг болох Танк хүлдэг Архангайнхан бол яг үнэндээ бослого үймээнээс болсон үйл явдлаас улбаатай яриа юм.

1932 оны эсэргүү бослогыг дарахын тулд 3 хуягт танк оролцсон гэдэг ба тэдгээр нь хуягт машин уу эсвэл жинхэнэ танк уу гэдэг нь тодорхойгүй. Тухайн үед Монголын Ардын цэргийн зэвсэглэлд танк байгаагүй ба харин Т-27 танкетик гэдэг хуягт машин байсан байна. Танкетик нь их буугүй, пулемётаар зэвсэглэсэн хөнгөн хуягласан гинжит техник юм. Тиймээс энэ ярианы гол эзэн нь энэ зураг дээрх техник аж. 

Лам нарын зэвсэгт бослого буюу Архангайнханы хэлмэгдэлт

Энэ бослого гээд байгаа орон нутгийн шинжтэй дайн нь хуучин засаг захиргааны хуваариар Архангай аймгийн Жаргалант, Рашаант сумаас эхлэж, тэмцлийн гал нь Тариатын Эрээн мод гэдэг газар авалцаж улмаар хөгжиж Завханы Шумуултай, Хөвсгөлийн дүүрэгчийн хүрээ, Улаангом хүрч Өмнөговийн Дэлэгсамба, Ганжуурваагийн зэвсэгт тэмцэл болон өргөжсөн юм. Тэд мэдээжээр хоорондоо тодорхой хэлхээ холбоотой байсан байж таарна. Бидэнд Япон улс туслана, Ванчинбогд ирнэ гэсэн аман цуурхал нь адил байснаар батлагдана. 
    Архангай аймгийн Жаргалант сумын Хоолтын хамтралын дарга ногоон малгайт Дамдинсүрэн энэ хэргийг эхэлж сэджээ. Хамтрал, коммун нь Оросоос хуулбарлагдан Монголд хүчээр хийгдэж байсан нугалаа байв. 
    
Ерөөсөө ард олныг хөрөнгөжихөөс сэргийлсэн явдал юм. Сүм хийдийг хааж, ядуу, дунд ангийн лам нарыг артельд хүчээр ажиллуулж, олон зуун жил болсон сүсэг бишрэлтэй хатуу чанга тэмцэв. Угийн бөглүү нутгийн хамтралд цугласан хэдэн малаар дарга Дамдинсүрэн дураар дургиж, түүнийгээ булахын тулд хамтралаа галдан шатааж, Дарби бандидын хүрээ, Асайтын хүрээ, Шар талын хүрээний лам нарыг зэвсэгт тэмцэлд уриалан дуудаж өөрөө толгойлон оролцов. Бараг нутаг захиргаа нэгтэй гэж болох Тариатын хүрээний лам нарыг энэ тэмцэлдээ татаж оруулав. 
    
Энэ зоригтой алхам нь хол, ойрын лам нар, эрх ямбаа алдагсад, нэн сүсэг бишрэлтэй ардуудад тааламжтай шалтаг, шалтгаан болсон гэдэг. Тэд энэ тэмцлээ “Шамбалын дайн” гэж нэрлэв. Ерөөс энэ тэмцэл гарах улс төрийн шалтгаан нь хамтралаас гадна итгэж, хүндлэж явсан багш лам нараа буудуулж, судар ном, бурхан тахилаа галдуулж, 1929 онд мал хөрөнгөө хураалгаж нударган ардгүй болж, сүм хийдүүд албан татварт сөхөрч, уламжлалт урд зүгийн худалдааг бодлогоор хааж, огт танихгүй Оросын худалдааг тулган хүлээлгэж байлаа. 
    
Говь нутгийнхан урагшаа хил даван дүрвэхийн хамт баруунтныг ялж, үлдсэн зүүнтэнгүүд хэт хувьсгалчирхан хийрхэх тийм үед Далайчойнхор ван, Даянжалбуу засаг, Эрдэнэ Дарва банди гэгээний бүх нутгийн ардууд боссон юм билээ. 
    
Лам нараа цөөл гэсэн Сталины захирамжийг биелүүлэхээр 1932 онд Коминтерн, БХКбН-ын төлөөлөгч Ш.Элиава Монголд ирээд зааварчилгаа өгчээ. Тэр лам нарыг намнаад бай, сүм хийдийн татварыг ааганд нь тултал өсгө гэж шахан турхирч байлаа. Үүнийг хөдөөгийн ардууд соргогоор хүлээн авч, үхлээс өмнө өрсөн сөрөх хэрэгтэй гэж зөн билгээрээ мэдэрч байв. Ийнхүү Шамбалын дайны тохироо бүрдсэн ажээ. 
    
Өнөөгийн өндөрлөгөөс харахад 07 дугаар сарын 01-ны үйл явдалтай төсөөтэй тэмцэл байв. Шинэ засагт нүд үзүүрлэгдэн хэлмэгдсэн ардууд тэмцлийн хурц хэлбэрийг сонгон, номхон дорой, мөргөж суугаад алуулснаас бурханы цэрэг болж, шамбалын дайнд мордож байв. Тэд өнөөгийн бидэн шиг төрийн өндөрлөг рүү санаархаагүй. 
    
Харин Архангайн эх оронч сэтгэлтэй, ард түмний төлөө амиа өгөх зоригтой төв халхчууд иргэний зориг гаргаж тэмцэж чадсан байна. Өнөөдөр бид тэднийг 80 жилийн турш эсэргүү хэмээн нэрлэж, аймгийн төв дэх Мөнх Алдартны хөшөөнд цэцэг өргөж, толгой гудайлгаж, С.М.Немой эмчийг магтаж, төв эмнэлгийн үүдэнд хөшөөг нь сүндэрлүүлж, чекист нэртэй яргачин Кияковекийн хөшөөг бурханчлан шүтсээр байх уу? Лам нарын хөдөлгөөнийг харгисаар нухчин дарсан Л.Өлзийбатын отряд, Аж үйлдвэрийн яамны сайд асан Содномыг магтах уу? Хэн нь зөв, хэн нь буруу вэ?  Өндөр хамартай, цэнхэр нүдтэй болгоныг магтан дуулж, намхан нуруутай, налчгар хамартай болгоныг доош нь чихсээр байх уу? 
    
Цахиур буу, бирдаан, бороохой шийдмээр зэвсэглэсэн энгийн номхон ардуудыг агаараар нисдэг аэропланаар шүршиж, босогчид төмөр шувуу ирлээ гэж аймсан сандарч, хуягт тэргээр буудаж, адаг сүүлд нь Дамдинсүрэн, Түгж, Жамц нарыг Бөмбөгөр Ногоон театрт олны өмнө төрийн дээд ял буудан хороох зарлиг тушаал уншиж цаазлаад монгол эрчүүдийн эх оронч үзлийг нууж баллахын тулд гутаан гүтгэсээр 80 жилийн нүүр үзэв. 
    
Бослого, үймээн гаргачдад шинэ зэвсэг турших саналыг БХК намаас шаардсан боловч Дотоодын хамгаалах яамны зоригт дарга Ц.Гиваапил элдвээр арга саам хэрэглэж байгаад өөрөө амиа алдсан билээ. Лам нарын хөдөлгөөнд оролцогсод, сургууль тэнхим, захиргаа зэргийг бүрэлгэн сүйтгэж, хувьсгалч нарыг хэрцгийгээр хороосон нь хүнлэг ёс, хандлага суртахууны хувьд талархууштай зүйл биш боловч тухайн нийгмийн үзэгдлийнхээ цаг үетэй харьцуулбал буруутгах аргагүй мэт. 
    
Танк хүлсэн хэмээх нутаг бол Тариат сумын Гичгэнийн голын хөвөөнд орших Гуа гэгч өндөрлөг уулын арыг хэлдэг ажээ. Энэхүү газар нь Тариатын хүрээнд ер хамаагүй 127 км-ын алс зайтай юм билээ. Тариатын хүрээнээс улаантанд хөөгдсөн лам нарыг Гуагийн ар, Залаа толгойн хавьд тосон байлдахаар хуягт тэрэг бүхий отряд угтаж хүлээж байтал тэд нар ирж, тэрхүү мухар тэргийг сонирхон гадуур нь байсан цөөн цэргийг хороогоод түүнийг галдан шатаах гэж оролдоод чадаагүй юм байна. Түүнээс биш олс, дээсээр баглаж хүлсний тухайд хувьсгалт мунхруулга юм билээ. 
    
1932 онд Монголд танк хараахан орж ирээгүй бөгөөд 1936 оны харилцан туслалцах Москвагийн гэрээний дагуу 10 хөнгөн танк иржээ. Хятадууд энэ гэрээг шоолон Ар Монгол арван танктай гэсэн шүлэг зохиосон  юм билээ. 
    
Эцэст нь дурдахад 1932-1940 оны хооронд улсын хэмжээнд лам, хар, харь нийлсэн 35000 хүн улс төрийн хэргээр баривчлагджээ. Үүний 27.2 мянга нь хар, боргил харц ард, 30 хувь нь цэргийн, 20 хувь нь Өвөрмонгол, буриад, хятад гаралтай, үлдсэн нь лам нар байжээ. “Эсэргүүний өлгий, үүр уурхай” Архангай аймагт 3200 орчим лам, хар хүмүүс зөвхөн баривчилгаанд өртөж, тодорхой хаяггүй Архангай аймагт тэнэж бэдэрч явсан хятад, монгол, өвөрмөонгол, түвд зэргийн албан хаагчлам хар зэрэг 24 хүнийг сэжиглэн баривчилжээ. 
    
Энэ бол зөвхөн ДЯЯ-ны Архангай дахь хэлтсийн шуурхай баривчилгааны тоо юм. Мөн бүх сумдаас доод тал нь 26 дээд тал нь 184 баригдсан байна. Лам дээлээ орхиж мал дагаж явсан гурван хүнийг Өгийнуураас баривчилсныг эс орууллаа гэхэд л Өөлд бэйсийн хошуунаас 101, Эрдэнэзуугийн ойролцоох Лүн, Хашаат сумаас 74-184, Лу гүний хүрээнээс 104, Хан-Өндөрийн хүрээнээс 154, Жарантай, Жанцантайн ламын хүрээнээс 119 хүн тус тус баригдсан ажээ. 
    
Харин эсэргүүний голомт болох Тариат, Цахир, Хангай, Жаргалантаас 26-80 хүн баривчлагдсан нь харьцангуй цөөн бөгөөд зэвсэгт тэмцлийн дүйвээнд ихэнхийнх нь “бодийг” хөтлөсөн байв. 
    
Баривчлагдан хэлмэгдүүлсний гол үндэс нь гэвэл нэгд, шарын шашныг мандуулахын тулд Ванчинбогдтой нууцаар холбоо тогтоох, Японоос далдуур тусламж авах, хоёрдугаарт, Гэндэн, Дамдины бүлэгт байсан учир, гуравдугаарт, Улаанбаатараын Гандантэгчинлэн хийд, зүүн хүрээний Ёнзон хамба Лувсанхаймчигийн даалгавраар хөдөөд салбар зөвлөл байгуулсан. 
    
Дөрөвдүгээрт, унаа, малаар тусласан, буу зэвсэг цуглуулсан. Хэл ам дамжуулсан, цуу үг тараасан гэх зэрэг зохиомол хэргүүд тулган шууд гүтгэлгээр хоморголон баривчилсныг архивын баримт хөдөлшгүйгээр нотлодог.