Өчигдөр Монголын ардчиллын анхдагч, УИХ-ын гишүүн, Дэд Бүтцийн Хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт түүнтэй хамтран амьдарч байсан иргэн Булганыг яллагдагчаар татан, түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн болохыг албан ёсоор зарлав.

Түүнийг С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч, дамжуулагч нарыг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн шалгах явцад шинэ нотлох баримтууд бүрдсэн учраас ийн яллагдагчаар татсан аж.

Ардчиллын анхдагч С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг УЕПГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж, захиалагч, зуучлагчдаас бусдыг нь илрүүлсэн. Тодруулбал Улсын дээд шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт гэм буруутай хэмээн үзэж, хүнд дэглэмтэй хорих ангид тус бүр 20 жил хорих ял оноогоод буй юм.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчийг илрүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбатын өгүүлж буйгаар :"Энэ хэргийн нотлох баримт дотор ил байдлаар нотлогдож байгаа олон зүйл бий. “1998 оны аравдугаар сарын 1-ний өдөр ийм хүнийг харсан. Ийм зүс царайтай хүн С.Зоригийн гэрийг асууж, сураглаад явж байсан. Гэрийнх нь гадуур сэжигтэйгээр олон удаа эргэлдсэн. Ийм зүс царайтай хүн байсан” гээд 1998 онд мэдүүлэг өгсөн гэрчээс хуулийн дагуу дахин гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчүүдээс өөр өөр орон зай, цаг хугацаанд “Таны ярьж байсан хүн эдгээр хүмүүс дунд байна уу” гэхээр олон хүний дундаас гэмт этгээдүүдийг эргэлзэх юмгүй зааж байсан. Хуульд заасан аргуудын нэг энэ л дээ. Зарим хүн “18 жилийн өмнөх юмыг энэ яахаараа тийм тод санадаг юм. Хэлмэгдүүлж байна” гээд байгаа. Гэтэл их дуулиантай, олныг сэрдхийлгэсэн хэрэг болсон болохоор хүн сэтгэлдээ хадгалаад үлдчихсэн байна шүү дээ. Энэ баримтыг ганц нэг хүнээс бус гэрчүүдээс авч нотолж, баталдаг гэдгийг мартаж болохгүй. Энэ мэт хэрэгт нотлох баримт маш олон байна. Нэвтрүүлгээр тодорхой гарах байх. Хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа гэдэг хүн санамсаргүй байдлаар энэ хэрэгт холбогдсон гэдгээ хуулийн байгууллагад бичгээр тайлбар хийж өгсөн. Хэрэг үйлдсэн хүнээс өөр мэдэх боломжгүй зүйлийг тэр мэдүүлсэн байдаг. Тэр хүн хэрэг гарах үед тэнд байгаагүй юм бол хэргийн талаарх тийм нарийн зүйлийг яаж мэдэх юм бэ. Хэргийг шалгаж байгаа мөрдөгч хянаж байгаа прокурор, шүүгчид тус тусдаа өөрийн гэсэн үүрэгтэй. Бие биеэ хянаж цагдаж байдаг гурван байгууллага. Гэтэл хуулийн гурван байгууллага нийлж байгаад нэг хэргийг асар будлиантайгаар шийднэ гэж байхгүй биз дээ. Монгол Улсад шийдэгдсэн хэдэн зуун мянган хэргийг огт яриагүй мөртлөө энэ хэргийн тухай тодорхой сонирхолтой хүмүүс маш хүчтэй яриад байгаа нь хүмүүсийг төөрөгдүүлж байх шиг байна. Хорих ялаар шийтгүүлээд байгаа гурван хүний ар гэрийнхэн нь “Тэднийг хэлмэгдүүлж байна” гээд л удаа дараа яриад байгаа. Хэрэг гарах үед Т.Чимгээ Дорноговь аймагт эмээгээ хараад хүүхдүүдтэйгээ байсан гэж ярьдаг. Гэтэл Т.Чимгээ тэнд байгаагүй. Харин хүүхдүүд нь тэнд байсан нь тогтоогддог. Мөн Б.Содномдаржаа цэрэгт явчихсан байсан гэх асуудал гарч ирсэн. Цэрэг татлагын комисст түүний нэр байдаггүй. Хөдөө хадлан дээр байсан гэж яриад байгаа. Энэ нь юугаар ч нотлогдоогүй. Харин эсрэгээрээ Улаанбаатар хотод байсан нь нотлох баримтаар тогтоогдсон." гэдэг.

Харин иргэдийн дунд уг хэргийн гүйцэтгэгчдийг нь олж тогтоон ял өгсөн атлаа яагаад захиалагч нь яагаад тодорхой болоогүй юм бэ? ялтнууд тэр надад захиалга өгсөн гэж мэдүүлсэн учраас л захиалгаар хүний амь хөнөөсөн гэж тэдэнд ял өгөх ёстой баймаар юм гэх мэт шүүмжлэл байдаг нь нууц биш. Тэгвэл эх сурвалжуудын өгүүлж буйгаар Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт С.Зоригийг хөнөөх захиалга өгсөн хүнийг хуулийнхан хэдийн илрүүлчихсэн аж. Гэхдээ уг хүн нь яг жинхэнэ захиалагч уу? эсвэл ердийн зуучлагч, дундын дамжуулагч уу? гэдгийг эцэслэн тогтоох шаардлагатай тул хэргийг үргэлжлүүлэн шалгаж буй бололтой. 

 

П.Мандах

sonin.mn