Ямар нэгэн юм болохгүй бүтэхгүй санагдвал жагсана цуглана гэж сүрдүүлэх болжээ. Сүүлийн үед өлсгөлөн зарлана гэсэн үг нэмэгдсэн. Урин цаг ирж хаврын синдром хөдлөн жагсагчид “ичээ"-нээсээ цухалзаж эхлэв. Гэхдээ жижиг нөхдүүд нь.

Жагсаал цуглаан зохион байгуулагчид их хуралд гарчихсан, одоо тэдний дуу хоолой хаагдчихсан гэж ярих иргэдтэй олон тааралдсан. Тэгэхээр аливаа тэмцэлд уриалан дуудаж жагсаал цуглаан зохион байгуулах нь зарим иргэдэд сонирхолтой санагддаг бололтой. Энэ жилийн жагсагч өлсгөлөн зарлагчдын салхийг Н.Энхбаярын төлөө өлссөн ээжүүдийн тэмцэл эхэлсэн бол үргэлжлүүлээд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж хохирсон иргэдийн жагсаал залгасан. Улмаар Баянзүрх дүүргийн иргэдийн жагсаал гээд энэ хаврын жагсагчид дүрээ бүтээгээд эхэлчихэж. Мэдээж жагсаал, цуглаан, тэмцлийг санаанаасаа зохиож зохион байгуулна гэж байхгүй.

Ямар нэгэн асуудлыг шийдүүлэх гэж эцсийн шатандаа орсон үедээ л тэмцлийн хэлбэрийг сонгодог “жам”-тай. Харин зохион байгуулж буй жагсаал цуглаанд оролцогчид хэдэн тэтгэврийн хөгшид болон оюутнуудыг цуглуулдаг болжээ.

Саяхан Баянзүрх дүүргийн иргэд тухайн дүүрэгт шударга ёс алдагдаж, ардчилалгүй байна хэмээн жагсаал зохион байгуулсан. Энд голдуу хөгшчүүл, мөн оюутан залуучууд их оролцож байсан. Баг хорооноос зохион байгуулсан иймэрхүү жагсаалд хорооныхоо ахмадуудыг болон гэртээ ажилгүй байгаа иргэдийг голдуу татаж оролцуулдаг гэнэ. Тэгэхдээ зарим бичиг баримт, тодорхойлолтоор ч барьцаалах тохиолдол гардаг гэх яриа бий. Үнэхээр ийм байдлаар барьцаалдаг бол утгагүй л юм.

Харин Баянзүрх дүүргийн жагсаалд ийм тохиолдол гараагүй байх гэж итгэж байна. Өдөржин гэртээ сууж уйтгарлах хөгшид ч агаарт гарангаа аливаа жагсаал цуглаанд оролцож цагийг зугаатай өнгөрөөх дуртай байдаг бололтой. Хөгширсөн болохоос үхсэн биш тэмцэнэ гэх саваагүй хөгшчүүл ч бий. Мөн мөнгөөр жагсаалд оролцох иргэд ч мэр сэр байх болж. Ардчилсан орны иргэдийн хувьд санал хүсэлтээ ямар ч хэлбэрээр илэрхийлж болно.

Шаардлага тавьж жагсаал хийж байгаа иргэдийн дунд өөрсдийн дур зоргоороо ямар утгатай жагсаал, цуглаан болж байгааг ч мэдэхгүй сэтгэлийн хөөрлөөрөө явж байгаа хүмүүс ч байна. Аливаа юмны учрыг олохгүйгээр сэтгэлийн хөөрлөөрөө ордог хүмүүс ямар ч тайван жагсаал цуглааныг дэвэргэх аюултай. Тухайлбал долдугаар сарын 1-ний бослогод сонирхол, сэтгэлийн хөөрлөөрөө оролцсон олон хүмүүс байдаг.

Тэгэхээр жагсаал цуглаан зохион байгуулагчид ч гэсэн зөвхөн эсэргүүцсэн олноо л цуглуулж нэгдэцгээнэ үү гэхээс өөр хэн нэгэн үл таних хүмүүсийг уруу татахгүй байвал зохилтой. Гэртээ сууж үр хүүхдээ харж суух хөгшид ч учир нь үл олдох жагсаалд оролцох хэрэг юу байна.

Олон хүнийг хамруулахын тулд хэнбугайг ч татан оролцуулж, бичиг баримтаар барьцаалах явдлыг нэн даруй зогсоох хэрэгтэй. Саваагүй нохой саранд хуцна гэгчээр хаана цуглаан, жагсаал болж байна тэрүүгээр гүйгчдэд хатуухан анхааруулга өгөх цаг иржээ.

Ер нь сэтгэлийн хөөрлөөр олон нийтийн санаа бодлыг үймүүлэх нь туйлын осолтой байдаг гэдгийг ч манайхан ухаарч эхэлсэн л байлтай. 1990 оны цагаан морин жил оготны хамраас ч цус гаргалгүй цуглаан зохион байгуулсан гэх Ардчиллынхнаас жагсаал цуглааны эхлэл үүссэн гэж хэлж болно. Түүнээс хойш хавар бүр л жагсаал, цуглааныг хэн нэгэн нь зохион байгуулдаг болжээ. Ямартаа л хаврын урь орох цагийг жагсаал эхлэх цагаар гэж өөрчлөн ярьдаг болсон байна.

Социалист нийгмийн үед баярын жагсаалыг зохион байгуулдаг байсан бол ардчиллын үед тэмцлийн жагсаал өрнөдөг болж өөрчлөгджээ. Сүүлдээ ч ямар нэгэн тэмцэл өрнүүлээд жагсаад байвал ашигтай гэж ойлгогсод ч их болж. Аргагүй ч юм. Иргэний хөдөлгөөн нэрээр жагссан хүмүүс УИХ-ын гишүүд болчихсон, экс Ерөнхийлөгчөө өмөөрсөн жагсаалаар бас л парламентад сууцгаасан, трактортой жагссан Э.Бат-Үүл хотын дарга болчихсон сайшаалтай ч юм уу. Тэгээд л жагсаал цуглаанд оролцох сэтгэлийн хөөрөлтнүүд их болж.

Жагсаал цуглаан зохион байгуулдаг хувь хүмүүс ч гарч иржээ. Бараг л жагсаал зохион байгуулдаг компани ч байгуулагдаж мэдэх юм шүү. Оролцдог хүмүүсээр хангадаг ч гэдэг юм уу. Тэгэхээр зорилгогүйгээр жагсаалд оролцож хүмүүсийг хөөргөдөг жагсагчдад арга хэмжээ авах цаг болжээ.

Г.Хишигсүрэн