Улс орныг самрагчдын хэрэг ууршиж алга болох вий
2018/04/21
Хийвэл бүү ай, айвал бүү хий. Энэ үгийг АТГ-ын дарга Х.Энхжаргалаас гадна өөр нэгэн эрх мэдэлтэнд хаяглах хэрэгтэй болж байгаа. Хэн төрийн эрхэнд байна, тэр хүнд хүч чадал төвлөрч, хууль, хүчний байгууллагыг хүссэнээрээ хөдөлгөдөг жишиг бий хойно.
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүхийн багц хуулийн дор Улсын Дээд шүүхийг “өөрийн” болгосон бол АТГ, Прокурорын байгууллага ч түүний гарт байлаа. Н.Энхбаярыг оймстой нь гозолзуулж байсан туршлага мөн түүнийх. Тэрбээр өнөөгийн Ерөнхийлөгчийг ч гозолзуулж мэдэх байлаа.
Тодруулбал, Х.Баттулгыг тухайн үед хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө угаасан асуудлаар шалгаж байгааг прокурорын газраас мэдэгдэж байсан. Тухайлбал, Нийслэлийн прокурорын газрын прокурор Г.Бясман “Хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө угаасан хэрэгт УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх нарыг сэжигтнээр тооцон шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор А.Гансүх, Х.Баттулга нарт хилийн хориг тавьсан нь үнэн. А.Гансүх одоогоор эх орондоо байгаа. Харин УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар олимпод оролцох бололцоо, нөхцөлийг нь хангаж хилийн хоригийг нийслэлийн Прокурорын газраас түр цуцалсан” гэж байв. Улмаар Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 263.2-т зааснаар төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан шалгасан. Тэр бүү хэл саатуулаагүй л болохоос яллагдагчаар татсан нь бий.
Цахим орчинд тэр тухай сануулж “Сайханбилэг, Баяр, Баярцогт нар аягүй тэнэгээ. Гүйж очоод шалгуулж л байдаг. Манай ерөнхийлөгч шиг ийм тэмцэгч чанар энэ гуравт алга л даа. Өмнөөс нь коммент бичиж, жагсаж, хамгаалж, уйлж дуулах тойрон хүрээлэгсэд ч энэ 3-т алга” гэх байдлаар даапаална.
Түүнчлэн экс Ерөнхий сайд нарыг саатуулан шалгаж эхэлсэн нь АТГ-ын даргын томилгоотой холбоотой гэх яриа ч бий. Хэдийгээр Х.Энхжаргалын хувьд “Заааа, яахав ээээ яахав, тэгж л байг” гэж тоомжиргүй загнахыг хичээсэн ч цаагуураа “ажлаа хийхгүй байна” хэмээн Төрийн тэргүүнд баалуулж, албан тушаалаасаа бууж мэдэхээр байгаа энэ үед жараахай биш тул барих үүрэг авсан байж ч мэдэх гэнэ.
Д.Сугарыг саатуулах уу
Ийм асуулт олны анхаарлыг татах болов. “Жаст” компани олон улсын “Стандарт” банкнаас зээл авсан асуудалд “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан гэх хэрэгт 2013 оноос хойш эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг бид мэднэ. Улмаар АТГ дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж анх гэрээ байгуулах үед ажиллаж байсан Ерөнхий сайд, Төрийн өмчийн хорооны дарга, Монгол-Оросын советын хэсгийн дарга нар, “Эрдэнэт” үйлдвэрийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудыг нарийвчлан шалгаж эхэлсэн.
Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр өдгөө энэ хэргээр баривчлагдаж, Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар мөн давхар шалгагдаж байгаа. Харин Д.Сугарын хувьд Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд эл хэрэгт буруутай бол өөрийн биеэр 461 дүгээр хорих ангид яваад очно гэж попрох болсон.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрийг дагасан 30 жилийн луйвар байгаа. Үүнийг УИХ-аас гарсан ажлын хэсэг шалгах ёстой. Энэ хэргийг анхнаас нь өдөөж, зохион байгуулсан этгээдүүд тайлбараа өгөх ёстой. Тэр этгээдүүд ямар учраас улсын хөрөнгийг барьцаалж хууль бусаар ямар ч эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр энэ том зээлийг авсан бэ гэдэгт тайлбар өгөх ёстой. Яагаад одоо болтол тайлбар өгөхгүй байна. Ш.Батхүү гэдэг хүн л яриад байгаа болохоос цаад хүмүүс нь гарч ирж ярихгүй байна шүү дээ. Хариуцлага хүлээж байсан хүмүүсийг нь ил гаргаж яриулах хэрэгтэй. Ш.Батхүү бол хувийн өмчийн захирал. “Жаст” түүний хувийн өмч шүү дээ. Хувийн өмчийн захирал төрийн өмч болсон том компаниудыг барьцаалаад, гадаадын банктай удаа дараагийн зээлийн гэрээ хийх боломжгүй. Ард нь хүчтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн л хийсэн ажил. Түүнээс Ш.Батхүү гэж хүн дангаараа хийчихгүй” гэж байгаа. Үнэхээр ч Ш.Батхүү эрх мэдэлтнүүдийн гарын үсгийг хуурамчаар хийж, зээл авсан гэхэд эргэлзэх олон шалтгаан бий. Нөгөөтэйгүүр, мөнгө “Эрдэнэт” үйлдвэрийн дансаар орж гарсан нь Ш.Батхүү дангаараа байх боломжгүйн баталгаа гэж хэлж болох талтай юм.
УИХ-ын дарга М.Энхболд захирамж гаргаж, Эрдэнэт үйлдвэрээс баталгаа гаргуулан, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж санал, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг байгуулчихсан байгаа. Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ажиллах бол дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан томилогдсон билээ.
Ц.Нямдоржийн хуурай дүү саатуулагдав
“Эрдэнэт” үйлдвэрийн дуулианаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хуурай дүү болох “ТЭЦ-IV”-ийн захирал С.Анхбаярыг АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн. Хатуу самар 2004-2006 онд өөрийн хүү Н.Анхбаяр, хуурай дүү С.Анхбаяр нараараа дамжуулаад 42 сая ам.долларын шахааг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт хийсэн гэж ТЕГ-ын экс дарга Б.Хурц мэдэгдэж байв. Ц.Нямдорж сайдтай холбоотой Анхбаяруудын хэргийг Тагнуулын байгууллага шалгаж дуусаад АТГ, УЕПГ-ын газарт хүргүүлсэн тухай ч тэрбээр олон нийтэд зарласан. Эл мэдээллийн дараахан хуурай дүү С.Анхбаярыг хуулийн байгууллага цагдан хорьсон юм. С.Анхбаяр нь Ц.Нямдорж сайдын багшийнх нь хүү бөгөөд Дулааны 4-р цахилгаан станцид ажилладаг юм. Гэхдээ түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн шахааны асуудлаар бус өөр хэргээр саатуулсан гэх мэдээлэл бий юм.
С.Баярцогт хөрөнгөө нотлож чадах уу
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж, Монгол Улсад гай далласан уу, гавьяа байгуулсан уу гэх асуултыг хуулийн байгууллага шалгаж байна. Гэрээг батлахад Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтын оффшор дансанд 8.2 сая евро илэрч, энэ мэдээлэл цацагдаад удаагүй байхад АН хуралдаж, батлахаа хурааж авсан бол тэр даруй АТГ-аас саатуулсан. Үйл явдал ердөө долоо хоногийн дотор өрнөсөн нь зохион байгуулалттай гэж хардахад хүргээд байгаа. Ямартай ч түүний Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг 2016 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Швейцарьт битүүмжилжээ. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь С.Баярцогтын 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцарь улсын холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа.
Түүнчлэн Нийслэлийн прокурорын газраас “УИХ-ын гишүүн С.Баярцогтыг хууль бусаар хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн” шалгаж байгаа гэх мэдээллийг өгсөн юм.
Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1-д “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Мөн хуулийн 2-т “Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж 5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Ерөнхий сайдуудаар тахил өргөх үү
Экс Ерөнхий сайдууд аавын хаалга татав. Хэн хэн нь Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар хэцүү нэртийнд саатаж байгаа. Байцаалт авахаар дуудсан ч шууд саатуулсан, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүнийг саатуулах нь Монголын нэр хүндэд халтай хэмээн баривчлагдагсад гоморхсон ч “Улсаа дэлхийд шившиг болгосон Ерөнхий сайд нар. Тэдэнд хуулийн зохих хариуцлагыг ногдуулах нь Монгол Улсын нэр хүндийг өргөнө” хэмээн үзэх нөхөд Аюурсайхан гишүүнээс авхуулаад бий юм.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах бус засч залруулах шаардлагатай хэмээн УИХ-ын гишүүд, салбарын сайд нар ам уралдуулан мэдэмхийрч байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага бий. Түүнээс төслийг зогсоох асуудал байж болохгүй. Хоёр тал ширээний ард суух хэрэгтэй. Монгол Улс аливаа уул уурхайн төсөлд хувь эзэмшиж оролцох нь таатай бус гэдгийг “Эрдэнэт” үйлдвэр, “Тавантолгойн” үйл явдлаас харлаа” гэсэн бол УИХ-ын гишүүн Ч.Улаан “Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой. Асуудал харьцангуй бодитойгоор яригдаж эхэллээ. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “Оюутолгой бол бизнесийн төсөл юм. Аж ахуйн учраас төр үүн рүү оролцох ёсгүй” гээд зарлачихсан. Тэгээд “Оюутолгой”-г шүүмжилсэн улс төрчдийг элдвээр хэлж, ад шоо үздэг байлаа. Гэхдээ яг бодит байдал дээр Монгол Улсын хувьд “Оюутолгой” аж ахуйн төсөл биш. Эдийн засаг, нийгэм, улс төрийн хүрээний том асуудал юм. Бүхэл бүтэн стратегийн том орд. Цаашилбал ганц Монгол Улсын асуудал ч биш. Олон Улсын хамтын ажиллагааны том асуудал юм. Тийм учраас төсөлд Монголын төр бодлоготой хандаж оролцох ёстой. Хөрөнгө оруулагчид Монголын маш том стратегийн орд, түүний дээрх бүтээн байгуулалтыг барьцаалаад, гадны 14 банкнаас их хэмжээний зээл авчихсан. Бидний баялгийг барьцаалсан мөртлөө эргүүлээд бидэнд маш өндөр хүүтэйгээр зээлсэн. Нэмэгдсэн хүүтэйгээр шүү. Тиймээс гэрээг өөрчлөх ёстой. Одоо бид үнэнд гүйцэгдлээ” гэсэн юм. Ерөнхийдөө гэрээг цуцалбал ухсан нүхнээс өөр зүйлгүй үлдэнэ гэх болгоомжлолыг мэргэжлийнхэн сануулж байгаа.
Түүнчлэн Ч.Сайханбилэгийг баривчилсан нь С.Баярыг аврах ажиллагаатай холбоотой гэх таамаг учир мэдэх нөхдийн дунд хөвж байна.
АН-ын хүмүүс баривчлагдсан шалтгаан
С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар АН-ын дардастай нөхөд. Одоогоор Ч.Сайханбилэгийн батлах халаасанд нь бий. Түүнийг буруутай эсэхийг хуулийн байгууллага тогтоосны дараа намаас хөөх талаар хэлэлцэнэ гэнэ билээ. Удаах нь Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан. Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг босон суун байж, хонгилын талаар дахин ярих болсон нь энэ хүнтэй холбоотой байж мэднэ. Учир нь “Алтангадас” фракцид харьяалагдах Б.Ариунсан Н.Алтанхуяг албан тушаал ахихын хэрээр тэр ч өгсөж байсан нэгэн. Ямартаа Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болоход нь Тагнуулын ерөнхий газрын даргаар томилогдон хэл ам болж байх билээ.
Б.Ариунсан Оюутолгойн гэрээг анх зурагдаж байхад Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан. Харин салбарын сайдаар Д.Зоригт ажиллаж байв. Хожим Дубайн гэрээ байгуулах үед тэрбээр Татварын ерөнхий газрын дарга болсон байв. Н.Алтанхуягийг огцорсны дараа Ерөнхий сайд болсон Ч.Сайханбилэг багаа бүрдүүлэх үедээ 2014 оны арваннэгдүгээр сарын 27-нд Б.Ариунсанг Тагнуулын ерөнхий газрын даргаас чөлөөлж Татварын ерөнхий газрын дарга болгосон юм.
Гэхдээ түүнийг очихоос өмнө Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар 2013 оны гуравдугаар сарын 25-нд Оюутолгой төслийн санхүүд баримтын шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдсан байв. Энэ ажлын хэсэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Уул уурхайн яам, Сангийн яам, Эрдэнэс Оюу толгой компаниас гээд 24 мэргэжлийн хүн ажиллаж, 2014 оны тавдугаар сарын 5-нд дүгнэлтээ гарган, Засгийн газарт танилцуулсан байдаг. Гэтэл шалгалтаар 3.2 тэрбум ам.долларын санхүүгийн зөрчил илэрч бужигнуулсан. “Оюутолгой” компани 2010-2012 онд гэхэд нэг тэрбум, 126 сая ам.долларын үнэ бүхий үйлчилгээг гадаадаас авсан байдаг. Энэ мэт Монголын талтай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр байхад манай улсын хуулийг илтэд зөрчин зардлаа дураараа өсгөсөн нь илэрч байв.
Тухайн үедээ татварыг төлнө, төлөхгүй гээд маргаан гаргахад зөвлөлөөр хэлэлцээд 30 сая ам.долларыг эхний ээлжинд яаралтай төл, үлдсэн 100 сая ам.долларыг нь баримтаа гаргаж ирж баталж чадахгүй бол төлнө шүү гэж хугацаа өгч хойшлуулсан байдаг. Гэтэл Дубайн төлөвлөгөө нэртэй гэрээ байгуулаад, зөвхөн 30 сая ам.долларыг төлчих, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгоё гээд 100 сая ам.долларын татвар нэхэх, авах боломжгүй болгосон нь өдгөө Б.Ариунсанг АТГ-д дуудагдах шалтгаан болсон аж. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Б.Ариунсаныг саатуулан шалгах болсон шалтгаан тэр татварын акттай холбоотой” хэмээн бататгасан.
Ч.Сайхбилэгтэй ижил Б.Бямбасайхан
Н.Алтанхуягийн Засгийн газрын “Эзэн 100” хөтөлбөрийн эзэн гэх Б.Бямбасайханыг мөн АТГ-аас Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор саатуулан шалгаж байгаа. Тэрбээр Ч.Сайханбилэгтэй хамт Дубайд очин Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зуран үзэглэлцсэн нэгэн. Тухайд үед “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар ажиллаж байсан юм.
Дубайн гэх тодотголтой гэрээ асуудал дагуулж, УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Энэ төлөвлөгөө гэгч гэрээ батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, Оюутолгойгоос авах Монголын талын ногдол ашиг 2048 он хүртэл 0 болно. Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын барьцаанд Монголын ашигт малтмалын орд тавигдах нөхцөл байдал үүсээд байна” гэж мэдэгдэж байв.
Гэхдээ гэрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бус “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан гарын үсэг зурсан нь олон хүний анхаарлыг татаж байв. Тухайн үед Ч.Сайханбилэг Ерөнхий сайд уу, эсвэл Б.Бямбасайхан уу гэх шүүмжлэл улс төрд хүчтэй өрнөсөн ч тэгсгээд замхарсан. Эцэст нь Н.Алтанхуягийн Засгийн газраас үлдсэн Б.Бямбасайханыг тагнуул гэх хардлага ч зарим хүний амнаас хөөсрөн унаж байлаа. Өдгөө түүнийг Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм.
Үргэлжлэлийг