С.Мөнхбат: Аварга хүний цол, нэр хүндэд олны зүтгэл, соёлын үнэт зүйл шингэсэн байдаг юм
2018/04/23
Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор 10 давж түрүүлсэн “Увс нуур” галын бөх, Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбаттай хөөрөлдсөнөө уншигч олноо толилуулж байна.
-Сайхан хаваржиж байна уу, аварга аа?
-Сайхаан, сайхан хаваржиж байна уу. Таны уран бүтээлийн ганзага дүүрэн үү.
-Сайхаан. Богц дүүрэн шүү. Аваргаар ойрын үед сонин хачин арвинтай л биз дээ?
-Арвин даа. Бөхийн “Увс нуур” галынхаа 20 жилийн ойг манайхан Монгол бөхийн баяр болгон тэмдэглэж байна. Түрүүчээсээ шат дараалсан олон ажлыг эхлээд байгаа. Манай галаас энэ сарын 26-нд Монгол бөхийн хөгжил, онцлогийн талаарх эрдэм шинжилгээний бага хурал зохион явуулах гэж байна. Мөн 27-29-нд олимп, дэлхийн медальт алдартнуудынхаа нэрэмжит чөлөөт, жүдо, самбо бөхийн тэмцээнийг зохиох юм. Ойдоо зориулсан ном гаргах, баримтат кино бүтээх, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах зэрэг олон ажлыг зохион байгуулна. Бас сонирхуулж хэлэхэд зохиолч, яруу найрагч, бөхийн хорхойтон, залуусынхаа дунд “Монгол бөх-Монголын бахархал” хэмээх бөхийн тухай шүлгийн уралдаан зарлаад байгаа.
-Ойн олон ажил чих дэлсээд байгаа нь сайхан хэрэг. Та бидний төрж өссөн Хан Хөхүй нутагт маань энэ өвөл зүтгүүхэн болох шиг боллоо. Ойрд сураг чимээ сонсов уу?
-Ихэнх нутгаар малын бэлчээр алагласан байна лээ. Өмнөх жил гандуу, өвсний гарц муу байсан болохоороо тэр хэрээрээ хүнд өвөл болсон. Гэхдээ урин цагтай гарз хохирол багатай золгочихлоо. Танай Өндөрхангайн адуу мал өвлийн отор хийж ирсэн байна лээ. “Хаяа багтвал бууна, хамар багтвал иднэ” гэгчээр хамтдаа өвлийг давцгаасан нь сайхан.
-Энэ ярианаас үүдээд төрж өссөн нутаг, аав ижийн тань талаар яриагаа эхэлье?
-Би Увс аймгийн Баруунтуруун сумын нутаг Хар Цагаан ус гэдэг бултын диваажин болсон нутагт төрж өссөн.
-Олимп, дэлхийн хос медальт, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар бас л Хар Цагаан усанд төрсөн. Та хоёр нэг довны хүүхдүүд шив дээ?
-Х.Цагаанбаатар бид хоёрын төрсөн өлзийт нутаг. Хар Цагаан усны хонхор бол Увс, Завханы сумдын өвс тэжээлийн нөөцийг бэлддэг газар. Хүн, амьтныг үргэлжид ундаалж тэжээсэн буян хишигтэй юм. Айхавтар гантай жил эргэн тойрны нутгийнхан Хар Цагаан уснаас л хадлан тэжээлээ авна. Миний бага нас хадлан тэжээл авах, тариа будаа хураах талбар дээр л өнгөрсөн. Энэ буянтай хонхор дахь ажил хөдөлмөрийн үр шимээр бяр тэнхээ сууж, бөх болоход нөлөөлсөн юм. Хан Хөхүй хайрхан минь болоод салбар уулс нь байгалийн тогтоц, үзэсгэлэн гоо баялгаараа Монголдоо алдартай шүү дээ. Үр сад нь сайн явах ерөөлтэй. Нэг тохиолдол яримаар санагдлаа. Улсын заан Ө.Тулгаа маань нэг орой манайд халамцуухан буулаа.
-Бага байхад тань уу?
-Үгүй ээ. Улсын начин цол авчихсан байхад хотод ирсэн юм. Ө.Тулгаа заан миний төрж, өссөн нутгийг их нарийвчлан асууж байна. Учир байсан байх. Заан маань “Хар Цагаан усны ургамал ногоо чинь их өөр, өвөрмөц шимтэй. Чи зайлшгүй бөх болно” гэж байна.
-Заанд ямар нэгэн зөн совин байж дээ?
-Тийм байх. Заан маань олон жил тээвэр хийсэн. Уртын будаанд явдаг, олон газар явж нүд тайлсан тээврийн сайн жолооч. Том бөх учраас тэр нутгийг шинжин харж байжээ гэж боддог юм. Заан үргэлжлүүлээд “Энэ нутагт төрж өссөн хүн хичээвэл том амжилтад хүрнэ. Чи өгөгдөл сайтай юм. Хичээгээрэй” гэж билээ. Ер нь Баруунтурууны сангийн аж ахуй бол тал бүрээс хөдөлмөрч хүмүүс цуглаж, сүүлд байгуулагдсан сум л даа. Манай сумаас мөн л олимп, дэлхийн хос медальт, хөдөлмөрийн баатар Д.Сумъяа тодорлоо. Улсын арслан Б.Ганбат, улсын начин Б.Эрдэнэбилэг нарын ах нар байна. Бүгд л хөдөлмөрийн их талбараас ургаж төрсөн гавьяатнууд.
-Таны хувьд боломжид хүрэх үүд хэрхэн нээгдсэн юм бэ?
-Сүүлд Хар Цагаан уснаас Зүүнтурууны баг байгуулагдахад манайх нүүж ирсэн. Тэндээ бага сургуультай. Түүнийгээ төгсөөд манай Зүүнтурууныхан Баруунтурууныхаа арван жилд дэвшин суралцдаг. Зүүнхангай, Өндөрхангай, Баруунтурууныхан цугларна. Тэр дотроо манай Хар Цагаан усныхан бие томтой, арай л товирдуу, хэдэн анги дээр юм шиг харагдана шүү. Уул усанд нь онцлог байна л даа.
-Аварга маань айлын хэд дэх нь билээ?
-Таван хүүхэдтэй айлын дундах нь. Дээрээ хоёр эгчтэй, дороо эрэгтэй дүү нартай. Тэд маань сургууль соёл, ажлын мөр хөөцгөөсөн.
-Таны эргэн тойронд бөхийн удамтай төрөл садан цөөнгүй байдаг гэж сонссон. Бөх болоход удам нөлөөлдөг нь нийтлэг байдаг даа?
-Монгол хүн бүр л барилддаг. Манай аав сумандаа хэд түрүүлчихсэн сумын заан цолтон. Аав маань Х.Цагаанбаатарын аавтай хар багаасаа салдаггүй найзалж, нөхөрлөж ирсэн, нэг хонхорт өсч, хүмүүжицгээсэн. Хөлд орохоосоо л хөтлөлцсөн хоёр. Аав залуудаа их тэнхээтэй байсан юм билээ. Ард нь тракторын том аккумулятор баглаж тавьсан “Планета-3” мотоциклийг гар дээрээ өргөөд амралгүйгээр гэрийг хэд тойроод л тавьж байсан. Манайд “Найман халзан” гэдэг нэртэй маш том биетэй үнээ байсан юм. Түүний цээжийг л өдөрт хэд хэдэн удаа өргөөд л босч сууна.
-Хөдөөний нөхцөл дэх бэлтгэл сургуулилтын нэг хэлбэр байжээ?
-Тийм. Аав маань сумаасаа гарч ерөөсөө барилдаагүй. “Алдар” спорт хороонд хоёр ч удаа хуваарилсан гэдэг. Сангийн аж ахуйдаа сайн ажилладаг учраас дарга нар нь хөөцөлдсөөр байгаад сугалаад авч үлдсэн хэрэг. “Алдар”-т яваад өөрийгөө хөгжүүлсэн бол амжилтад хүрэх байсан болов уу гэж боддог. Улсын начин Эрдэнэбилэг ах ярьдаг юм. Манай аймгийн Наранбулаг сумын харьяат, улсын заан Сүхбаатар нутагтаа болсон ойн барилдаанд гурвын даваанд аавыг амлаж л дээ. Аав маань яаж яваад билээ дээ, барилдаж таарсан хэрэг.
-Наранбулагийн Сүхбаатар заан ч ид үедээ “эвгүй” байсан гэдэг шүү?
-Мундаг заан байлгүй яахав. Аавтай бүтэн цаг ноцолдож л дээ. Заан аавыг “Энэ Сүхбаатартай үзүүр түрүүнд л барилдах байж дээ” хэмээн өгүүлсэн гэдэг. Аав волейбол сайн тоглоно. Тэгж байхдаа мөр нь мултраад сайн барилдаагүй юм билээ. Өөрөө тун даруу, тэр бүрийг ярихгүй. Гэхдээ үндэсний бөхдөө тун элэгтэй. Аймгийн наадамд зодоглолгүй сум хавьдаа л идэр насаа өнгөрөөсөн юм.
-Танай ижийн тань талд бөхийн удам байсан уу?
-Ижийн талд бөхийн удам багатай. Туйлын хөдөлмөрч, Цагаанхайрхан сумандаа мал сүргээрээ тэргүүлэгч хүмүүс байсан юм билээ. Аавын нагац ах нь хотод эрт орж ирсэн хүн байв. Цэрэгт байхдаа барилдаад үзүүрлээд цэргийн заан цол хүртсэн Дашцэрэн гэдэг хүн л дээ. Мөн холын төрөл гурван үеийн аймгийн заан цолтон байснаа сүүлд аймгийн арслан болсон Гонгорын Дамдинхүү нар байна.
-Дээрх ярианаас тань ажиглахад яах аргагүй аав тань л таныг бөхийн зам руу хөтөлж, хөглөж өгч дээ?
-Багад минь хязгаар буйд нутагт, хөдөө орон нутагт сатаарах зүйл тун хомс байжээ. Манай эрэгтэй дүү нар хоёр хоёр насны зөрүүтэй тэрсхэн өссөн. Манайх том гэртэй. Орой хоолоо идсэний дараа гэрийнхээ хатавчнаас багана хүртэл дэвж дэлээд л оройжин барилдана. Аав удирдаад л, цолоо дуудуулаад л. Ямар нэг хэмжээгээр бэлтгэл сургууль болж байсан байх.
-Бөх хүн бүрт багын ч юм уу мартагддаггүй барилдаан байдаг. Түүгээрээ урам орж, тэжээгдэж бөх болох хүсэл нь улам оргилсон байдаг гэх үү дээ. Тийм барилдаанаасаа дурсах уу?
-Баруунтуруунд бөхийн дугуйлангийн Эрдэнэтогтох багш ажлаа өгснөөс хичээллэлт тасарсан юм. Есдүгээр ангид байх үед аймгийн Засаг даргын нэрэмжит барилдаан аймгийн төвд болох зар түгэв. Удирдамж нь суманд ирсэн хэрэг. Манай Болд тэргүүтэй үеийн хэдэн барилддаг хүүхэд биеийн тамирын багштайгаа очлоо. Хөдөө холоос очсон болохоор эхний хэдэн тойргоос хоцорч барилдлаа. Сумандаа байхад надад жанжин малгай авч өгсөн юм. Үеийн хэд дотроо би л ганцаараа жанжин малгайтай гялалзаад л (инээв). Байнга түүнийгээ өмсч дэлээд л. Харин аймагт очсон чинь олон хүнээс ичээд нөгөө малгайгаа өмсч чаддаггүй ээ. Манай найз Оюунболд өмсөөд барилдлаа. Үдээс өмнөх нөхөж барилдсан долоон барилдаанд бүгдэд нь би өвдөг шороодов. Оюунболд маань долоо дараалаад давчихлаа. Тэгэхээр нь малгайгаа авч барилдаад уран барилдлаа гэж магтагдав. Тэр үеэс л үе дотроо ч, аймагтаа ч олны хараанд өртөж эхэлсэн юм. Маш гоё дэвдэг байлаа. Тэр үед “Уран гоё гараа, дэвээ”-ний дипломтой шагналыг хүртэж байсан шүү.
-Уран гараа, дэвээгээрээ манай Өндөрхангайн харьяат, улсын начин В.Малиа гуай улсад шагшигдаж байсан юм билээ. Өөрт тань хэн заав?
-Аав л заасан. Хөлд орох үеэс л “Миний хүү сайхан дэлээрэй” гэнэ. Аавыг маань сумын заан болохоор тэр үү, айлд оронгуут өхөөрдөөд “За, нэг сайхан дэвчихвэл чихэр, боов өгнө шүү” гэдэг байв. Тэг тэгсээр бөхийн уран гараа, дэвээнд шимтсэн юм.
-Тэр жанжин малгайнд нэг учир байж шүү?
-Магадгүй юм (инээв). Тэр барилдаанаас л бөхийн анхны амжилт үзүүлж, дипломтой ирсэн дээ. Одоо хүртэл нандигнан хайрлаж явдаг. Тэр дипломыг маань сургуулийн заалны хананд өлгөөд л. Тэгэхээр бөх хүний малгай, өмсгөлөөс эхлээд гараа, дэвээ, шаваа хүртэл нарийн нандин бүхнийг агуулсан байдаг нь харагдана. 2002 онд Дархан хотод болсон улсын аварга шалгаруулах барилдаанд аймагтаа шалгараад Я.Болдтойгоо ирж барилдлаа. Аавын эгчийн хүү л дээ. Анхны том барилдаанд оролцож буй нь тэр. Манай үеийн эдүгээ цагийн Монголын хүчтэнүүд тэнд очиж байлаа.
-Хэн хэн билээ?
-Тэр барилдаанд эдүгээгийн М.Өсөхбаяр заан түрүүлж байлаа. Улсын начин Гантулга хоёрт орж мөнгөн медаль авч байсан. Олимпийн аварга Н.Түвшинбаяр гуравт орж хүрэл медаль хүртсэн дээ.
-Олимпийн аварга маань идэр үедээ сайн барилддаг байжээ?
-Ер нь их сайн байсан юм. Эхний аравт орсон нөхдөөс манай Болд, Орхоны Түмэнбаяр гээд цөөхөн хүн л эдүгээ улсын цол аваагүй байна. Бусад нь улсын цол хүртэцгээжээ. Улсын харцага Бямбажав, заан Соронзонболд нар ч тэнд барилдаж байсан. Хоёр насны ангиллаар явагдсан юм. Тэр үед аав маань ирж таарсан. Зах дээрээс их олон угалзтай монгол гутал авч өгдөг юм байна. Нөгөөхөө цүнхэнд хийгээд үүрчихэв. Дээл байдаггүй ээ. Аавынхаа хурганы арьсан дотортой торгон дээлийг өмсөхөөр болов. Тэр үед хотод ид барилдаж байсан Ганхүү нарын хэдэн бөхийн дэргэд хувцсаа сольж таарав. Бусад хүүхэд тэрлэг өмсчихсөн, ванны том алчуураар биеэ ороогоод л (инээв). Бэлтгэл сургууль хийдэг хотын хүүхдүүдийн биеийн хөгжил огт өөр харагдаж таарна.Гуяар нь үс ургачихсан, түүнийг нь харж сүрдээд л. Ичээд дээлээ өмсч чаддаггүй ээ. Зарим нь “надтай юу” гээд биеэр бага болохоор нүдээр олзлоод л хажууд ирнэ. Туг руу хараад ганц тойрчих юмсан гэх хүсэл оволзоно. Дандаа том биетэй хүүхдүүд барилдаж байлаа. Барилдаан ч эхэллээ. Шуугиулж өгсөн дөө. Хэсгээсээ нэгээр шалгарч явсаар медалийн төлөө барилдах шигшээ аравт багтлаа. Тус бүр хоёр унаатай Я.Болд бид хоёр хоорондоо таардаг юм байна. Манай Б.Ганбат арслан, заан цолтой байсан. Увсаас ирсэн дасгалжуулагч нар “Я.Болд чинь л медаль авах горьдлоготой болов уу. Түүндээ өгчих” гэж ярилцлаа. Өглөө дөө. Ийнхүү том барилдаанд бусдад танигдаж, нөгөө үстэй дотортой дээл чинь багадах шахуу бардам алхаж билээ. Тэр үед би одоотойгоо харьцуулбал их жижигхэн биетэй байсан юм.
-Тэр үеэс л хот руу замнах бодол өвөртөлсөн үү?
-Аравдугаар ангиа төгсөөд конкурс өгөх болов. Манай суманд хилийн цэргийн анги байгуулагдсан үе л дээ. Дарга нар нь намайг хилийн цэргийн албанд том тушаал хашдаг хүн болгохоор “шийдлээ”. Тэгээд л Хилийн цэргийн дээд сургуульд элсэн хотод ирж байлаа. Оюутан ч боллоо. Гэтэл бөх болох хүсэл маань давамгайлаад болдоггүй. Цэргийн бөх болно гэсэн анхны бодол амьдрал дээр өөр болж хувирсан. Каринтинд байхдаа сайн суралцаад Орос руу академид явах асуудал ч яригдсан юм.
-Сурлагын хувьд дунд сургуульдаа товхийсэн байж дээ?
-Ерөнхийдөө сүрхий сайн байгаагүй ээ. Хүүхэд бүртэй эвсэг, нийтэч л байсан. Академид явлаа гээд цэргийн хүн болоод л шувтрах юм байна. Бөх л болохын төлөө зүтгэе гэсэн бодол маань тархинд хуралдаад болдоггүй. Гуйж гувшлаа. Хилийн цэргээс намайг гаргадаггүй ээ. Өндөр төвшинд ярьж байж л гарлаа даа. Намар нь бөхийн замаа хөөе гээд явж байтал ээж хөдөөнөөс ирдэг юм байна. “Ийм жижиг биетэй байж бөх болно гэж зүтгээд өрийгөө элээж юу хийнэ. Олон дүү нараа бодоод мэргэжил боловсрол эзэмших хэрэгтэй” гэлээ. Ах дүү, хамаатан саднууд ч ятгалаа. Тэгээд ШУТИС-ийн намрын элсэлтэд оролцлоо. Хавар нь авч байсан элсэлтийн шалгалтын вариантын бодлогуудыг өглөө. Тэр үед би каринтиний цэргийн малгайн ормоор цайж гялайсан халзан толгойтой нүүр нь сэвхэтсэн, харласан нөхөр шалгалтад орж байсан юм. Угаасаа энэ шалгалтдаа уначихаад Баянаа аваргын “Шонхор” бөхийн сургуульд орно гэсэн бодол тээчихсэн байлаа. Гэтэл урд орой нь “шипи”-гээр харж байсан бодлогууд ирчихлээ. 70 нь математик, 30 нь физикийн бодлого байсан юм. Нэгэнт ирсэн хойно гээд өмнө харж байснаараа хийгээд заримыг нь тааж бодоод л явуулчихсан. Тэгсэн чинь 800 хүүхдээс гуравт бил үү, тавд ч бил үү жагсаадахлаа. Өөрөөсөө ичих шахуу болж ШУТИС-д нэг жил суралцсан даа. Энэ хугацаанд үлгэн салган амьтан хааяа нэг “Шонхор”-т очиж Я.Болд нарын найзууд дээрээ очиж бэлтгэл хийнэ. Үнэхээр гоё санагдаад л. Жилийн дараа сургуулиасаа гарахаа хэлэхэд багш нар маань надад сайн байсан болохоор гаргадаггүй ээ.
-Тэгээд яаж тэндээс “мултрав” аа?
-Нэг л өдөр их сургуулийн дотуур байранд байхдаа шийдсэн. Хавар нь аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан болсон юм. Анх удаа Бөхийн өргөөнд очиж барилдаад одоогийн улсын начин Д.Лхагвадоржтой нэгийн даваанд таарлаа. Хараад сүрдэж байлаа. Яаж барилдсан юм бүү мэд. Нэг мэдэхэд дээр нь гарчихсан байв. Хоёрын даваанд Сэр-Одыг, гуравт аймгийн арслан Булганхүүг давчихлаа. Тэд тухайн үеийнхээ аймгийн арслангуудын магнай нь байв. Ингээд л бөх болж болох нь гэсэн урам орлоо. Тэр зун төрөлх сумандаа түрүүлж сумын заан болсон. Аавтайгаа хүсэл мөрөөдлөө хуваалцлаа. Дэмжиж байна аа. Хотод ирээд улсын начин Эрдэнэбилэгийг сургууль дээрээ дагуулж очин бөөн юм болж байж бичиг баримтаа аваад “Шонхор”-т орсон доо.
-Тухайлсан багштай байв уу?
-Үгүй. Сургалтын хөтөлбөрийн дагуу л хичээллэнэ. Харин хүүхдүүд хичээл дуусангуут гэр байр руугаа явдаг бол би зааланд ганцаараа үлдээд л хичээллэдэг байсан юм. Хавар болж бэлтгэл их хийсэн болохоор ядаргаанд орчихсон байлаа. Би таван буудалд айлын хашаанд жижиг гэр барьчихсан амьдардаг байв. Заалнаас гараад алхахад цүнхээ даахгүй шахуу болтлоо бэлтгэл хийнэ.
-Та 2005 онд өөрийн аавын алдраар овоглосон аймагт барилдаж аймгийн заан цол хүртсэн байх аа?
-Үүндээ бэлгэшээж явдаг. Нэг удаа олонд хүндтэй лам дээр очиж мэргэ тавиуллаа. “Чи зүүн зүгт очиж барилдвал өлзийтэй юм байна “гэлээ. Үүнээс өмнө Хөвсгөл аймгийн алдар цолтнуудын нэрэмжит тойргийн барилдаанд очиж барилдан аймгийн начин цол авчихсан байв. Сүхбаатар гэж ямар аймаг ч байдгийг мэдэхгүй очиж барилдлаа. Одоогийн улсын гарьд Ж.Бат-Эрдэнээс авахуулаад гайгүй залуусыг цувуулан хаяж үзүүр түрүүнд үлдэв. Түрүүлчихлээ дээ гэсэн бодол цээжинд дүрэлзээд л. Эдүгээгийн хүчит арслан Б.Ганбат руу тэсэлгүй утсаар ярилаа. “Би ч бараг түрүүлчихлээ. Баяр хүргээрэй” гээд л. Урдаас Ганбаа ах “Чи юу яриад байна аа. Давсан хойноо л ийм зүйл ярь” гэж зэмлэлээ. Түрүүлсэн бөхөд даага өгдөг гэхээр нь эндээс цуг явсан найзаараа даагаа авч явах унаа машин хайлгав (инээв):
-Өөртөө тун итгэлтэй байж дээ?
-Тун итгэлтэй байсан. Тэр үед Ө.Бат-Орших гарьд Солонгост байж байгаад ирчихсэн, надтай хамт явж байв.
-Хэн түрүүлсэн юм бэ?
-Миний үеийн Ганхуяг гэдэг залуу түрүүлсэн.
-Тэгээд итгэлтэй байсан хүн чинь яагаад өвдөг шороодчихов?
-Гараад барилдтал зайлах шиг болоход л уначихсан шүү дээ. Аливаа юм цаанаасаа өөр байдаг юм байна лээ. Нутгийн бөх нь түрүүлсэн юм. Аймгийн заан цол авсныхаа дараа би нутагтаа очиж намрын туршид хадлан тэжээлийн ажил хийж биеэ чангаруулсан. Аавтайгаа хамт их ажилласан. Ганцаараа 500-600 га газрын зэрлэг зулгааж, хадлан их хийсэн. Эхэндээ Зил-130 машины тэвшнээс дээш хоёр, гурван үед л боодол өвсийг хүргэдэг байв. Сүүлдээ есөн үе давхарлачихсан байхад давуулаад цаана нь гартал шиддэг болсон. Тамир тэнхээ их орж буйгаа мэдэж эхэлсэн юм. Намрын ажил дуусаад хотод ирсэн хойно унтаж байтал миний нэг найз ирлээ. “Б.Гантогтох гарьд ирчихсан “Шонхор” дээр бэлтгэл хийж байна. Том барилдаан болно” гэж дуулгалаа. Би өмнө нь сургуулийн барилдаан дээр олигтой барилдаггүй байсан юм. Одоогийн Даваабаатар заан, Элбэгбаяр, нэг ангийн Даваадалай нарын сайн залуус байсан. Барилдсан чинь миний гараас барих хүн байдаггүй. Мэх хийх гээд барих гэхэд л унаад өгнө.
-Хүч бяр тэнцэрч дээ?
-Тамир тэнхээ орсон гэж жигтэйхэн. Даваабаатартай ана мана л үздэг байсан. Гэтэл тэр үед сэнжиг аваад тахимдах гээд ухасхийхэд л унаж байсан. Нэг гараараа л дараад давж байв. Манай ангийн намайг хаядаг залууг хонгодох гээд мөр рүү нь түлхэхэд л ойчсон. Эргэн тойронд “Чи аймаар болжээ” гээд л. Үүнээс хойш барилдаануудад тогтмол барилдах болсон.
-Их бяртай хүнд мэх хийгээд нэмэргүй гэдэг үнэн үү?
-Ерөнхийдөө тийм л дээ. Хүч гэдэг бүхний үндэс л дээ. Ямар ч мэх барилдааны хувилбар их хүчний өмнө мөхөсддөг тал бий.
-2010 оны наадмаар улсын арслан Б.Ганбат түрүүлсний дараа жил нь та түрүүлсэн. Дараа нь П.Бүрэнтөгс, Н.Батсуурь гээд үргэлжилсэн. Энэ үед “Увс нуур” бөхийн галын бөхчүүд төрийн наадмын дэвжээг үнэхээр эзэгнэж эхэлсэн шүү дээ. Бөх сонирхогчид Б.Ганбат арсланг “Булган сүүлтэй” гээд л. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Тэгж бэлгэшээлгүй яахав. Ер нь үүнээс өмнөхөн манай “Увс нуур” бөхийн галын барилдааны амжилт суларчихсан байсан юм. Улсын наадамд шөвгөрдөг бөх нь Б.Ганбат арслан байсан. Бэлтгэл сургуулилт эрээвэр хураавар маягтай байсан үе. Тухайн үед би эхнэр аваад амьдрал зохиочихсон байлаа. 2008 онд эдүгээгийн манай галын тэргүүн Д.Дорлигжав гуай АН-ын генсек байв. Одоогийн Ө.Бат-Орших гарьд, Н.Батсуурь начин, Баруунтурууны Я.Болд гурвыгаа дагуулаад орж уулзлаа. “Шонхор” биеийн тамирын дээд сургуулиа төгсчихсөн байсан үе. Тухайлсан багшгүй, бэлтгэл хийх заалгүй бэрхшээл их байсан. Энэ тухайгаа танилцуулсан. Энд тэнд зоргоороо бэлтгэл хийдэг оюутан үедээ хоолтой хоолгүй явна гэдэг амжилтад хүрэх ямар ч аргагүй байсан. Энэ бүгдийг маань ойлгон сонслоо. Д.Дорлигжав гуай “Та нар бэлтгэлээ сайн хий. Би дэмжинэ” гээд “Билиг” дээд сургуулийнхаа хонгилд өрөө гаргаж өгсөн. Б.Гантогтох гарьдыг дуудаж дасгалжуулахаар болов. Д.Дорлигжав гуайн санаачилсан “Элсний бэлтгэл” гэдгийг хийлгэж эхэлсэн дээ.
-Дөрвөн өөр төвшний элсний бэлтгэл гэдэг байх аа?
-Тийм ээ. Бөх болох дур хүслийнхээ ассан үед тэр бэлтгэл рүү орсон. Аймгийн заан цол авснаасаа хойш арслан цол авах гэж би гурван жил зүтгэсэн. Ер нь л болж өгдөггүй. Сэлэнгэ аймагт хоёр удаа, Говьсүмбэр аймагт нэг удаа наадмаар очиж барилдсан.
-Ямар бөхчүүдэд өвдөг шороодсон бэ?
-Сэлэнгэд нэгд нь Т.Өсөх-Ирээдүй харцагад, нөгөөд нь Дэлгэрсайхан начинд ойчсон доо. Говьсүмбэр аймагт Д.Азжаргал арсланд өвдөг шороодсон. Тэр жил Азжаргал арслан улсад үзүүрлэсэн байв. Тавын даваанд намайг амлаадахав. Бидний хооронд “аймаар” барилдаан гарч байсан юм.
-Тэр барилдаанаа дурсах уу?
-Би Азжаргал арслангийн сэнжигнээс атгаад ер тавихгүй. Хаях гэхээр л засуул нь гүйж ирж болиулна. Хөлийн цэц нь арслангийн талд шийдвэр гаргана. Арслан миний нүд рүү цохиод хамар хавдчихсан, эрүүн дороос мөн л цохиод ам, хамраас цус гоожоод л.
-Азжаргал арслан тэгтлээ улайрдаг нь юунд байна аа?
-Өөрийн бөх түрүүлгэх бодолд нь би тээг болчих гээд л тэр байхгүй юу. (инээв)
-Улсын начин цолоо хэнээр давж хүртэж байлаа?
-Улсын заан Ц.Батзоригоор.
-Харин харцага цолоо улсын гарьд Баяржавхлангаар авлуу?
-Тийм. Тавын даваанд эдүгээгийн Г.Эрхэмбаяр аварга начин цолтойгоор намайг амлаад надад өвдөг шороодсон. Зургаагийн даваанд Баяржавхлан гарьдыг давсан. Би нэг зүйлд бэлгэшээж явдаг. Оюутан болсныхоо дараа зун нутагтаа очлоо. Зүүнговь сумын харьяат Алтансүх начин надтай цуг явж байсан. Гэтэл замд Хяргас суманд Кёкүшюзан Батбаярын нэрэмжит бөхийн барилдаан болж байна. Тэр барилдаанд улсын заан Ц.Батзориг намайг гурвын даваанд амлаж авдаг юм байна. Намайг татаж хавирдгаараа л хавирлаа. Би дагаж ороод хутгаад тас гэдэргээ харуулчихав. Хяргасынхан шуугиад л. Босоод ирсэн чинь заан маань дэвчихсэн явж байна. Том цолтой хүнтэй би юу ярихав. Суган доогуур нь гарахдаа “Ивээл хишгээ хайрлаарай даа” гэж бэлгэшээн шивнээд тахимаа өгч байсан юм. “Амны бэлгээс ашдын бэлгэ” дүүрч дараа нь тэр мундаг заанаар тав давж начин болсон юм шүү дээ.
-Дараа жил нь цол ахиулж харцага цол хүртсэн. Таны амжилт зогсолтгүй ахиж эхэлсэн шүү?
-Тэгсэн. Начин цолоо баталж, болж өгвөл цол ахиулах юм сан гэж мэрийсэн. Тэр үед “Монголросцветмэт” нэгдлийн өмнөөс барилддаг байв. Тэндээс надад байр өгсөн юм. Байрны минь доод талд фитнессийн сургуультай. Дараа дараагийн цол авахад тэр газар нөлөөлсөн болов уу гэж боддог юм. Харцага цолны болзол хангасныхаа дараа (Б.Ганбат арслан түрүүлдэг жил) долоогийн даваанд Рагчаа арслантай тунасан. Би өөрөөсөө болоод л уначихсан юм. Харин дараа жил нь буюу 2011 оны их ойн жил Рагчаа арслан намайг долоод амлаж авсан. Өмнөх жил нь намайг мөн энэ даваанд хаячихсан болохоор давах сэтгэлзүй өндөр байсан биз. Бас зургаагийн даваанд би хавиргаа гэмтээчихсэн байсан. Үүнийг арслангийн нутгийн нэг бөх харчихаад хэлсэн юм билээ. Би өөр тийшээ харж гүнзгий амьсгаа авч түгжээд л арслан руу дайрч барилдсан. Барьц сонгоод хаясан юм. Тэр үед Б.Гантогтох багшийн бэртэлтэй хүн хэрхэн барилдах тухай зөвлөгөө тун хэрэг болсон.
-Тийнхүү давсаар их ойгоор та 10 даван түрүүлж аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн. Тэр наадамд түрүүлнэ гэж бодож байв уу?
-Өмнөх хавраас нь эхлээд л нэг битүү зөн совин цээжин дотроос оргилоод байсан даа. “Чи түрүүлнэ” гэж шивнээд ч байх шиг.
-Дотор хүн чинь хэлээд байгаа ч юм шиг байсан уу?
-Тийм ч юм уу даа. Цаанаа л нэг өөр мэдрэмж төрөөд байсан. Б.Ганбат арслангийн гэрт хоёр ч удаа очсон юм. “Ганбаа ах аа, та бид хоёр үзүүр түрүүнд үлдээд та ч, би ч аварга болох боломжтой юм байна. Үзүүр түрүүнд үлдвэл та надад өгнө биз дээ” гэж хэлээд л. Ганбаа ах инээснээ “Наад Мөнхөө чинь халуурч солиорчихсон яваа юм биш биз. Даруйхан аваачиж унтуул” гэж байлаа (инээв). Ийнхүү би гурван жил дараалан цолоо ахиулсан. Наадмын өмнөхөн Д.Бумбаяр заан маань “Баянаа аварга дээр очиж зөвлөгөө авъя” гээд дагуулж очсон юм. Тэр зөвлөгөө намайг түрүүлэхэд маш үнэтэй зөвлөгөө болж чадсан.
-Ямар зөвлөгөө өгсөн юм бэ?
-Хоёр гуравхан зүйл хэлсэн. “Чамд хаяхгүй бөх гэж байхгүй ээ. Тэгж харагдаж байна. Давааны цаана даваа байгаа гэдгийг ямагт сана. Битгий амархан баярлаарай. Түрүүлэх бололцоо чамд байна” гэсэн нь том хөшүүрэг болсон шүү. Өмнөх наадмуудад би даваандаа ханаж баярладаг байсан бол 2011 оны наадамд “Түрүүлэх юм шүү” гэсэн итгэлтэй болчихсон байв.
-Дөрөвт үлдээд Ч.Санжаадамба зааныг хаясныг тод санаж байна?
-Хүчит заан Ч.Санжаадамбыг хаяад одоогийн аварга Г.Эрхэмбаяртай үзүүр түрүүнд үлдсэн маань тун сайхан санагдаж байлаа. Д.Дорлигжав гуайн бэлтгэл, сургуулилт хийлгэх болсны үр шим ингэж гарсан юм. “Увс нуур” бөхийн гал зохион байгуулалтад сайн орсон. Увс нутгийн бөхөд элэгтэй хүмүүс үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болсны тод илрэл энэ. Үүний үрээр богино хугацаанд л Увсын бөхчүүд улсын наадмын дөрвөн түрүү, хоёр үзүүрийг авчихаад байна. Өөрөөр хэлбэл, манай галын үндэсний бөхийн хөгжилд оруулсан хувь нэмэр сүүлийн үед тодорхой харагдсаар байгаа шүү. Бие биеэ сайтар дэмждэг манай галын үлгэр дууриаллыг бусад гал зөвөөр тусгаж ч байна.
-Түрүүн цухас дурдлаа. Цол авчихаад сэтгэл ханаснаа дарж чадсаны үр бий гэж. Сэтгэл ханаснаа яаж дарж байв?
-Улсын харцага цол хүртчихээд ийм байдалд орсон үе бий. Нэг удаа Увсын төгсөгчдийн дунд сагсан бөмбөгийн тэмцээн болж би оролцлоо. Сагс тоглочихсон явж байтал нутгийн Пагаарай гэдэг залуу “Улсад түрүүлье гэж бодож явах хүн энд бөмбөг хөөгөөд явж байдаг чинь юу вэ. Боль л доо чи” гэж зэмлэх, ухааруулахын завсар хэлэв. Энэ үг толгойд орж үнэтэй зөвлөгөө санагдсан. Найз минь “Бөх гэдэг том уул байхад чи харцага гэдэг тэхий дунд нь оччихоод зогсох юм уу. Орой дээр нь гаралгүй буух гээд байгаа юм уу. Монгол бөхийн өргөөнд өнөөдөр барилдаантай. Оч” гэлээ. Тэр даруй хувцсаа аваад л очиж барилдан доор даваанд уначихав. Үүнээс хойш бэлтгэлээ базааж “Би яагаад түрүүлж болохгүй гэж” гэсэн сэтгэлзүйг өөртөө төвлөрүүлсэн.
Үргэлжлэл бий.
Битогтохын ЦОГНЭМЭХ
/МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч/
Zochin · 2018/04/24
Sain buh uhaalag barilddag bas hudulmurch....amjilt husii
Zochin · 2018/04/24
Sain buh uhaalag barilddag bas hudulmurch....amjilt husii
45 · 2018/04/23
Түрүүлсэнээс цаашгүй байна даа