Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд, ЗГХЭГ-ийн дарга асан С.Баярцогт, Татварын Ерөнхий Газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" компаний захирал асан Б.Бямбасайхан нарт эрүү үүсгэн, яллагдагчаар татан, баривчлан шалгаж буй билээ. Үүнтэй холбоотойгоор МАН-ын зөрчил дахин сэдэрч, хоёр хуваагджээ. УИХ-ын дарга М.Энхболдын хувьд анхнаасаа л уг баривчилгааг улс төржүүлэх буюу С.Баярыг өмгөөлөх шаардлаггүй гэж үзэж байсан бөгөөд үүнийгээ ч нотолж, "Хариуцлага алдсан хэн ч хуулийн өмнө адил тэгш байх ёстой. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох боломжгүй ээ. Надад тийм ёс зүй ч байхгүй." хэмээсэн юм. Харин Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа: "Оюутолгойн гэрээг Ерөнхий сайдаар С.Баяр ажиллаж байхдаа л УИХ-д өргөн барьсан болохоос тал талаас нь шүүж, хэлэлцэж УИХ-аар баталсан гэрээ. Хэрвээ гэрээг байгуулахад оролцсон сайд нар нь хахууль авчхаагүй юм бол энэ асуудалтай холбогдуулж, УИХ шийдвэр гаргасных нь төлөө төрд зүтгэж байсан тэднийг барьж, хорих нь буруу." хэмээн шуудхан хэлж орхив. Өөрөөр хэлбэл С.Баярыг баривчилсан нь буруу гэж үзэх улс төрчид МАН-д цөөнгүй байгаа аж. Тэд бүр МАН-ын Удирдах Зөвлөл хуралдан, С.Баярыг өмгөөлсөн мэдэгдэл ч гаргах хэрэгтэй гэсэн саналыг гаргаж буй гэнэ. Ийнхүү С.Баярыг баривчилсан нь МАН-ыг дахин хоёр хуваагаад байна.Ерөнхий сайд асан С.Баярыг нэг сар хорих шийдвэр гаргах үеэр түүний өмгөөлөгч А.Ариунаа: "Миний үйлчлүүлэгч С.Баяр өрөө хэлэхдээ нэг сар баривчлагдах, цагдан хоригдох нь надад сонин биш ээ. Гэхдээ Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Монголын хоёр ч Ерөнхий сайдыг баривчлан хорих нь дэлхий нийтэд бидний нэр хүнд унах асуудал үүсэх вий. Оюутолгойн хувьцааны ханш унаснаар эдийн засагт нөлөөлөх юм. Энэ талаас нь харж үзэх хэрэгтэй шүү гэсэн" хэмээсэн юм.

 

Э.Мягмар

www.sonin.mn