УЛААНБААТАР, 2018-04-23 11:11, ESAП. УНДРАА

        СТА, дуучин Б.Баярцэцэгийн орос дууны тоглолтыг хүлээсэн үзэгчид түүний “эрэлд” гарчээ. Учир нь дуучин бүсгүй тавдугаар сар 9 буюу Ялалтын баяраар орос дууны тоглолтоо хийсээр уламжлал болсон /өнгөрсөн удаад орос дуунаас бүрдсэн дөрвөн тоглолтыг зохион байгуулсан байдаг юмнь үүнтэй холбоотой.




        Уран бүтээлийнхээ стиль жанрыг жааз хөгжмөөр тодотгож, орос дуугаар эхэлсэн дуучин Б.Баярцэцэг охид залуусын анхаарлыг татсан "Элсний нүүдэл", "Шүрэн бугуйвч", “Дурласан цас”, “Содон аялгуу” зэрэг олон хиттэй бөгөөд сүүлд “Сэтгэлийн анир” киноны дууг үзэгчдэд хүргэжээ. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт /2018.04.20/ тоглолтоо хийсэн “Чоно”-ынхантай хамтран “Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ?” дууны шинэ хувилбарт “өнгө нэмсэн” нь  энэ жилийн төгсөгчдийн дунд хэдийнэ хит болоод эхэлсэн байна. Ер нь түүний дуулсан дуунууд он цагаас үл хамааран олны аманд аялагдсаар л байгаа нь нэгийг өгүүлэх бизээ. 

 

         Анхны бие даасан тоглолт “Хязгааргүйн цаана” -аа СТӨ-нд хийж байснаас хойш монгол болон орос дуунаас бүрдсэн хэд хэдэн тоглолтын хөдөө орон нутгаар болон гадаадад суугаа монголчууддаа толилуулж амжсан аж. Ер нь түүний эгшиглүүлсэн орос дуунуудыг олон улсад ч сонсох дуртай болжээ. Үүнийг “Swing in Kremlin" Хятадын өндөр борлуулалттай цомог болж "Алтан пянз" шагнал хүртсэн нь гэрчилнэ. Түүнчлэн “Хүнийх”, “Тусгал, “"Swing in Kremling" /Хятадад гаргасан цомог/, “Хязгааргүйн цаана”, “Чамайг мартаагүй “”Миний шүтээн” цомгуудыг тус  тус хэвлүүлсэн юм.


        Энд нэмж сонирхуулахад, хөдөө аж ахуйн оюутан нэг л өдөр хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн мэргэжлээ сольж орхисон нь оносон сонголт байсан гэж өдгөө тэр ярих дуртай. Харин өдгөө түүнийг урлагийн нөхөд нь зорьсон зүйлийнхээ төлөө уйгагүй зүтгэдэг, нэлээд хөдөлмөрч нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм билээ.