Залуусыг юм л бол саллаа, хаялаа, больё гэдгээ болиосой гэсэндээ миний амьдралыг эрс өөрчилсөн нэг явдлыг дахин энд бичье. Урьд нь нэг хүний захидлын сэтгэгдэл болгож бас бичиж байсан учраас дахиж гэж байгаа юм.

Одоогоос нилээд хэдэн жилийн өмнө юм байна. Гэр дотор инээмсэглэл, халуун дулаан уур амьсгал байхгүй болохоор нэг л зүйл болохгүй байгаа юм шиг санагдана. Гэхдээ ажил үйлс амжилттай, үр хүүхдүүд маань эрүүл саруул, гэр дотроо хэрүүл уруулгүй болохоор нь энэнээс илүү ч яахав дээ гэж өөрийгөө тайвшруулаад л явдаг байж.

Уул нь бид 2 ч бие биенийхээ утас, мессежнер энэ тэрийг оролдоод байдаггүй. Компьютер дээр суухад хэн нэгнийх нь мессенжер нээлттэй байвал шууд л гарчихдаг юм. Харин нэг удаа саваагүйтээд эхнэрийнхээ мессенжер архивыг нь үзчихлээ. Тэгээд санаанд оромгүй зүйл харах нь тэр. Эхнэр маань хуучин найз залуутайгаа байнгын холбоотой, бүр бие биедээ одоо хүртэл хайртай гэнэ. Эхнэр маань надтай унтаж байхдаа түүнийг, тэр залуу нь эхнэртэйгээ унтаж байхдаа эхнэрийг минь боддог л гэнэ… Юу юу ч гэнэв дээ… Тэгээд л бүтээсэн зүйлс, ирээдүйд итгэх итгэл, амьдралын зорилго маань бүгд л хэдхэн хоромын дотор нуран унах шиг болчихсон.

Би гэхдээ мэдээгүй царайлж долоо хоног чимээгүй л явлаа. Энэ хооронд элдэв юм бодогдоно оо. Хүний хоёр дахь ч юм шиг, эвсэл зүгээр нэг тэжээгч ч юм шиг, биологийн хэрэгцээг нь хангагч ч юм шиг ёстой нөгөө “дарлуулна” гэдэг нь энэ юм байна даа гээд л. Ингэж дотроо өөр хүн хайрлаж байсан дорвол тохиолдлын нэг удаагийн секс хийгээд надад баригдсан бол хамаагүй дээр байх байж дээ гэж хүртэл бодогдоно шүү дээ. Нөгөөхийг нь олж очоод алаад хаячихмаар ч юм шиг, эхнэрт нь хэлээд мессенжер архивыг нь үзүүлчихмээр санагдана. Гэхдээ тэглээ гээд юу өөрчлөгдөх вэ дээ. Багаар бодоход л нэг гэр бүлд хар толбо үлдэж цаашилбал салж сарниад бас л хэдэн хүүхдүүд нь зовох юм болно. Эсвэл нөгөө “нэг нь шороонд, нөгөө нь шоронд” гэдэг шиг юм болчих ч юм бил үү.

Тэгээд л тойруулах маягаар 2-уулаагийн харилцаа болохгүй байна уу, надаас хүсч байгаа юм байна уу гэх мэт хэсэг л тандлаа. Зүгээрээ гээд л таг чиг. Тэсэхээ байгаад олж мэдсэн зүйлээ хэлээд л яв даа би хүүхдүүдээ авна гэж хэрэлдэх ч биш хэлэлцэх ч биш нэг юм хэллээ. Эхнэр маань сүүлдээ хувцсаа өмсөөд л яг гарах гэж байнаа. Харин би хүүхдүүдээ яаж ганцаараа өсгөх талаар дотроо төлөвлөгөө зохиогоод эхэлчихсэн байлаа (сайн асрагч олох, энэ хоорондоо ажлаа зохицуулаад хэсэг өөрөө харна даа гээд л). Эхнэр маань үүд рүү нэг чиглэснээ гэнэт буцаж эргээд хөл тэврээд уйлаад л гуйгаад байсан. гуйгаад л байсан чи л миний жинхэнэ хайр байж, жаргалдаа ташуураад тэнэг зүйл хийж, миний буруу дахиж нэг ч харилцахгүй, чиний төлөө бүхнээ зориулна, үр хүүхдийнхээ инээд баяслаар гэр бүлээ дулаацуулая л даа гээд л…. гуйгаад л байлаа. Үнэхээр надад хайртайдаа ч юм уу хүүхдүүдээсээ салж чадахгүй байсан болохоороо ч надаас тэгэж сөгдөж гуйсан ч юм уу бүү мэд. Үнэндээ би ч хүүхдүүдээ өчрүүлэхийг хүсэхгүй байсан болохоор уучлахаар шийдсэн. Гэхдээ уучлал гэдэг чинь уучиллаа гээд л болчихдоггүй цаг хугацаа их шаарддаг эд. Хэн хэн нь хичээж байж зүгээр болно.

Түүнээс хойш эхнэртээ зүгээр л итгэхийг хичээсэн. Нэгэнт ийм зүйл болсоны дараа нэг хэсэгтээ итгэл төрөхгүй деррикдмээр санагддаг л юм байна лээ. Гэхдээ гүрийгээд дахиж нэг ч удаа эхнэрийнхээ мессенжерийг нь үзээгүй, Facebook гарснаас хойш fb-г нь ч ухаагүй. Дотроо бугшаад яваад байхаар нэг хэсэгтээ тайшвирч чадахгүй ээ. Ямар найз нөхөд эргэн тойрныхондоо иймэрхүү асуудлыг дэлгээд байлтай ч биш. Өөрийгөө тайвшруулын тулд нэг ийм нууц нэр зохиогоод хүмүүстэй мессенжерддэг байлаа. Танихгүй хүнтэй нээлттэй ярьж дотроо онгойлгочихоод танихгүй чигээрээ дуусчихаар сэтгэл амар.

Эхнэр маань ч гэсэн дахиж гэрээс гадуур харилцаа үүсгээгүй ээ. Нөгөө залуутайгаа багадаа авахуулсан зургаа хүртэл ураад хаячихсан байхаар нь эвлүүлж скочдоод өнгөрсөн түүхийг амьдралтайгаа дахиж битгий холиорой гэсэн утгатай юм хэлээд буцаагаад өгчихсөн. Альбомдоо буцааж хийсэн үү, үгүй юу бүү мэд. Би л лав хувийн альбомийг нь дахиж үзээгүй. Хувийн юм хувийнх л байх хэрэгтэй юм байна лээ. Сүүлд нь надад нөгөө залуутайгаа дахиж харилцахгүй байхаар тохиролцсон гэж хэлж байсан. Тэрнээс хойш бид 2 энэ түүхийг эргэж сөхөхгүй байя гэж бие биендээ хэлсэн. Сөхөө ч үгүй. Хэн хэн нь хичээгээд байхад цаг хугацаа бүгдийг эдгээхээр барахгүй улам сайхан болгоно.

Хэрэв тэр өдөр би үзэн ядалтаар асуудлыг шийдсэн бол хүүхдүүд минь хойд ээжтэй эсвэл аавтайгаа л өсөх байсан байх. Харин би өөр шийд гаргасан юм. Одоо бүх зүйл сайхан. Өдрийн турш оволзсон их ажлаа дуусгаад халуун дулаан уур амьсгалтай, өнөр өтгөн гэр рүүгээ яарах, харьж ирэх бүрт минь инээмсэглэж угтах эхнэр, баярлаж гүйлдэх хүүхдүүд чинь л хамгийн эрхэм аз жаргал шүү дээ.

Залуус минь, өс хонзон санаж, үзэн ядалтаар өөрсдийгөө битгий хэмлээч! Харин оронд нь аз жаргалтай амьдралаа бий болгохыг ХАМТДАА хичээцгээ! Цаг хугацаа мартах хэрэгтэй нь мартуулж санах хэрэгтэйг нь сануулах болно.

За амжилт хүсье.
hugs4happiness