​Авлигатай тэмцэх газар байгуулагдсан цагаасаа албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн татвар төлөгчдийн мөнгийг завшдаг хар мөртнүүдийг шалгаж ирсэн.

Төрийн тэргүүнээр ажиллаж байсан нэгнээс эхлээд аймгийн Засаг дарга, төрийн жирийн албан хаагч хэн ч байсан хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэсэн зарчмаар шалгаж, буруутайг нь шүүхээр тогтоолгон шийдвэрлүүлсээр байгаа. Энэ ч утгаараа Авилгатай тэмцэх газрынханд янз бүрийн дарамт шахалт, заналхийлэл ирдэг аж.

 

Гэвч хийх ёстой ажлаа хийсэн учраас тэр бүгдийг тоохгүй өнгөрөөсөөр иржээ.

Харин энэ удаад тэсэж чадамгүй хар домыг үл таних этгээд АТГ-ынханд хийсэн байна.

Тодруулбал, тус газрын үүднээс гурилан хүн буюу балин олджээ.

Гурилаар хүн хийгээд биед нь түүхий мах зоож орхисон аж.

Шашны зан үйлд ямар хэн нэгэн дайсан этгээд, өрсөлдөгчийнхөө амь биеийг золигт гаргахдаа энэхүү гурилан хүнээр домнодог учир айхгүй ч гэсэн аягүй гэгчээр АТГ-ынханд уг үйлдэл ихэд хүнд тусчээ.

 

Мэдээж янз бүрийн заналхийлэл, дарамт шахалт байдаг ч үүн шиг хар дом хийсэн тохиолдол анхных нь аж. Хэдийгээр хуулийн байгууллага ч гэсэн, тэнд ажилллагсад адилхан л хүн юм хойно, бүгд л ар гэр, аав, ээжтэй хүмүүс учир сэжиг төрсөн нь тодорхой.

Шашны хар домоор хэн нэгнийг харааж, заналхийлж хорлохыг монголчууд бид хэдийнээсээ жигшиж зэвүүцсээр ирсэн. Гэтэл сүүлийн үед элдэв, төрлийн хараал жатга хийгчид борооны дараах мөөг шиг олширч, хэрээс хэтэрсэн үйлдэл хийсээр ирснийг зохицуулах цаг нь ирснийг энэ явдал сануулж байна.

Татвар төлөгч бидний мөнгөөр тансагласан цагаан захтнуудын булхайг дэлгэж, шалгасных нь төлөө ийнхүү заналхийлсэн этгээдийг хайж эхэлсэн байна. Хэрвээ уг этгээдийг олвол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж эх сурвалж мэдээлсэн юм.

Б.Чимэг