ОХУ-ын “Мариинский” театрын гоцлооч Маргарита Иванова Монголд ирлээ
2014/01/17
ОХУ-ын Санкт-Петербуг хотын Римский-Корсаковын нэрэмжит консерваторид сурч байхдаа “Евгений Онегин” дуурийн Ленскийн дүрд гоцлон, хойд хөршид авьяасаа гайхуулж байсан дуучин Ө.Цэрэнчунт “VIP 100” тоглолт маргааш болох талаар бид мэдээлсэн. Сонгодог урлагийг шимтэн сонирхдог 100 үзэгчид зориулсан энэ тоглолт “Ivy” ресторанд болно. Тоглолтод ОХУ болон Италийн алдартай хөгжмийн зохиолчдын ари, романс багтсан бөгөөд ОХУ-ын “Мариинский” театрын гоцлооч Маргарита Иванова, Испанид олон жил ажиллаж, эх орныхоо нэрийг гаргаж явсан шилдэг төгөлдөр хуурч С.Саянцэцэг нар энэхүү тоглолтод оролцох юм.
Тэгвэл уг тоглолтод оролцохоор ОХУ-ын “Мариинский” театрын гоцлооч Маргарита Иванова өнөөдөр өглөө манай улсад ирлээ.
ОХУ-ын “Мариинский” театрын гоцлооч Маргарита Иванова нь ОХУ-ын сонгодог урлагт хүчин зүйтгэж байгаа чадварлаг дуучдын нэг юм. Тэрбээр Новокузнецк хотод төрсөн бөгөөд хотынхоо 2013 оны хүндэт иргэнээр шалгарч байсан юм. Монгол улсад хоёр дахь удаагаа ирж байгаа Маргарита Иванова “VIP 100” тоглолтын бэлтгэл ажилд орсон бөгөөд дуучин Ө.Цэрэнчунттай таван жилийн гэрээтэй ажиллаж байгаа юм байна.
Дуурийн урлагт цахиур хагалах уран бүтээлчид Герман улсад хамтарсан тоглолтоо хамтран хийхээр төлөвлөөд байгаа ажээ.
П.Төгөлдөр