Монголын Сайтын Холбоо нь 2009 онд байгуулагдсан Цахим салбарын ууган байгууллагуудын нэг юм. Тус холбоо нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн цахим сэтгүүлзүйн хөгжлийн төлөө олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж ирсэн.

Сүүлийн өдрүүдэд зарим сэтгүүлчдийн зүгээс Монголын Сайтын  Холбоо нь бусдын нийтлэл мэдээллийг зөвшөөрөлгүй нийтэлж, улмаар  уул уурхайн “Спэйшл Майнз” компанитай хаалтын гэрээ байгуулж, 60 сая төгрөг авсан гэх ор үндэслэлгүй мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацлаа.

Үүнтэй холбогдуулан Монголын Сайтын Холбооноос албан ёсоор мэдэгдэл гаргаж байна.

Юуны өмнө Монголын Сайтын Холбооны зүгээс уул уурхайн “Спэйшл Майнз” хэмээх компани болон өөр бусад аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагатай хаалтын гэрээний агуулгатай гэрээ, контрактыг огт байгуулаагүй болно.

Тус холбооны зүгээс хариуцлагатай цахим сэтгүүл зүйг хөгжүүлэх, мэдээний хулгайтай тэмцэх, оюуны өмчийг дээдэлж ажиллах, хэвлэн нийтлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын мэдээ материал, нийтлэлийг сайтдаа байршуулахгүй байх  зарчмыг гишүүн сайтууддаа болон нийт цахим сэтгүүл зүйн салбарынханд уриалж, энэ чиглэлээр холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон талт ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна.

Цаашид ч Монголын Сайтын Холбооны зүгээс энэхүү зарчмаа баримтлан ажиллана. Цахим орчинд сэтгүүлчийн бүтээлийг зөвшөөрөлгүй нийтэлсэн, хуулбарласан болон оюуны өмчтэй холбоотой зөрчил гарвал цаг тухайд нь бидэнд мэдэгдэхийг хүсье. Монгол улсын цахим сэтгүүлзүйн хөгжлийн төлөө мэдээний хулгай, аливаа төрлийн шантааж, оюуны өмчийн эсрэг гэмт хэрэгтэй хатуу тэмцэцгээе.

 

2018.05.01