Сүүлийн үед хүүхэд, насан хүрэгчдийн дунд Д аминдэмийн дутмагшил гэж их ярих болсон. Д аминдэмийн дутал гэж юу болох, дутлаас хэрхэн сэргийлэх талаар ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны Эрдэм шинжилгээний ажилтан Н.Болормаагаас дараах асуултад хариулт авав.

 

-Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн Хоол тэжээлийн үндэсний 5 судалгааны дүнгээр хүн амын дунд Д аминдэмийн дутал маш их байгаа дүн гарсан гэж сонссон. Ер нь Д аминдэмийн талаар товч мэдээлэл өгнө үү?

 

-Д аминдэм бол тосонд уусдаг 4 төрлийн аминдэмийн нэг. Д аминдэм байгаль дээр маш цөөн нэр төрлийн хүнсэнд агуулагддаг. Тухайлбал, яргай, туна загас, загасны элэгний тос, үхрийн элэг, өндөгний шар уураг гэх мэт. Д аминдэмийн өөр нэг онцлог шинж бол хүний биед нийлэгждэгт оршино. Өөрөөр хэлбэл, хоол хүнснээс авахаас гадна нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр хүний арьсан дор Д аминдэм нийлэгждэг.

Д аминдэм нь хүний биед маш олон үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ түүний үндсэн үүрэг нь кальцийн шимэгдэлтийг эрчимжүүлж, ясны эрдэсжилтийг зохицуулдаг. Хүний бие махбодын эрчимтэй өсөлтийн үе буюу жирэмслэлт, нялх балчир болон өсвөр насны үед кальцийг биед шингээх, ясны хэвийн өсөлт, дархлаа, зүрх судасны тогтолцооны үйл ажиллагааг хангах шаардлагын улмаас Д аминдэмийн хэрэгцээ хамгийн их байдаг. Хүний бие дэх Д аминдэмийн түвшин хангалтгүй байх нь ясны эрдэсжилтэд сөргөөр нөлөөлж, хүүхдийн өсөлт хоцрох, насанд хүрэгчдийн яс зөөлөрч сийрэгжин хугарах эрсдэл нэмэгддэг.  Рахит нь хүүхдийн яс зөөлрөх, ясны хэлбэр өөрчлөгдөх шинж /майга эсвэл саруй хөл/-ээр илэрдэг энэ нь  хүнд хэлбэрийн Д аминдэмийн дутал юм. Д аминдэмийн дутлаас дархлаа сулрах, цусны даралт ихсэх, чихрийн шижин, зарим эрхтний хавдар зэрэг архаг өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг болохыг олон орны эрдэмтэн судлаачид нотолсон. Өнөөгийн байдлаар Д аминдэм нь зүрхний цус хомсрох өвчнөөс сэргийлэхэд шийдвэрлэх үүрэгтэй болохыг судалгаагаар нотолсон байдаг. Хүний бие дэх Д аминдэмийн түвшин хангалттай байх нь зүрхний шигдээсээр өвчлөх, нас барах эрсдлийг бууруулдаг байна.

 

-Монголчуудын дунд Д аминдэмийн дутал яагаад ийм түгээмэл байна вэ. Үүнд бидний хоол хүнсний хэрэглээ нөлөөлөхүү, эсвэл өөр шалтгаан бйна уу? 

 

-Хүн Д аминдэмийг нэгдүгээрт хоол хүнс, хоёрдугаарт нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсан дор нийлэгжүүлэх, гуравдугаарт дангаар эсвэл бусад аминдэм, эрдэстэй холимог бэлдмэл байдлаар хэрэглэх зэрэг эх үүсвэрээс авч болно. Бидний өргөн хэрэглэдэг хоол хүнс нь Д аминдэмийн агууламж багатай байдаг тул Монголчуудын хувьд хоол хүнсээр Д аминдэмийн хэрэгцээгээ хангах боломжгүй гэж ойлгож болно.

Мөн илүүдэл жинтэй тарган байх нь Д аминдэмийн дуталд өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг эрдэмтэд тэмдэглэсэн. Хүний биед агуулагдах илүүдэл өөх нь Д аминдэмийн шимэгдэлт, ашиглалтад сөрөг нөлөө үзүүлдэг. Гэтэл 15-64 насны Монголчуудын талаас илүү буюу 54.4 хувь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай байгааг халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаагаар тогтоосон. Энэ нь монголчуудыг Д аминдэмийн дуталд өртөх эрсдэлт хүчин зүйлсийн нэг болох магадлалтай юм.

Жирэмсэн эмэгтэй, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, нялх бага насны хүүхэд, эрчимтэй өсөлтийн үедээ байгаа өсвөр насны хүүхдүүд Д аминдэмийн дуталд орох эрсдэл өндөр мөн Д аминдэмийг шингээх чадвар сул, наранд ил гарах хугацаа багасах зэрэг шалтгааны улмаас настай хүмүүс дуталд өртөх нь элбэг байдаг. 

Ийнхүү Монголчуудын дунд Д аминдэм дутал түгээмэл байгаа шалтгааныг бүхэлд нь дүгнэж хэлэхэд, манай улс нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст байрладаг тул Монгол хүн жилийн ихэнх хугацаанд наранд биеэ ил гаргах боломжгүй байдгийн зэрэгцээ нарны ташуу тусгалын улмаас биед шингэх хэт ягаан туяаны эрчим нь арьсан дор Д аминдэм нийлэгжих хангалттай түвшинд хүрч чаддаггүй. Мөн өвлийн улиралд агаарын бохирдол ихтэй байдаг нь хэт ягаан туяаны шингээлтийг бууруулдаг. Түүнчлэн монголчууд Д аминдэмээр баялаг хүнс бараг хэрэглэдэггүй,  зах зээлд Д аминдэмээр баяжуулсан хүнс бараг байхгүй байна. Жилийн ихэнх хугацааны 10 сард нь нарны туяаны нөлөөгөөр Д аминдэмийг нийлэгжүүлэх боломжгүй, Д аминдэмээр баялаг болон баяжуулсан хүнсийг хангалтгүй хэрэглэдэг зэрэг шалтгааны улмаас Монгол хүн Д аминдэмийн дуталд өртөх үндсэн шалтгаан болж байна.

Мөн Д аминдэмийн 3 дахь эх үүсвэр буюу Д аминдэмийн бэлдмэл хэрэглэх дадал хангалтгүй. Хоол тэжээлийн 5 дугаар судалгаагаар 5 хүртэлх насны хүүхдийн дунд Д аминдэмийн хэрэглээг үнэлэхэд, нийт хүүхдийн 58 хувь өнгөрсөн 1 жилийн хугацаанд ямар нэг төрлийн Д аминдэмийн бэлдмэл хэрэглэсэн боловч тэдний дөнгөж 36 хувь зохих зааврын дагуу хэрэглэсэн байв. Зохих зааврын дагуу хэрэглэж чадахгүй байгаа нь Д аминдэм дутлаас сэргийлэх боломжгүйг илтгэх үзүүлэлт юм.

 

-Өнөөгийн байдлаар манай улсын хүн амын хэдэн хувь Д аминдэм дуталтай байна вэ. Хоол тэжээлийн судалгааны үр дүнгээс танилцуулна уу?

 

-2017 оны  “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгаагаар Д аминдэмийн дуталд өртөх өндөр эрсдэлтэй хүн амын бүлэг болох 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд уг аминдэмийн дутлыг илрүүлэх шинжилгээнд хамруулсан. Мөн хүн амын бусад бүлгийн төлөөлөл болгон 15-49 насны эрэгтэйчүүдийн цусанд Д аминдэм тодорхойлох шинжилгээ хийсэн. Судалгааны дүнд Д аминдэм дутал нийт хүн амын дунд түгээмэл тархалттай байгааг илтгэж байна. Тодруулбал, 6-59 сартай хүүхдийн 61 хувь Д аминдэм дуталтай,  28.9 хувь нөөц багатай буюу нийт хүүхдийн 90 орчим хувь Д аминдэмийн хангамж хангалтгүй байв. Түүнчлэн 5 хүртэлх насны хүүхдийн 75 хувьд рахитын эмнэлзүйн сонгомол шинжийн аль нэг илэрсэн нь ужиг, хүнд хэлбэрийн Д аминдэм дутал түгээмэл байгааг харуулж байна. Рахит нь Д аминдэм дутлын ужиг, хүнд хэлбэрийн илрэл юм.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн 75 хувь Д аминдэм дуталтай, 20 хувь нөөц багатай буюу нийт эмэгтэйчүүдийн 95 хувь Д аминдэмийн хангамж хангалтгүй байв. Мөн 15-49 насны эрэгтэйчүүдийн дунд Д аминдэмийн дутал түгээмэл, 82 хувь хангалтгүй хангамжтай, 40.4 хувь дуталтай байна. Дутлыг газарзүйн байрлал, өрхийн аж байдлын түвшингээр харьцуулан үнэлэхэд, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн аль ч бүлэгт хамарч буй хүн амын дунд Д аминдэм дутал түгээмэл. Тухайлбал, Монгол Улсын эдийн засгийн бүх бүс нутгийн чинээлэг болон ядуу өрхийн хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд Д аминдэм дутал ижил түвшинд, түгээмэл тохиолдож байв.

Д аминдэмийн бэлдмэлийн хэрэглээ жирэмсэн эмэгтэйчүүдэд туйлын хангалтгүй байгааг судалгаагаар илрүүлсэн. Нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 75 хувь Д аминдэмийн дуталтай байхад тэдний дөнгөж 7 хувь нь аль нэг төрлийн Д аминдэмийн бэлдмэл хэрэглэсэн байв. Ийнхүү Д аминдэм дутал болон Д аминдэмийн бэлдмэлийн хангамжийн байдал нь манай улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсон. Жирэмсэн эмэгтэйчүүдийг жирэмсний хяналтын явцад Эрүүл мэндийн сайдын тушаалд Д аминдэмийн найрлага бүхий олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл (ОНБТБ)-ээр хангах тухай шийдвэрлэсэн байдаг. Гэсэн хэдий ч жирэмсэн эмэгтэйчүүдийн дөнгөж 11.3 хувь уг бэлдмэлийг хэрэглэсэн байсан.                                                                                                                                                    Манай улс 5 хүртэлх насны хүүхдийг Д аминдэмийн бэлдмэлээр хангах хөтөлбөрийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар 1995 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2005, 2013 онд уг тушаалд нэмэлт өөрчлөлт оруулж 3 хүртэлх насны бүх хүүхдийг Д аминдэмийн бэлдмэлээр жилийн туршид хангах шийдвэр гаргасан. Сүүлийн жилүүдэд санхүүжилтийн дутмаг байдлаас шалтгаалан уг тушаалын хэрэгжилт хангалтгүй байна.

 

-Таны ярианаас Д аминдэмийн дутал маш түгээмэл байгаа боловч Д аминдэмийн бэлдмэлийн хэрэглээ хангалтгүй, хоол хүнс, нарнаас Д аминдэм авах боломж хязгаарлагдмал байдгийг ойлголоо. Тэгвэл Д аминдэм дутлаас хэрхэн сэргийлэх вэ?

 

-Байгалийн гаралтай Д аминдэмээр баялаг хүнсний хүртээмж, хэрэглээ хангалтгүй байгаа өнөөгийн нөхцөлд нийт хүн амын Д аминдэмийн хангамжийг сайжруулах үндсэн арга зам бол хүнсийг баяжуулах арга хэмжээ болохыг олон улсын туршлага харуулж байна. Энэ нь өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг Д аминдэмээр баяжуулах нь чухал. Түүнчлэн Д аминдэмийн хэрэгцээ өндөр, дуталд өртөмтгий бүлгийн хүн ам болох хүүхэд, эмэгтэйчүүдийг Д аминдэмийн бэлдмэлээр хангах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг судалгааны зөвлөмжид тусгасан.

Өнөөдөр дэлхийн олон улсад нийт хүн амын Д аминдэмийн зохистой хэрэглээг хангах зорилгоор хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах арга хэмжээг хэрэгжүүлж байна. АНУ болон Канадад сүү, өглөөний хоолыг Д аминдэмээр баяжуулах аргыг урт хугацаанд хэрэгжүүлж байгаа бөгөөд эдгээр улсын хүн амын Д аминдэмийн хэрэглээний дийлэнх хэсгийг дээрх бүтээгдэхүүн эзэлж байна. Манай улсын хувьд сүү боловсруулах үйлдвэрлэлийн түвшин харьцангуй бага, өглөөний хоолны хэрэглээ хангалтгүй байгаа тул сүү, өглөөний хоолыг Д аминдэмээр баяжуулан хэрэглэх боломж хязгаарлагдмал. Харин Монголчуудын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нэг болох буудайн гурил болон ургамлын тосыг Д аминдэмээр баяжуулах боломжтой.

Олон нэр төрлийн хүнс /гурил, ургамлын тос/-ийг баяжуулах, дотооддоо үйлдвэрлэсэн болон импортын хүнсийг заавал баяжуулах асуудлыг хуульчлах нь хүнс баяжуулах арга хэмжээ амжилттай хэрэгжих үндэс болдог. Түүнчлэн хүнсийг албан журмаар баяжуулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд зах зээлд худалдаалж буй бүх төрлийн гурил, ургамлын тосыг баяжуулахын зэрэгцээ талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нь баяжуулсан гурил /ургамлын тос/-ыг өөрийн үйлдвэрлэлдээ ашиглах шаардлагатай байдаг. 

Хүнсийг Д аминдэмээр баяжуулахын зэрэгцээ Д аминдэмийн хэрэгцээ өндөртэй нялх, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг Д аминдэмийн бэлдмэлээр хангах хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, нийт хүн ам, ялангуяа өсвөр насны хүүхэд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, настан болон Д аминдэмийн дуталтай, нөөц багатай хүмүүсийн нийтлэг хэрэгцээг хангахын тулд дээр дурьдсан 2 аргыг хослуулан хэрэгжүүлэх шаардлага тулгамдаж байна.

 

Ж.Болор

Эх сурвалж: Монцамэ агентлаг