Тэрбээр дүүргийн Засаг даргаас УИХ-ын гишүүн, төрийн сайд болтлоо өсч дэвжсэн гэдгээрээ одоогийн хэд дундаа л баялаг намтартай улстөрч. Тиймээс УИХ дахь есөн хүнтэй сөрөг хүчний бүлгийг толгойлж, “өнгөрсөн хугацаанд ийм байсан”, “худлаа ярьж байгаа юм биш”, “би худлаа ярихгүй” гэх үгсийг хэлэх нь олон болсон.

Үнэхээр ч тэр худлаа яриагүй ээ. Гэхдээ түүний амлаж байсан ам.долларын ханш 1000 төгрөг хүртэл бууж, Хэнтий аймгийн Бор-Өндөрт нефть боловсруулах үйлдвэр сүндэрлүүлсэн эсэхийг өнөөдөр олон нийт харж байна. 

7.8 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий концесс
Өнгөрсөн сонгуулийн цикльд төрийн эрх барьсан АН-ын хоёр дахь Засгийн газраа 2014 онд өлгийдсөн. Ингэхдээ хэд хэдэн  төрийн захиргааны төв байгууллагыг самарч, Аж үйлдвэрийн салбарыг инженер мэргэжилтэй гишүүн Д.Эрдэнэбатад өмчлүүлсэн, цаашлаад нэг фракцдаа хуваарилсан бялуу гэх шүүмжлэл дагуулж байв. Ийнхүү Монгол Улс албан ёсоор дөрөв салаа төсөв хуваарилагчтай болох эхлэл тавигдсан юм. Улсын төсөв, Монголбанкны Үнэ тогтворжуулах хөтөлбөр, банкны вексель,  дөрөв дэх нь концессын гэрээ болж мэндэлсэн. Тиймээс ч МАН-ын засгийн эрх авмагцаа зах замбараагаа алдсан концессын гэрээг эмх цэгцэнд оруулахаар ханцуй шамлахад хамгийн их эгдүүцэж байсан эрхмээр одоогийн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тодорч байлаа. Тухайн үед УИХ, Засгийн газрын төвшинд концессын гэрээнүүдийг шалгах ажлын хэсэг гарч ажиллахад чуулган, байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн удаа өөрийгөө өмгөөлөөд амжсан юм. Дараахан нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцуулахад гол үүрэг гүйцэтгэсэн концессын гэрээний түүх Ч.Сайханбилэгийн Засгийн газар, тэр дундаа Аж үйлдвэрийн яам байгуулагдсан цагаас эхтэй гэдэг нь тодорхой болсон юм. 2014-2016 онд Аж үйлдвэрийн яам концессын гэрээ байгуулах эрхийг гардан гүйцэтгэж ирсэн бөгөөд хамгийн олон концессийн гэрээнд Д.Эрдэнэбат сайд зурсан байдаг. Концессын тухай хуулийг 2010 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр баталж, тухайн үеийн Засгийн газар концессын гэрээгээр хийгдэх 200 гаруй төслийг жагсаажээ. Гэвч 2014 он гэхэд концессын гэрээний дагуу хоёрхон төсөл хэрэгжсэн. Түүнээс хойш буюу 2014 онд арванхоёрдугаар сараас Аж үйлдвэрийн яаманд концесс гэрээ байгуулах эрх шилжсэн байдаг. Аж үйлдвэрийн яаманд эрх шилжих ирсэн цагаас хойших 1.6 жилийн хугацаанд 7.8 их наяд төгрөгийн үнийн дүнтэй 17 концессийн гэрээ байгуулж байжээ. Үүн дотор БНХАУ-ын төрийн өмчит “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга” компанид өгсөн зэргээр маргаан дагуулах болсон Багануурын цахилгаан станцын төслөөс гадна хэд хэдэн замын концессын гэрээг дурдаж болно. Тухайлбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн  213 дугаар тогтоолоор Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто зам төслийг хэрэгжүүлэхэд концессын гэрээ байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгасан байдаг. Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай авто замын төсөлд концессын гэрээ байгуулах эрхийг мөн л Д.Эрдэнэбат сайдад олгосон. Д.Эрдэнэбат сайдын үед энэхүү төслийн нийт өртөг анх 39 сая ам.доллар байсныг дараагийн Засгийн газар нь хянаад 35.9 сая ам.доллар болгон бууруулж байжээ. Үүнээс гадна Дархан-Эрдэнэтийн авто замаас Сэлэнгэ аймгийн Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто замын төсөл сонгуулийн өмнө концессоор барьж байгуулсан. Энэ замын анх батлагдсан 75.6 тэрбум төгрөгийн төсвийг 26.4 тэрбум төгрөг болгож, МАН-ын Засгийн газрын үед дахин хянан бууруулжээ. 
 
“Эрдэнэт”-ийн 49 хувийг наймаалцахыг  Д.Эрдэнэбат Засгийн газрын хуралдаанд анх танилцуулсан 
УИХ-ын 2016 оны сонгуультай зэрэгцэн нийгэмд дуулиан дэгдээсэн асуудал бол Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын мэдэлд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж давуу эрхээсээ татгалзсан явдал. Удалгүй “Эрдэнэт”-ийн 49 “Монголын зэс корпорац”-ийн мэдэлд очсон нь олон нийтэд ил болсон бөгөөд сонгуулийн дараа УИХ-ын төвшинд хүртэл өндрөө авсан юм. Тухайн үед УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн нарыг АТГ болон цагдаагийн байгууллагаар шалгуулах шийдвэрт хүрч байсан юм. Учир нь, зургадугаар сарын 13-нд болсон Засгийн газрын хуралдаанд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид зарах асуудлыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оруулсан бол Сангийн сайд Б.Болор энэ асуудалтай холбогдуулан хоёр нууц тушаал гаргасан аж. Харин Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэнгээр дамжин ОХУ-ын талаас 49 хувиа худалдах мэдэгдэл ирсэн талаар албаны эх сурвалжууд мэдээлж байлаа. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Ж.Мөнхбат “”Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг зарах гэрээг тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Засгийн газрын хуралдаанд танилцуулсан, үүнийг дагаж гарсан Сангийн сайд Б.Болор нарын нууц тушаалаар “Эрдэнэт” үйлдвэрийн Монголын төрийн мэдлийн 51 хувийг үндсэнд нь хувийн мэдлийн 49 хувь руу шилжүүлсэн байсан. Тодруулбал, 51 хувьтай тал нь ТУЗ-ийн дарга, үйлдвэрийн захирлаа томилдог байсныг ТУЗ-ийн гишүүнийг 3:3 болгож, даргыг нь 49 хувийг эзэмшигч томилж, ямар нэгэн маргаан гарсан тохиолдолд ТУЗ-ийн дарга асуудлыг шийддэг байхаар өөрчилсөн байсан. Тиймээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон Сангийн сайд асан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан  Д.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэнгийн гаргасан тушаал, захирамж хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар АТГ, Цагдаагийн байгууллагад хандах шийдвэр гарч, бэлтгэл ажлыг хийсэн” гэсэн удаатай. Энэ мэт дуулиан дагуулсан үйл ажиллагаанд гар бие оролцсон талаар хариуцлагатай албан тушаалтнууд мэдээллэдэг ч халдашгүй дархан эрхтэй эрхэм гишүүнийг оролдох хүн гарсангүй дээ.

Үндэсний шуудан сонин