Бид мартахгүй
2018/05/09
“Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймгийн ЗДТГ, Монгол, Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар хамтран уулын үйлдвэрийн дэмжлэгтэйгээр жил бүр тавдугаар сарын 9-ний өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн тухайд баярын жагсаалд оролцогчдын тоо нэмэгдэж, ялалтын баярын үйл ажиллагаанд хойч үеийг оролцуулснаар тэд дайны хор уршиг, энх тайван зэрэгцэн оршихын ач холбогдлыг ойлгуулсан үр дүнтэй болсон юм. “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймгийн төр захиргааны байгууллагын удирдлагууд Оросын консул болон компанийн Ерөнхий захиргааны хоёрдугаар байрны урд байрлах Монгол, Зөвлөлтийн баатруудын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэж, “Найрамдлын өндөрлөг”-ээс А.Амарын талбай хүртэл жагссан.
1941 оны 6-р сарын 22-нд хар дайн энх тайванд заналхийлж, дэлхийн хоёрдугаар дайны хөлд улс үндэстнээрээ, үй олноороо нэрвэгдэн доройтож байсны дотор ЗХУлс хамгийн их хохирол амсаж, 27 сая хүнээ алдаж гашуун зовлонд унасан юм. Энэ үед Монгол түмэн тухайн үеийн ханшаар 435 сая төгрөгийн эд мал, 300 кг алт, 485 мянган толгой агт морь, 32 мянган толгой шилдэг хүлгүүдээ фронтод илгээжээ. 1945 оны тавдугаар сарын 9-нд энх тайван ялж, дайн дууссан. Эх орноо эрэлхэгээр хамгаалан, цэл залуу насандаа үрэгдэж, эрх чөлөө тусгаар тогтнолын үнэ цэнийг халуун биенийхээ өвдөлт, зовлонгоор хэмжиж байсан эх орончдоо, ахмад дайчдаа бид мартахгүй. Тэр хүйтэн жилүүдэд Монгол, Орос цэргүүд дайны талбарт мөр зэрэгцэн тулалдаж ялалт байгуулсан бол энх цагт хамтдаа хөдөлмөрлөж, “Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэт хотыг байгуулсан юм.
Монгол, Орос ах дүүгийн найрамдлын бэлэг тэмдэг болсон уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, уурхай даган сүндэрлэсэн энэ хотын иргэд жил бүр ялалтын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, өнөө ч хамтдаа ажиллаж амьдарч буй ОХУ-ын иргэд, тэдний гэр бүлд халуун мэндчилгээ хүргэдэг уламжлалтай. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрт 150 орчим Орос мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд Эрдэнэт хотноо ОХУ-ын 300 гаруй иргэн амьдарч байна.