Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрх ганхаж эхэллээ. Төрийн тамгыг гардаж авснаасаа хойш өөрийн бус өрөөлийн толгойгоор шийдвэр гаргаж байна гэх хардлага хэсэгтээ өндрөө авсан. Үнэхээр тийм байх магадлал өндөр.

2017 оны аравдугаар сарын 26-нд Төрийн тэргүүн УИХ-ын шийдвэрт хэсэгчлэн хориг тавив. Өөрөөр хэлбэл, тангараг өргөөд гурван сар болж байсан тэрбээр Сангийн сайдад Ч.Хүрэлбаатарыг томилсныг эсэргүүцэн хориг тавьсан юм. Хоригийг Ерөнхийлөгч биш харин Тамгын газрынх нь дарга З.Энхболдын хувийн өс хонзонтой холбоотой гэдгийг Ч.Хүрэлбаатар өөрөө мэдэгдэж байлаа. Үнэхээр ч энэ асуудлын дараахан З.Энхболд Сангийн сайдтай холбоотой Хотгор шанагын асуудлыг олон нийтийн сүлжээнд тавьж, асуудлыг дэвэргэж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.

Үүнээс долоо хоногийн дараа Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавив. Улмаар сарын дараа Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт хориг тавьсан юм. Ерөнхийлөгчийн зүгээс тавьж буй хориг ердөө л цаг зуурын асуудал байв. Парламентад 65 суудалтай бүдүүн бүлгийнхэн хоригийг хүлээж авахгүй нь ч эхнээсээ тодорхой байлаа. Тийм атал Ерөнхийлөгч ийм явааргүй алхам хийж эхэлсэн нь анхаарал татна.

1993 оноос хойш Ерөнхийлөгч нар нийт 51 удаа хориг тавьсан байдаг. Харин Н.Энхбаяр Ерөнхийлөгч есөн удаа, Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хугацаанд таван удаа хориг тавьжээ. Гол нь Монголын түүхэнд Х.Баттулга шиг долоо хоногийн зайтай, тэр бүү хэл нэг сарын дотор хоёр удаа хориг тавьсан тохиолдол үгүй аж.

Мэдээж хориг тавих нь Төрийн тэргүүний бүрэн эрхийн асуудал. Генералуудын цолны хувьд ч ялгаагүй. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Монголын төр алтан мөрдэст генералууддаа хүндэтгэл үзүүлж, тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Гэвч энэ удаад гашуун нулимстай, хар өдөр болсныг генералууд хэлдэг. Учир нь генерал цолны 74 жилийн ойн өдөр болохоос гуравхан хоногийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, гурван генералын цолыг хураасан юм. Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас бэлтгэж, www.president.mn сайтад энэ талаар ганцхан өгүүлбэртэй мэдээ тавьсан нь “…Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Цол хураах тухай зарлиг гаргаж, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн Чимэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн “хошууч генерал” цол, Тожооны Дашдэлэгт хүртээсэн “бригадын генерал” цолыг тус тус хураасан байна” гэжээ. Манай улсад генерал цол хурааж байсан тохиолдол түүхэндээ байхгүй. Өөрөөр хэлбэл, анхны шанг татсан хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга.

Үүнээс хоёр хоногийн дараа Тод манлай, алдарч уяачдын цолыг хураах зарлигийг мөн гаргасан. Ийнхүү хариуцлагын тогтолцоотой болохын тулд алдаа дутагдал гаргасан, авлига хээл хахууль авсан, хууль хяналтын байгууллагад шалгагдаж, шүүхээр шийтгүүлсэн төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцож, цол хэргэм, алдрыг нь хураадаг болсон тухай Тамгын газрын дарга нь инээмсэглэн бахдалтайгаар ярив. Гэвч хуулийн хүрээнд ажилласангүй гэдгийг нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан чуулганы хуралдааны үеэр мэдэгдэж байсан юм. Тодруулбал, тэрбээр “Ерөнхийлөгч уяачдын цолыг хураасан хууль бус зарлиг гаргалаа. Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчсөн зарлиг гаргав. Ерөнхийлөгчийн баг маш муу ажиллаж, хүнээ баллаж байна. Эрх мэдлээ хуулиас даван хэрэгжүүлж байна. Уяачдын цол хураах тухай зарлиг Үндсэн хуулийн Цэцэд очвол унах юм билээ” гэв.

Үндэсний баяр наадмын тухай хуулийн 12.4.1-т “Улсын баяр наадамд үзүүлсэн амжилтыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр улсын цол олгох, хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх”-ээр заажээ. Түүнээс биш Төрийн тэргүүн өөрийн дураар шийдвэрлэх тухай тусгагдаагүй байна.

АТГ-ын даргын асуудал ч мөн ялгаагүй Үндсэн хуулийн Цэцэд очвол бүдрэх магадлал өндөр байгааг хуульчид хэлдэг. Тухайлбал, хуульч Б.Гүнбилэг “Авлигын эсрэг хуулийг 2006 онд баталсан. Энэ хуулийн 21.1 дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар АТГ-ын дарга, дэд даргыг томилно гэж заасан. Харин 21.5 дээр эрхээ хэрэгжүүлж буй дарга, дэд дарга нар бүрэн эрхийн хугацаа дуусахаасаа өмнө чөлөөлөгдсөн бол тэдгээрийн дараагийн томилогдож буй хүн нь үлдсэн хугацаанд нь биш, зургаан жилээр томилогдоно шүү гэдгийг тайлбарлаад өгчихөж байгаа юм. Гэтэл хуульч нар гэхээсээ илүү улс төрийн баримжаатай зарим хүмүүс эдгээр албан тушаалтныг өмнөх даргын бүрэн эрхийн үлдсэн хугацаанд томилогдох ёстой гэж тайлбарлаж байна” хэмээн тайлбарлажээ. Хэрэв Цэц Төрийн тэргүүний дээрх үйлдлүүд Үндсэн хууль зөрчсөн гээд дүгнэчихвэл МАН-ынхан нийлж байгаад Ерөнхийлөгчийг огцруулчихна. Ингэснээр бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болохгүй байх магадлал өндөр харагдаж байгаа юм.

Энэ бүхнийг мэдсээр байж Женког муухай харагдуулж байгаа нь АН. Шулуухан хэлэхэд 2021 он, магадгүй түүнээс ч өмнө буюу 2020 оны сонгуулийн өмнө түүнийг Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь татаж унагах гэсэн санаархал харагдана. АН буруу замаар будаа тээгч удирдагчидтай ч хатуухан хариуцлага тооцдог юмаа гээд шоудахад бас л дажгүй сценари. З.Энхболд тун хянуур, гярхай хүн. Тэр баргийн зүйл дээр алдаа гаргаж, андуурч эндүүрэх хүн биш. Тийн атал тэрбээр Ерөнхийлөгчийн дэргэд ирснээсээ хойш тэрбумыг саяар андуурч, хориг дээр гурван их наядаар зөрсөн тоо оруулж ирсэн нь хачирхалтай. Үүгээр зогсохгүй УИХ-ын чуулган болоод байнгын хороодод Ерөнхийлөгчийг төлөөлж хэлсэн үгс нь төрийн тэргүүнийг муухай харагдуулаад байгаа юм. Түүний гаргаж байгаа тоомжиргүй хэнэггүй төрх ч өмнө нь мэддэг байсан имижтэй огт тохирохгүй нь анхаарал татна.

Үргэлжлэлийг

Нийгмийн шуудан сонин