Ц.Нямдорж: Монголд ийм балмад явдал гаргуулахгүйн төлөө байдаг бүхнээрээ дэнчин тавина
2018/05/10
Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орохдоо С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар ярьсантай холбогдуулж УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа.
-С.Зоригийн хэргийн үнэн, мөнийг тогтооход таныг санаатайгаар нөлөөлж байж болзошгүй гэсэн зүйлийг Ерөнхий прокурорын орлогч нэвтрүүлгээр ярилаа. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Би тэр нэвтрүүлгийг бүтэн үзсэн. Их л харамссан. Би дээр үеийн мундаг прокуроруудтай хамт ажиллаж 10 жил хэрэг уншсан прокурор хүн шүү дээ. Прокурорын хоёр хуулийг санаачлан батлуулсан хүн нь мөн л би. Гэтэл прокурор мэргэжилтэй хүн тийм зүйл ярьсанд үнэхээр гайхсан. Зорилго нь тэр хүмүүсийг баримттайгаар шийтгэсэн гэдгийг нотлох гээд байх шиг байна лээ. Яг мэргэжлийн нүдээр харахад ганц ч баримт байхгүй л зүйл яриад байна лээ. Хүний аминд хүрсэн хэрэгт Содномдаржаагийн гэртээ агсам тавих ямар хамаатай юм бэ. Булганы үзүүлсэн салаавч ямар хамаатай юм бэ. Энэ өнцгөөс нь харахад их л ядуу ярилцлага байна лээ. Хамгийн гол асуудал нь С.Зоригийн амь насыг хохироосон хэргийн талаар ярьж болохгүй, яривал хохь нь шүү гэсэн сануулга л өгөөд байх шиг харагдсан. Нэгт, энэ хэргийг үйлдсэн гэж гурван хүн шүүхээр шийтгүүлсэн. Дээд шүүхэд хүрээд асуудал нь дууссан. Энэ тохиолдолд шүүхийн гаргасан шийдвэрт шүүмжлэлтэй хандах эрх хэнд ч байгаа. Нэгэнт, шүүхийн шийдвэр гарчихсан байхад нөлөөлөх боломжгүй шүү дээ. Хоёрт, би энэ асуудлын талаар давж заалдах шатны шүүх хурлын дараа ярьж эхэлсэн. Шүүхийн шийдвэр гараад, хүмүүс ял авсан учраас ярьж болдог үед гэсэн үг. Шүүхийн шийдвэр гарчихсан хэргийн талаар ярих нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад саад болно гэж байхгүй. Энэ хэргийг уншсан шүүгч, прокурор, мөрдөгчтэй нь уулзсан УИХ нэг ч гишүүн байхгүй. Тагнуул дээр аваачаад нуучихсан юм чинь яаж уншдаг юм.
-УИХ-ын нэр бүхий гишүүдэд энэ хэрэгтэй холбогдуулж хэрэг үүсгэсэн гэсэн. Энэ үнэн үү?
-Хэрэг үүсгэсэн гэж яриад байна лээ. Ямар хэрэг хэн дээр үүсгэснийг би мэдэхгүй. Ярианых нь өнгөнөөс харахад 2017 оны долдугаар сарын 7-нд Чимгээ гэрийнхэнтэйгээ уулзсан. Энэ уулзалтын дараа Т.Чимгээ мэдүүлэг өгөхөө байсан гэж ярьсан учраас ар гэрийнхэнд нь хэрэг үүсгэсэн юм байна гэж ойлгосон. Монгол Улсын Үндсэн хуулиар эцэг эхний хүүхдийнхээ үйлдсэн хэргийн төлөө, үр хүүхэд нь эцэг эхийнхээ хийсэн хэргийн төлөө ял хүлээдэггүй. Одоо байтлаа үр хүүхдийнхээ төлөө явсан ар гэрийнхэнд нь хэрэг үүсгэж хойноос нь мөрддөг болж байгаа юм байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар нэгт, гэм буруугүй нэг ч хүнд ял шийтгэж болохгүй гэж зарчим бий. Хоёрт, мэтгэлцэх зарчим, гуравт, гэм бурууг ийн тухайд яллагдагчийн хувьд эргэлзээ байвал энэ асуудлыг яллагдагчийн хувьд ашигтайгаар шийднэ гэсэн алтан зарчим бий. Би хоёр дахь буюу мэтгэлцэх зарчмын талаар яриад байгаа юм. Прокурорууд нь гарч ирээд ил ярьж болдог юм бол өмгөөлөгчийг нь яриул гэдэг л асуудал тавьж байгаа. Нэг талд нь прокурор сууж яллаад, нөгөө талд нь өмгөөлөгч баримтаа барьж байгаад хамгаалдаг. Энэ дундаас шүүх үнэнийг олж тогтоон шийдвэр гаргадаг. Гэтэл энэ хэрэг дээр өмгөөлөгч огт байхгүй. Мөрдөгч, прокурорууд өөрөө хэлбэл, төр ил далд бүх механизмаараа шийтгүүлсэн хүмүүс, ар гэрийнхэн, өмгөөлөгчийнх нь хойноос хөөцөлдөж байгаа. Тэгэхээр мэтгэлцэх алтан зарчим байхгүй болж байгаа юм. Хуулийн систем нурж байна гэж миний яриад байгаа ердөө л энэ. Түүнээс УИХ-ын гишүүд дээр эрүү үүсгэсэн асуудал байхгүй. Мөрдөн байцаах ажилд саад учруулж байна гэдэг хэрэг үүсгэж, айлган дарамтлах сүрдүүлэг явж байна. Ингэж болохгүй. Прокурор хүнд төрийн хууль цаазын жинхэнэ зөвлөх гэдэг мэргэжлийн зэрэг, цол олгодог. Прокурор хүний толгой хуулийн лаборатори байх ёстой. Асар өндөр зэрэглэлтэй, мэдээллээс гол зүйлээ аваад үлддэг, гэмгүй хүнийг мөшгөж байвал зогсоодог албан тушаал юм шүү дээ. Тийм хүний доор ажиллаж байгаа, орлогч нь хийж байгаа хүн ийм зүйл яриад сууж байна гэдэг үнэхээр харамсалтай.
-Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хаалттай хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Өчигдөр хаалттай хуралдсан учраас би нарийн юм ярихгүй. Ерөнхийдөө өмгөөлөгчдийн үгийг сонсъё гэсэн. Энэ хэргийн нотлох баримтууд нууцаас гарсны дараа өмгөөлөгчид нь надад өргөдөл ч ирүүлсэн, өөрсдөө ч уулзсан. Тэд “Бид их сонин шүүх хуралд суусан. Асар их дарамттай байсан. Шүүх хуралд ороод сууж байхад хойд талд нь хар масктай, буу барьсан тусгайгийнхан зогсож байсан. Ариун цэврийн өрөө рүү дагаж орж байсан. Хэргийг уншаад тэмдэглэл хийхээр тэмдэглэлийг хурааж авч байсан” гэсэн. Одоо хүртэл тэр тэмдэглэлүүд тагнуулд хадгалагдаж байгаа. Ийм л байдалтай шүүх хурал болж, мэтгэлцэх зарчим алдагдсан. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааг прокурор өөрөө толгойлсон нь бүх алдааны суурь болсон. Тэр Г.Эрдэнэбат толгойлсон. Эрдэнэбат прокурор ч хүн биш. Их сургуулийн багш байж байгаад танил тал, үнэнч байх гэдэг шалгуураар Ерөнхий прокурорын орлогч болчихсон хүн. Ярьж байгаа зүйлийг нь мэргэжлийн үүднээс үзвэл инээдтэй зүйл их ярьж байналээ. Жишээлбэл, Булганыг энэ хэргийн хамжигч байсан гэсэн. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж байгаа юм. Гэтэл дөнгөж сая Б.Булганыг яллагдагчаар татаж, байцааж байна гэдэг дүгнэлт гаргасныг харлаа. Энэ хэргийн хамжигч гэж жил хорьчихоод сүүлд нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэрэгсэхгүй болгоод өнөөдөр яагаад дахиад яллагдагчаар татаж байгаа юм. Хамжигч байсан учраас шүүх хуралд оролцуулж болохгүй байсан юм гэж ярьж байна лээ. Гэмт хэрэгт зохион байгуулагч, хамтрагч, хамжигч, гүйцэтгэгч гэж байдаг. Ер нь энэ нэвтрүүлгийг үзээд би их харамссан. Захиалагчийг нь олоогүй хэрнээ тэр аймар ухаантай захиалагч байна лээ. Баригдахгүйн тулд хөдөөний, насанд хүрээгүй хүүхэд олж нарийн төлөвлөсөн байна лээ гэж л прокурор хүн яриад байгаа юм даа. Өнөөдөр биш юмаа гэхэд хэзээ нэгэн цагт энэ хэргийн учир гарна. Дээд шүүх дээр очих боломжгүй болгож, айхтар том хуулийн завхрал санаатайгаар хийсэн. Дээд шүүх дээр хурал болоход Эрүүгийн танхимын тэргүүн шүүгч шүүх хуралдааны бүрэлдэхүүнийг томилдог. Танхимын шүүгчийн эрхийг дээд шүүхийн ерөнхий шүүгч булааж аваад өөрөө шүүх хурлыг даргалсан. Энэ дунд Хяналтын шатны шүүх буруу шийдвэр гаргавал Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргах нэг эрх байдаг. Тэр гомдол үнэн байвал Дээд шүүхийн Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичээд Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд оруулах нэг шат байдаг. Дөрөвдөх шат нь энэ. Анхан, хяналт, давах, бүх шүүгчдийн хуралдаан гэсэн дөрвөн шат байдаг. Гэтэл Ерөнхий шүүгч тэргүүн шүүгчийнхээ эрхийг булааж авснаас болж эсэргүүцэл бичих дөрөв дэх шатны эрх байхгүй болсон. Үүнийгээ ярихгүй байгаа юм. Мөн Амгаланбаатарын олон удаагийн хэрэг худлаа хүлээсэн зүйлийг огт ярихгүй байна лээ. Зориудаар хаяж байгаа. Чимгээ, Соднодаржаа, Булганы тухай ярьж, зураг, бичлэг үзүүлээд байдаг. Гэтэл гол бүх зүйлийг ярьсан Амгаланбаатарын тухай нэг ч яриагүй. Бусад нотлох баримтаар бид нотолсон гэсэн. Тэр нотлох баримтаа гаргаад тавиач. Би хувьдаа тийм л зүйлийг хүсээд байна. Үнэхээр баримтыг нь олоод нотолчихсон юм бол дугаараар нь ил гаргах ёстой. Ийм баримтад үндэслэн Чимгээд ял оноосон гээд хэлэх хэрэгтэй. Хяналтын шатны шүүх буруу шийдвэр гаргавал ял эдэлж буй хүн дээд шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргах эрхтэй. Тэр гомдол зөв байвал дээд шүүхийн ерөнхий шүүгчид эсэргүүцэл бичээд дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх шат бий.
-Таныг С.Зориг агсны хэргийн материалтай танилцах эрхгүй хүн мөртлөө хууль зөрчөөд танилцсан гэж ярьсан. Та үүнд ямар тайлбар хийх вэ?
-Би хэргийн материалтай танилцаагүй. Нэгдүгээрт, надад энэ хэргийн асуудлаар маш олон өргөдөл ирдэг. Хоёрдугаарт, мэргэжлийн мэдээлэл өгдөг хамтран ажиллаж байсан хүмүүс олон бий. Манай салбар дотроосоо үүнийг эсэргүүцдэг хүмүүс “Уг хэргийг ингэж завхруулж байна, сайдаа” гэж надад хэлдэг. Өмгөөлөгчид арга ядаад ирдэг. Жишээ нь, Чимгээг айлган сүрдүүлэхийн тулд хашаанд нь хүний хүүр аваачиж хаясан гэж цагдаагийхан надад хэлж байгаа юм. Үнэн л байсан.
Мөн “Наад Амгаланбаатар гэдэг хүн олон хэргийг худлаа хүлээсэн. Юу ч ярьж мэдэх хүн. Энэ хүний үгээр уг хэрэг яваад байна шүү дээ гэж цагдаагийхан надад хэлдэг юм. Тэгээд үүнийг нь үнэн үү гээд асуухаар яалт ч үгүй үнэн л байдаг. Амгаланбаатар гэдэг хүн чинь “Архангайн Цэнхэрт гурван хүн алсан” гэж мэдүүлсний мөрөөр манай цагдаагийнхан хэлсэн газарт нь очиж хагас сар мөс ухаж байсан. Сүүлд нь худал болж таарсан. Эрдэнэтэд Ганбат гэдэг хүнийг хутгалаад алсан хэргийг хүлээсэн. Цагдаагийнхан мөрөөр нь шалгахад мөн л худлаа байсан. Таксины жолоочийг мөчилсөн хэрэгт найзыгаа гүтгэсэн. Найзыг нь барьж аваад шоронд хийсэн. Гэтэл найз нь биш өөрөө болж таарсан. Ийм хүний үгээр эд нар ажил явуулаад байна гэж манайхан надад хэлдэг. Түүнээс энэ хэрэг дээр өөрийгөө зовоож байх шаардлага надад алга.
-Гүйцэтгэгчээс өмнө захиалагчийг олж ялладаг жишиг дэлхийд байхгүй гэж Та хэлж байсан. Энэ хэргийн захиалагчийг олох ажилд улс төрийн үйл ажиллагаа орох вий гэсэн болгоомжлол хүмүүст байдаг?
-Захиалагчийг олж байж гүйцэтгэгчийг нь шийтгэдэг ёстой юм. Учир нь захиалагч мөнгө өгдөг. Түүнээс үнэгүй хүн алахгүй. Тэгээд захиалагч, гүйцэтгэгч хоёрыг нүүрэлдүүлэх ёстой юм. Өөр баримтгүй бол. Яалт ч үгүй хэргийн газарт баригдчихсан бол гүйцэтгэгчийг барьж болно. Гэтэл энэ хэргийн гүйцэтгэгч нь баригдалгүй 18 жил болчихсон. Энэ тохиолдолд захиалагчийг олох явдал нэн тэргүүний асуудал юм. Жишээ нь, Булганы хэлсэн ам зургаар хүн ялласан. Гэтэл Булганыг хуралд нь оруулахгүй байна. Уг нь хуралд нь оруулаад “Чиний яриад байгаа хүн энэ мөн үү” гэж асуух ёстой юм байгаа биз дээ. Надад улайрч, дайрах зүйлгүй. Саяхан Содномдаржаагийн ээж нь өмгөөлөгчийнхөө хамтаар ирж надтай уулзсан. Би “Таны хүүхдийг би өмөөрч яваад байгаа юм биш. Үүнийг та хатуу ойлгоорой. Хүүхэд чинь үнэхээр хэрэг хийсэн юм бол ярих юм байхгүй. Хуулийнхаа дагуу л явах ёстой. Надад сайн хүн болж харагдах шаардлага огт байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн бол ялаа үүрэх л ёстой. Хуулийн зарчим алдагдсан болохоор би ингэж байгаа шүү гэдгийг эцэслэн хатуу ойлгоорой” гэж хэлээд гаргасан. Энэ хэрэгт өмгөөлөгчийг үгүй болгож мэтгэлцэх зарчмыг үгүй болгож буй нь миний дургүйг хамгийн ихээр хүргэж байгаа юм. Энэ зүгээр нэг хэргийн асуудал биш. Хуулийн тогтолцоо бүхэлдээ нурах аюултай. Олон улсын парламентаас ирсэн бичигт “Уг хэрэг энэ янзаараа дуусвал Монголын цаашдын хувь заяанд туйлын хортой нөлөө үзүүлнэ” гэж бичсэн байсан. Энэ үнэн шүү дээ.
-Олон улсын парламентын ажлын хэсэг энэ хэргээр манай улсад удахгүй ирэх гэж байгаа гэсэн?
-Саяхан тус байгууллагаас нэг дүгнэлтийг ирүүлсэн. Тэр дүгнэлт хэвлэлээр ч гарсан. Олон улсын парламентын холбооны хурлаар тав дахь удаагаа энэ хэргийг хэлэлцсэн байна. Тэр тогтоолд “Ажлын хэсгийн дүгнэлттэйгээ бүрэн, дүүрэн санал нийлж байна. Дахин Монголд ажиллана” гэж бичсэн байна лээ. Бид энэ дэлхий ертөнцийн жишгээр амьдарч байгаа улс. Энэ жишгийн нэг нь шударга шүүхээр хэргээ шийдүүлэх эрх юм. Өмгөөлөгч авах үндсэн хуулийн эрхтэй. Үндсэн хуулийн энэ эрх байхгүй болчихлоо. Амгаланбаатарын өмгөөлөгч нь Тагнуулд ажиллаж байсан. Үүнийг яагаад ярихгүй байна. Огт хэрэг өмгөөлж үзээгүй хүнийг хэрэг хүлээж буй хүний өмгөөлөгчөөр шүүх хуралд оролцуулсан. Амьдралдаа ганц ч удаа хэрэг уншиж үзээгүй хүнд өмгөөлөгчийн эрх өгөөд араас нь шүүх хуралд нь оролцуулсан. Үүнийг Ерөнхий прокурор мөн Г.Эрдэнэбатад хэлсэн. “Та бүхэн юу хийж байна. Ийм зүйл байж болох уу” гэж асуусан. Ийм зүйл яриад байгаа учраас миний хойноос авлаж хөөцөлдөж байна. Хэрэг үүсгэх гээд шаардлага гарвал татчихна гэсэн утгатай юм яриад байгаа нь миний амыг хаах гээд оролдоод байна. Би амаа хаалгахгүй ээ. Гэмт хэрэгтэй тэмцэх нь Засгийн газрын хариуцах ажил гээд Үндсэн хуульд бичсэн байдаг. Засгийн газрыг төлөөлж энэ асуудлыг хариуцдаг хүний нэг нь би. Хууль биелүүлэхийн тулд хүний эрхийг хамгаалдаг юм. Би тэр хэрэгтэй танилцаагүй, уншаагүй. Унших ч үгүй. Үүнийг уншихгүйгээр дүгнэх, цэгнэх бололцоо надад бий. Том мэргэжилтэн хүн бол нэг л эрэг буруу хөдлөхөд түүнийг мэдэрч шийдвэр гаргадаг байх ёстой. Булганыг шүүх хуралд оролцуулаагүй балмад явдал бол энэ хэргийн талаар гаргасан шүүхийн бүх шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл мөн. Хамжигч гээд ахиад бариад авах байх юм байлгүй дээ бодвол.
-Сүүлийн үед болж буй үйл явдлыг харахад тодорхой зорилготойгоор тань руу дайрч байна гэж ойлгож байна гэж Та хэлсэн. Энэ хаанаас шидсэн чулуу гэж Та хардаж байгаа вэ?
-Монголд ийм балмад явдал гаргуулахгүйн төлөө би байдаг бүхнээрээ дэнчин тавина. Энэ улсын амьдрал өнөөдөр дуусахгүй цааш үргэлжилнэ. 1937 оныг бид мартаагүй. Тэр үйл явдал амилах гээд байна. Амилуулахгүйн тулд би бүх зүйлээрээ дэнчин тавьж байна. Намайг замаасаа зайлуулах нь эдний нэг номерын асуудал болсон байна. Хөрөнгө хулгайлдаг , хүмүүсийг тамладаг хүмүүс намайг сүрдүүлж байх шиг байна.
Н.Гантуяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг