Ерөнхийлөгч, түүний тамгын даргын хуулийг гуйвуулсан 5 жишээ
2018/05/10
Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод яг арван сарын хугацаа өнгөрчээ. Сонгуулиар амласан шигээ амьдрал дээр ажиллаж чадаж байна уу гэвэл харин ердөө л арав хоног өнгөрч байгаа мэт урагшгүй байна. УИХ-д өргөн барьсан төсөл болгон нь хуулийн зөрчилтэй, үүнээс нь болоод ажил нь урагшлахгүй унаад байгааг олон нийт мэддэг боллоо.
Эхэндээ энэ МАН-ын 65 л ажил явуулсангүй, алдааг нь засах гэхээр хөдлөхгүй нь гэсэн Ерөнхийлөгчийн болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын тайлбарт хүн бүр л итгэдэг байсан. Харин одоо бол Ерөнхийлөгчийн институцийн популизм нь хэтрээд байна гэдгийг хэн хүнгүй ярьдаг болжээ. Үнэхээр ч бодит байдал дээр тийм байгаа, Ерөнхийлөгч Х.Баттулга, Тамгын газрын дарга З.Энхболд нарын хуулийг гуйвуулсан таван жишээг сануулъя.
Жишээ 1.
Хууль зүйн байнгын хороо өчигдөр л гэхэд АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх тухай Ерөнхийлөгчөөс 2018 оны тавдугаар сарын 3-нд ирүүлсэн албан бичгийг хэлэлцэх гээд хуулийн үндэслэлгүй гээд буцаалаа. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Б.Дэлгэрсайхан нар “АТГ-ын дарга, дэд даргыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хууль зүйн хувьд УИХ авч хэлэлцэх нь үндэслэлгүй” гээд буцаах санал гаргасныг Байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжсэн юм. Арга ч үгүй аж. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилно”, 21.5-д “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гээд цагаан дээр хараар биччихсэн байгаа юм. Хуулийн ийм зохицуулалт үйлчилж байхад Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газраас АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчдийг олон нийтийн санал асуулгаар тодруулсан болж, тэднийгээ хууль бусаар томилуулах гэж оролдох нь популизм гэхээс өөр тайлбаргүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Авлигын эсрэг хуулиар зохицуулагдаж байгаа АТГ-ын дарга, дэд даргын томилгооны асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.12-ын “Зөвлөлийн орон тооны гишүүнээр нөхөн томилогдсон хүн нь орон гарсан өмнөх хүнийхээ бүрэн эрхийн үлдсэн хугацаанд уг албыг хашна” гэсэн заалтаар өөрчлөхөөр зүтгэх нь нэг бол хоосон улстөржиж байгаа, үгүй бол маш том улс төрийн зорилготой л гэж харагдаж байна. Иймээс ч УИХ-ын мэргэжлийн байнгын хороо Ерөнхийлөгчийн хууль зүйн үндэслэлгүй оруулж ирсэн саналыг нь хэлэлцэх шаардлагагүй гээд буцаалаа.
Жишээ 2.
Хүүхдийн мөнгө тойрсон улс төрийн автор нь бас л Ерөнхийлөгч Х.Баттулга. Монгол Улсын бүх хүүхдэд сар бүр мөнгө олгох ёстой гэсэн түүнийг саналыг нийт хүүхдийн 80 хувьд нь хүүхдийн мөнгө олгох Засгийн газрын төсөлтэй нэгтгэж хэлэлцэхээр УИХ шийдвэрлээд байна. Энд яагаад Ерөнхийлөгч хуулийн зөрчилтэй асуудал оруулсан гэж, бүх хүүхдэд мөнгө өгөхийн буруу нь юу байна вэ гэж асууж мэднэ. Тэгвэл Ерөнхийлөгчийн санаачилсан төслийг баталсан тохиолдолд төсвийн тодотгол хийхээс гадна ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” зогсох эрсдэлтэй. Энэ мэдээж хууль зөрчсөн үйлдэл биш боловч, хуулийн гол зөрчил байж болох зүйл нь “Хүүхдийн мөнгө” бол баялгийн хуваарилалт биш, нийгмийн халамж юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч УИХ-д хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой гэдэг санал оруулсан бол үүнтэйгээ зэрэгцэн “Хүүхдийн мөнгө”-ийг нийгмийн халамжаас хасах саналыг давхар хэлэлцүүлж, батлуулах ёстой. Халамж бол нийгмийн нэг хэсэгт, тодруулбал зорилтот бүлэгт л олгогддог зүйл. Гэтэл нийт хүүхэддээ мөнгө өгье гэж байгаа бол “Хүүхдийн мөнгө”-ийг халамжаас хасахаас өөр аргагүй. Магадгүй 100 хувь мөнгө олгох бус, нийт хүүхдийн 99.99 хувьд нь хүүхдийн мөнгө буюу халамж олгох ёстой гэж Ерөнхийлөгч үзсэн бол өөр байх байжээ.
Жишээ 3.
Ерөнхийлөгч Х.Баттулга, Тамгын газрын дарга З.Энхболд нар ахиад жаахан өмнөхөн юу хийж байсныг нь эргэн саная. 2017 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавьсан байдаг. Энэхүү хоригт “Монгол Улс 2012-2016 оны хооронд төсвийн зарлагаа 5.2 их наяд төгрөгт багтаан баталж, алдагдлаа ДНБ-ий 5.1 хувь ба түүнээс доош хэмжээнд барьж ирсэн. 2018 онд төсвийн орлого 5.2 их наяд төгрөгт хүрч 2012-2016 оны үеийн төсвийн зарлагын дээд хэмжээтэй тэнцсэн нь алдагдалгүй төсөв батлах боломжийг бүрдүүлж байна. Нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий 9.5 хувьд хүрсэн байна. Тиймээс төсвийн алдагдлыг 5.2 их наяд төгрөг хүртэл бууруулан алдагдалгүйгээр төсвөө батлах боломжтой” гэсэн үндэслэл дурдсан байсан билээ. Гэтэл үнэндээ хориг тавих гол үндэслэлд дурдагдсан дээрх тоо нь өөрөө Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуультай огт нийцээгүй байсан нь удахгүй илэрсэн. Өөрөөр хэлбэл, 2018 оны төсөвт алдагдлыг 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий найман хувьтай тэнцэхээр баталсан. Ийм тохиолдолд төсвийн алдагдлыг 5.2 их наяд төгрөг болгон бууруулах ямар ч боломжгүй. Хэдийгээр тухайн үед Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “5.2 гэдгийг 2.5 гэж уншаарай. Алдаад биччихэж” гэж залруулсан боловч амьдрал дээр 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан төсвийг 2.5 их наяд болгон бууруулах ямар ч боломжгүй байсан юм. Нэг ёсондоо хориг тавих гэж л тавьсан болохоос хуулийн болон тооцооны ямар ч үндэслэлгүй зүйл УИХ-д оруулж ирсэн байсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ч энэ хоригоос болж УИХ-аар “ам руугаа алгадуулаад” буцсан. Мөн төсөвтэй холбоотой төрийн албан хаагчдад 55 тэрбум төгрөгийн урамшуулал олгох асуудлаар тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг ч УИХ хүлээж аваагүйг давхар тодотгоё.
Жишээ 4.
УИХ-аас Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсны дараахан Ерөнхийлөгч Х.Баттулга бас нэгэн ойлгомжгүй шийдвэр гаргасан нь дараагийн Ерөнхий сайдыг яаралтай томилох тухай албан шаардлага байв. Тодруулбал, 2017 оны есдүгээр сарын 15-ны өдөр Ерөнхийлөгчөөс ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай саналыг УИХ-д хүргүүлж байсан билээ. Уг албан бичигт “2017 оны есдүгээр сарын 7-ны өдөр Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон учир төрийн ажил цалгардах, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарахаар байгаа тул Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох асуудлаар ээлжит бус чуулган яаралтай зарлан хуралдуулах шаардлагатай” гэсэн байсан юм. Үнэхээр ч төрийн ажлыг гацаалгүй, цалгардуулалгүй явуулах үүднээс Ерөнхийлөгчийн ээлжит бус чуулган яаралтай зарлах саналыг зөв гэж үзэж болох ч үнэндээ бас л хуулийн мэдлэг Тамгын газарт нь дутсан байлаа. Юу гэхээр, Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар УИХ-д олонхийн суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилуулах саналыг тав хоногийн дотор УИХ-д оруулах нь Ерөнхийлөгчийн өөрийнх нь бүрэн эрхэд хамаарах асуудал. Нэг ёсондоо нэр дэвшигчийг Ерөнхийлөгч өөрөө УИХ-д оруулаагүй хэрнээ нэр дэвшигчийг УИХ яаралтай ээлжит бус чуулган зарлаж томил гэж санал хүргүүлэх нь утгагүй л гэсэн үг.
Томилгоотой холбоотой Ерөнхийлөгчийн хууль зүйн тааруу үндэслэлтэй дахиад нэг шийдвэр бол Р.Бурмааг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах тухай өөрийнх нь санал байсан юм. Үндсэн хуулийн 65.2-т “Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно” гэж заасан нь бий. Гэтэл Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн Р.Бурмаа нь Үндсэн хуулийн энэ шаардлагыг хангаагүй учраас УИХ дахь АН-ын бүлэг хүртэл дэмжилгүй завсарлага авч байсан удаатай. Тиймдээ ч Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд Р.Бурмааг нэр дэвшүүлэх тухай өөрийнхөө захирамжийг өөрөө хүчингүй болгосон биз ээ.
Жишээ 5.
Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөсний дараахан түүний Тамгын газрын дарга З.Энхболд нь Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх бичгийг УИХ-д хүргүүлсэн билээ. Их Британи Умард Ирландын вант улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн татах З.Энхболд даргын энэхүү бичиг нь өөрөө мөн л хууль зүйн хувьд үндэслэлгүй гээд няцаагдаж байлаа. Учир нь, Элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах асуудлыг Засгийн газраас Ерөнхийлөгчид санал болгох, Ерөнхийлөгчөөс УИХ-д зөвшилцөхөөр хүргүүлэх, УИХ-аас Ерөнхийлөгчид зөвшилцсөн талаар хариу өгөх дарааллаар шийдвэрлэдэг хуультай. Үндсэн хууль хийгээд Засгийн газрын тухай хууль нь тийм аж. Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2017 оны долдугаар сарын 29-ний өдрийн ТГ/398 тоот албан бичгээр УИХ-ын дарга М.Энхболдод шууд хандсан нь нэг талаас Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг булаалдсан, түүнийг хууль бусаар төлөөлсөн хэрэг болсон байдаг. Нөгөө талаас Элчин сайд нарыг эгүүлэн татах талаар Засгийн газрын ямар нэгэн санал байхгүй нь өөрөө хууль зүйн зөрчилтэй байсан билээ.
Монгол Улсад хуулийг тайлбарлах эрхтэй субъект нь Улсын дээд шүүх. Түүнээс цагаан дээр хараар бичсэн хуулийг гуйвуулах, өөрт ашигтайгаар тайлбарлах боломж өөр хэнд ч байх ёсгүй. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний Тамгын газраас хуулийг гуйвуулах маягаар хэрэглэх гэсэн, үгүй ядахнаа “үл мэдэгч” маягаар асуудалд хандсан, эсвэл ердөө л тоон дээр будилчихсан таван жишээг танилцуулахад ийм байна. Эд бүгдээрээ УИХ дээр хэлэлцэгдчихсэн, үнэн мөн нь шийдэгдчихсэн асуудлууд билээ.
Үндэсний шуудан сонин