ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин камаз жолоодон Крымийн шинэ авто гүүрийг нээлээ
2018/05/16
ОХУ-ын энэ оны томоохон бүтээн байгуулалтын нэг Крымийн хойг, Краснодарын хязгаарыг холбосон 19 км үргэлжлэх авто гүүр өнөөдөр буюу энэ сарын 15-ны өдөр нээлтээ хийлээ.
Хоёр хос гүүрнээс бүрдэх Крымийн гүүр нь авто болон төмөр замын тээврийн томоохон дэд бүтэц бөгөөд Хар далай, Азовын далайг холбосон Керчены хоолой дээгүүр буюу усан дээгүүр баригдсанаараа онцлог юм.
Шинэ гүүрний нээлтэд, төслийг санаачлагч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин биечлэн оролцсон бөгөөд гүүрээр зорчсон анхны жолоочдын нэг болов. Тэрбээр 20 орчим минут камаз жолоодон гүүрний зүүнээс баруун хэсэгт буюу Тамани хотоос Крымийн Керчи хотод хүрэлцэн ирэв.
“Энэхүү түүхэн гүүрийг барьж, ашиглалтад оруулсан нийт барилгачдад баяр хүргэе. Өнөөдрийн үйл явдал биднийг Крымийн ард түмэнтэй улам ойртууллаа. Цаашдаа ард түмнийхээ төлөө олон зам, гүүр, нисэх онгоц, усан онгоцны буудал барих болно” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин онцлов.
ОХУ-ын Ерөнхийлөгч энэхүү төслийг 2014 онд санаачлан, 2016 онд бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Авто гүүрийн барилгын ажил хоёр жил үргэлжилсэн бол, төмөр замын гүүрийн ажил 2019 оны өвөл дуусах ажээ. Крымын гүүр 228 тэрбум рублийн өртгөөр бүтсэн байна.
Энэхүү гүүрээр хоногт 40 мянган авто машин дамжин өнгөрөх даацтай бөгөөд жолооч нар 90 км/ц хүртэл хурдлах боломжтой. Гүүр ашиглалтад орсноор Крымийн хойгийн эдийн засагт сайнаар нөлөөлнө хэмээн шинжээчид үзэж байна.
Л.Нандиа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг