Шатрын аварга шалгаруулах тэмцээн Архангайд нээлтээ хийлээ

Шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 09.00 цагт  Архангай аймгийн Цэцэрлэг хотод нээлтээ хийлээ.


Эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдрөөс эхлэн энэ сарын 27 хүртэл Архангай аймагт үргэлжилнэ.
Энэ нь шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн орон нутагт 10 дахь удаагаа, Архангай аймагт анх удаагаа зохион байгуулагдаж байгаа ажээ.

Энэ жилийн тэмцээнийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын ивээл дор “Эртний хаадын өлгий-Арын сайхан Хангай” нэртэйгээр Монголын шатрын холбоо аймгийн ИТХ, ЗДТГ, БТСГ-тай хамтран зохион байгуулж байна.
Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнд хагас шигшээгээс шалгарсан шилдэг эрэгтэй 12, эмэгтэй 12 шатарчин оролцох юм. Үүнээс эрэгтэй 2, эмэгтэй 2 шатарчин нь Архангайн аймгийн харьяат, гавьяат тамирчид байгаа ажээ.

Тэмцээний үеэр Архангайд шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор аймгийн Биеийн тамир спортын газарт хөлөгт тоглоомын танхимын үйл ажиллагааг эхлүүлнэ гэж байна. Мөн тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд Эрдэнэбулган, Тариат, Цэнхэр, Батцэнгэл сумдын багш нарт шатрын сургалтыг явуулна.