Ц.Элбэгдорж Лихтенштейний Вант улсад ажлын айлчлал хийлээ
2014/01/20
Мол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лихтенштейний Вант улсад 2014 оны нэгдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд ажлын айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Лихтенштейний Эрхэм дээд Ван хоёрдугаар Ханс-Адам, Угсаа залгамжлагч Эрхэм дээд Хунтайж Алойс, Ерөнхий сайд Адриан Хаслер, Гадаад харилцаа, Боловсрол, соёлын сайд Аурелиа Фрик нартай тус тус уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж санал солилцов.
Лихтенштейний Вант улс нь Европын банк, санхүүгийн томоохон төв бөгөөд банкны салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 25 хувийг бүрдүүлдэг байна. Судалгааны хөгжилд зарцуулж байгаа санхүүжилтээрээ Европдоо тэргүүлэгч орон юм. Шууд ардчиллын зарчмаар иргэдээсээ санал авах замаар ихэнх асуудлаа шийддэг зэрэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн ухаалаг төрийн хөтөлбөртэй ижил төстэй зүйлүүд байгаа бөгөөд энэ чиглэлээр хамтран ажиллахаар уулзалтын үеэр ярилцлаа. Үүний зэрэгцээ хууль эрх зүй, санхүү, засаглалын үйл ажиллагааг сайжруулах чиглэлд ч хамтран ажиллахаар боллоо.
Хоёр орны харилцаа хуулийн засаглал, хүний эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан бөгөөд үнэт зүйлд том, жижиг гэдэг ойлголт байдаггүй, энэ утгаараа хоёр улсын харилцаа өргөжин хөгжиж байгааг хоёр тал санал нэгтэй онцлон тэмдэглэв.
Энэ айлчлал Швейцарийн Давост эхэлж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын өмнө болж цаг үеэ олсон, богино хугацаанд ихийг хийсэн айлчлал боллоо.
Монгол Улс, Лихтенштейний Вант улстай 16 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон бөгөөд өмнө нь Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр нар тус улсад айлчлал хийж байжээ. Уулзалтынхаа үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Эрхэм дээд Ван болон Угсаа залгамжлагч Эрхэм дээд хунтайж нарыг Монгол Улсад айлчлахыг урив.
Зочин · 2014/01/25
Amjilt husie.