Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын Бентью хотод байрлах Дотоодын дүрвэгсдийн хуаранд 120 гаруй мянган хүн байгаагаас 80 хувийг нь хүүхэд, эмэгтэйчүүд эзэлдэг байна.

  Энэ сарын 11-ний өглөөний 10.00 цагийн орчимд Дотоодын дүрвэгсдийн хуаранд үүрэг гүйцэтгэж байсан НҮБ-ын Цагдаагийн офицерт таван эмэгтэйг үл мэдэгдэх зэвсэгт этгээдүүд хүч хэрэглэн авч явсан талаар орон нутгийн иргэд мэдээлсэн байна. Улмаар НҮБ-ын Цагдаагийн ажиллагааны төвөөс хурандаа Д.Энхбаатар захирагчтай Мотобуудлагын VII ээлжийн батальоноос дэмжлэг хүссэний дагуу шуурхай бүлэг томилон үүрэг гүйцэтгэж,  “Самнан хайх ажиллагаа” зохион байгуулж, гэмт этгээдүүдийг шуурхай илрүүлэн барьцаалах оролдлогыг таслан зогсоожээ. Шуурхай бүлгийн бие бүрэлдэхүүн зэвсэгт этгээдүүдээс аварсан эмэгтэйчүүдийг хамгаалан Дотоодын дүрвэгсдийн хуаранд иржээ. Энэ үед орон нутгийн иргэд, Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд, НҮБ-ын цэрэг, цагдаагийн алба хаагчид угтан авч талархал илэрхийлжээ. Мөн монголын цэргийн багийн байрлах Юнити мужид суух НҮБ-ын UNMISS ажиллагааны зохицуулагч хатагтай Хироко Хирахара болон Олон улсын хүний эрхийн байгууллагуудаас дээрх үйл явдалтай холбогдуулан Монголын цэргийн алба хаагчдад талархлын захидал ирүүлжээ.

 

Ж.Батсайхан

Эх сурвалж: Монцамэ агентлаг