ШӨХТГ-аас иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хийсэн шалгалтын талаар өнөөдөр мэдээллээ.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хүүхэд хэрэглэгч” аяныг энэ сарын 20-ноос 6 дугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж байна. Аяны хүрээнд баярын өдөр Сүхбаатарын талбайд хэрэглэгчийн булан ажиллана. Мөн хүүхдийн бэлгэнд өнгөрсөн 7 хоногоос эхлэн хяналт шалгалт хийж байна. Үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдэд зориулан хүүхдийг хаанд өргөмжилсөн олон талт үйл ажиллагаа зохион байгуулах уриалга гаргасан“ гэлээ. Тус газрын шалгалтаар ХААН банкийг хууль бус үйлдэл гаргасантай холбоотой Өрсөлдөөний тухай хуулийн дагуу торгосон байна. ХААН банк нь Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэгч, даатгал, үнэт цаас, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардын харилцах дансны доод үлдэгдэл 20 мянган төгрөг байсныг 1 сая төгрөг болгон, данс хөтлөлтийн хураамж болгон сар бүр 5000 төгрөг авах шийдвэр гаргасан байна. Энэ үйлдэл нь Өрсөлдөөний тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн тул 493 сая төгрөгөөр торгожээ. Мөн цаашид зах зээлд энэ мэт давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдийг хуулийн дагуу ажиллахыг анхааруулжээ.

Мөн “Alivemax” бүтээгдэхүүнтэй холбоотой гомдлын дагуу шалгалт хийжээ. Шалгалтаар тус бүтээгдэхүүнийг импортлогч “Сакуралайфмакс”  компани нь хүнсний бүтээгдэхүүний ангилалд хамаарах 4 нэр төрлийн бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэмээн сурталчилж байжээ. Энэ нь хэрэглэгчийн эрхийг зөрчсөн тул   Зөрчлийн тухай хуулиар 5 сая төгрөгөөр торгожээ.  Түүнчлэн нэр бүхий телевизүүд нь анхааруулга хүргүүлсээр байтал дээрх бүтээгдэхүүнтэй холбоотой, хууль бус сурталчилгааг түгээсээр байвал хуулийн дагуу хариуцлага тооцохоо мэдэгдлээ.

 

Ж.Батсайхан

Эх сурвалж: Монцамэ агентлаг