Цахим сүлжээг зөв ашиглая
2018/05/22
Хэрвээ олж харж, анзаарч чадвал хүн бүрт, юм бүхэнд сайн сайхан, давуу чанар бий. Гагцхүү түүнийг өөртөө нээх нь чухал. Дэлхий даяарчлагдаж буй энэ цаг үед монголчууд өнөөх л өөнтөгч зангаараа цахим сүлжээнд ч сэжиглэнгүй хандаж буй. Өөрөөр хэлбэл, олон нийтийн цахим сүлжээ буюу фэйсбүүк, твиттерийг бүр хориглох талаар ч санал дэвшүүлээд эхэлсэн.
Гэтэл эдгээр цахим хэрэгслийг дэлхий нийтээрээ хэрэглэдэг бөгөөд мэдээлэл солилцох хамгийн шуурхай хувилбар болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Цахим сүлжээний тусламжтайгаар элдэв хэрэг зөрчилд хяналт тавиад зогсохгүй хариуцлага тооцуулах бүрэн боломжтой болсон юм. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд явган хүний гарц дээр машинаа байрлуулсан жолооч "school police"-ийн шаардлагыг хүлээж авахгүйгээр барахгүй түүнийг өшиглөж зодсон хэрэг гарсан. Энэ талаар нэгэн иргэн бичлэг хийж, балмад этгээдийн үйлдлийг баримтжуулснаар харьяа дүургийнх нь цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлсэн. Үүний өмнө Voice шоуны нэгэн оролцогч аавтайгаа хамт гэрийнхээ цонхоор хийн буугаар буудсан бичлэгээ фэйсбүүк хуудсандаа байршуулсантай зэрэгцэн мөн л харьяа дуүргийн цагдаагийн хэлтсээс хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ мэдэгдсэн. Хэн нэгнийг гүтгэж харлуулах, элдэв бараа зарж хун хулхидах гэх мэтэд цахим сүлжээг ашиглахаас илүүтэй дээр дурдсанчлан аливаа болж бүтэхгүйг баримтжуулж, хууль хяналтынхны анхааралд оруулах тухайд иргэд идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. Техник, технологийн буюу сошиал орчны давуу талыг зөв ашиглаж чадвал олон зүйлд эерэг үр дүн авчрах боломжтойг дээр дурдсан баримтаас харж болох нь ээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин