Наадам биш хоёр багийн халз тэмцээн болох вий
2018/05/28
Наадам зохион байгуулах комисс өчигдөр хуралдаж энэ жилийн наадмын найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатарыг ажиллуулахаар болжээ. Наадмаа нээж, хаах тоглолтын найруулагчаа сонгочихдог юм байж.
Харин бөхчүүдээ эв зүйтэй барилдуулах асуудлаа хэзээ ярих вэ. Одоо бол улсын наадмын өмнө бөхчүүдийнхээ өнгийг хардаг заалны хэдэн барилдаанаа ч хийж чадахаа байлаа. Наад зах нь өнөөдөр Монгол Улсын аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан болох байв. Гэвч Монголын үндэсний бөхийн нэг холбоо нь Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтарч хийх гэж байгаа тул, Монголын үндэсний бөхийн нөгөө холбоо нь эсэргүүцсэн тул цуцлав. Өчнөөн жил нисэх хүчний өдөртэй давхцуулан хийж ирсэн барилдаанаа ИНЕГ-ын удирдлагууд бөхийн холбооны хэрүүлд үрэгдэхээс эмээгээд больчихсон хэрэг. АТГ-т шалгуулах хүсэлт гаргачихсан байгаа болохоор арга ч үгүй юм.
Ийнхүү нэг нэгнээ хууль бус гэж цоллосон хоёр холбоо бөхийн барилдаануудыг ч зүгээр хийхээ болих нь ээ. Саяхан гэхэд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган голын гурван аварга болох Ж.Цэвээнравдан, Д.Дамдин, Ч.Бээжин нарын нэрэмжит улс, аймгийн цолтой бөхийн барилдаан Спортын төв ордонд болсон. Энэ барилдаанд мөн л нэг тал нь оролцсон тухай бөх сонирхогчид гомдоллон ярьж байна. Хоёр холбоо хэн нь жинхэнээ үзэх завсарт олон түмний хандиваар боссон Бөхийн өргөө ханхайн дүнхийж, бөхөд хорхойтой монгол эрчүүд наадмын өмнө ярих зүйлгүй гүлдийж сууна.
Бөхчүүд нь хуваагдсан ийм битүү дүлий байдал үргэлжилсээр иргэд ч жалга, довоороо талцах шинжтэй болчихлоо. “Их Эе”-ээ хуралдуулж эв зүйгээ олохгүй наадам хүргэвэл юу болохыг төсөөлөх гээд үзье. Өнөөдрийн хандлагаар нь харвал хоёр холбоонд хуваагдсан бөхчүүд багийн барилдаан хийх шинжтэй байна. “Тэр холбооны энэ аймгийн арсланг өнөө жил тав давуулахгүй ээ хө. Чи амална шүү”, “Өөрийнхөө хүнийг дэмжээд энэ даваанд өвдөг шороодчих. Наадмаа тэдний холбоонд алдсанаас л дээр” гэх яриа явахыг үгүйсгэх арга алга. Хэрэв ингэвэл өв уламжлалаа бодсон ч, үндэснийхээ бахархал, наадамчдын сэтгэл санааг харсан ч тун муухай юм. Сар гаруйн дараа Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр болох нь зайлшгүй. Наадмын нээлт, хаалтыг хэрхэн хийхээ ч ярьчихлаа. Харин бөхчүүд эв зүйгээ олж амжих уу гэдэг л байна.
Үндэсний шуудан сонин
varane · 2018/06/11
Дамдингын Баяраа заан байсан бол МБХолбоонд ийм асуудал болохгүй байсандаа.
Zochin · 2018/05/28
Ali aliin boliulaad,bur oor humuuseer udirduulval taarna
ингэж байхаар · 2018/05/28
Төрийн мэдэлд авчихаасай агентлагийн газар хэлтэс байхад хангалттай
Зочин · 2018/05/28
Монгол улс үндэсний бөх мөхөж үгүй болох юм биш биз сүүлийн үед хүмүүс сонирхож харах дургүй болсон байна
Bayaraa · 2018/05/28
BAYANMUNX,A.SUXBAT nar l bolichixvol uchraa ololtsono doo.
zochin · 2018/05/28
Хэрэв ийм байдал ажиглагдвал үзэгчид нь төв цэнгэлдэхээс гараад явчих хэрэгтэй. Наадмаар төв цэнгэлдэх нь үзэгчгүй бол бөх гэж чухам хэн юм бэ? Бөхчүүд бол Монголчуудын бөхөд хайртай сэтгэхүй дээр л амьдарч яваа хүмүүс шд.