Монгол улс ардчиллын индексээр 65-д орлоо
2013/03/20
Монгол Улс Их Британийн алдарт “Economist” сэтгүүлийн “Economist Intelligence Unit” байгууллагын дэлхийн 167 орны дунд явуулсан 2012 оны ардчиллын индексээр 65 дугаар байрт орлоо. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 167 орноос 65-т жагсч байна.
“Economist” сэтгүүлийн судалгаанд багтсан 167 орны 166 нь тусгаар тогтносон улс бөгөөд 165 нь НҮБ-ын гишүүн. Харин тэдгээр орон тус бүрт 0-10 оноо өгч, 10-9, 8.9-8 оноо авсан нь бүрэн ардчилалтай, 7.9-7, 6.9-6 оноо авсан нь ардчилал нь ан цавтай, 5.9-5, 4.9-4 оноо авсан нь холимог системтэй, 3.9- 3, 2.9-2, 1.9-0 оноо авсан нь захиргаадалтын дэглэмтэй орноор тодорчээ.
Харин Монгол Улс 6.35 оноо авснаар ардчилал нь ан цавтай орноор тодорч байна. Нөгөөтэйгүүр 7.9-6 оноо авсан орнууд ардчилал нь ан цавтай орноор тодорч байгаа ч Монгол Улс үүнд багтаж буй 7.9-7, 6.9-6 гэсэн хоёр ангиллын доод ангилалд багтаж байна.
Хэдий тийм ч Монгол Улс өнгөрөгч 2011 оны үзүүлэлтээс дөрвөн байр урагшиллаа. Тухайн үед дээрхийн адил 167 орноос Монгол Улс 6.23 оноо авч 69 дүгээр байрт орж байсан юм. Харин 2010 онд 6.36 оноо авч 64 дүгээр байр эзэмшиж байв.
“Economist Intelligence Unit” байгууллага дэлхийн орнуудын ардчиллын индексийг тооцохдоо иргэний эрх, сонгуулийн үйл явц, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, улстөрийн оролцоо, олон нийтийн бодол, Засгийн газрын үйл ажиллагаа, авлига, тогтвортой байдал зэргийг харгалзан үзжээ.
Эл байгууллага 2006 онд анх ардчиллын индексийн жагсаалтаа гаргасан ба түүнээс хойш 2008, 2010, 2011, 2012 онд гаргасан юм. Тэгвэл хамгийн сүүлийн жагсаалт буюу 2012 оны жагсаалтыг урьдын адил Норвеги тэргүүтэй Скандиновын хойгийн орнууд тэргүүлж, дэлхийн хамгийн хаалттай орон гэгддэг Хойд Солонгос сүүл мушгилаа.
Э.Төгс