Социалист нийгмийн үед тодорхой хэмжээгээр байсныг үгүйсгэхгүй ч 1992 онд Шинэ Үндсэн хуулиа баталсанаас хойш Монголд авилгал, хээл хахууль дэлгэрсэн билээ.  Авилгалаас үүдэлтэйгээр л шүүхийн хараат байдал алдагдаж, нийгэмд баян хоосны хэт ялгаа гаарч, иргэдийн ирээдүйдээ итгэх итгэл буурч байгаа нь үнэн.

 Хэлбэрийн хувьд Монгол Улсын төр, засаг авлигатай тэмцэх ажилд гар хумхин суусангүй. 1996 онд Монгол Улсын Их Хурал Авлигын эсрэг хууль, 2002 онд Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг баталж, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих орон тооны бус Үндэсний зөвлөлийг байгуулж ажиллуулсан.

2005 онд Монгол Улсын Их Хурал Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг конвенцийг соёрхон баталсан нь авлигын эсрэг тэмцлийн хүсэл зоригийн томоохон илэрхийлэл болсон билээ. Авлигатай тэмцэх ажлын явц удаан, үр дүн муутай байгааг нийгмээрээ хүлээн зөвшөөрсөн уур амьсгал нь Авлигын эсрэг хуулийг шинэчлэн батлах нөхцөл, шалтгаан болсон юм.

2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Их Хурал Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, 2006 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдөж эхлэв.

 

Авлигын эсрэг хуулийн дагуу Монгол Улсад анх удаа авлигатай тэмцэх тусгай байгууллага-Авлигатай тэмцэх газар байгуулагдан 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Энэ хугацаанд Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Нийслэлийн засаг дарга асан Ц.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга асан Т.Билэгт, Ашигт Малтмалын Газрын дарга асан н.Батхуяг, УИХ-ын гишүүн асан Д.Дондог гэх мэт төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан нөхдийг авилгалын хэргээр шүүхээр шийтгэж байв. Өдгөө ч Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ийн дарга асан С.Баярцогт нарыг авилгалын хэргээр шалгаж байна. Гэхдээ нийгэмд авилгал авсан албан тушаалтан ямар ч тохиолдолд хожно, ял авсан ч байж болох хамгийн хөнгөнөөр шийтгэгдэнэ, тэгээд авилгын мөнгөө өөртөө зарцуулна гэсэн яриа байдаг. Харамсалтай нь энэ нь үнэн гэдгийг шүүхийн шийдвэр нотоллоо.2018 оны 5 сарын 25-нд Авлигатай тэмцэх газрын сар бүрийн ээлжит хэвлэлийн хурлаа хийсэн билээ. Энэ үеэр "Шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргийн мэдээлэл" гэгчийг танилцуулах үеэр нэгэн мэдээлэл ихээхэн анхаарал татсан билээ.

Энэ нь : "Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нь олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгохын тулд аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс 57.5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт АТГ мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хахууль авсан Д.Батбаярт 6.5 сая төгрөгөөр торгуулийн ял оногдуулсан. Хахууль өгсөн хуулийн этгээдийг 120 сая төгрөгөөр торгож шийтгэсэн байна." гэх хэрэг юм. Өөрөөр хэлбэл Монголд авилгал авсан албан тушаалтан л ямар ч тохиолдолд хождог, бүр өөрөө өөрийгөө барьж өгсөн ч бага зэрэг ял авахыг эс тооцвол ашигтай ажиллана гэдгийг шүүхийн шийдвэр нотолж буй хэрэг билээ.

 

М.Чойжал

sonin.mn